2024 оны 08-р сарын 26-нд Rita Eruul Life нэртэй хаягаас “чипсийг төмсний цардуул, төмсний цардуулын гурил, төмсөөр нь байна уу, үр дагавар нь яг ижил. Цардуулаар нь эсвэл төмсөөр нь хийхэд, халуун чанаргүй тосонд шарахаар бие организмд тэр бодис нь маш аюултай байдаг” гэх агуулгатай бичлэгт Doritos чипсийг микроскопоор харахад өт, шавж харагдаж буй бичлэгийг эвлүүлэн нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 9,500 гаруй реакц, 333 сэтгэгдэл авч, 3,000 гаруй удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийн эх хувилбар нь @microzoomguy гэх ТикТок хаягт 2024 оны 07-р сарын 04-нд нийтлэгджээ. Бид өмнө орео жигнэмгийг микроскопоор харж буй бичлэгийг шалгахдаа уг хаягийн тухай мэдээлсэн. Тухайн хаягт нийтлэгдсэн бүх бичлэг ижил бөгөөд микроскопоор харж буй бүтээгдэхүүн бүрээс яг ижил шавж гарч ирж байгаа нь бичлэгт зориулж зориудаар хүнсэнд хорхой, шавж хийдэг байж болзошгүйг харуулж байна. Мөн шалгасан бичлэгийг ажиглавал хэдий нь задарсан Doritos брэндийн чипс ашигласан нь ямар нэг бохир орсон байж болзошгүй юм.
@Factories youtube сувагт 2024 оны 01-р сарын 18-нд нийтлэгдсэн бичлэгт Польш улс дахь үйлдвэр “Хэрхэн Doritos чипсийг үйлдвэрлэж” буйг харуулжээ. Тус бичлэгт эрдэнэ шишийг сайтар угааж цэвэрлэж, буцалгасны дараа тодорхой хугацаанд дэвтээж эрдэнэ шишийн гурил гарган авч түүнийгээ зохих температурт хайрсаны дараа тосонд шараад эцэст нь олон төрлийн амтыг бий болгох нунтаг амтлагчийг нэмдэг тухай харуулжээ. Доорх бичлэгт бүтээгдэхүүний чанарын хяналтын зохицуулагч түүхий эдээс эхлэн бэлэн болсон бүтээгдэхүүний чанарыг үргэлж шалгадаг болохыг харуулжээ.
Мөн 2020 оны 01-р сарын 28-нд @food Network youtube сувагт нийтлэгдэн Doritos чипсийг хэрхэн хийдэг тухай бичлэгт 500 хэмийн температурт эрдэнэ шишийн гурилаа хайрсны дараа 300 хэмд шардаг тухай тайлбарлажээ.
Чанаргүй тосонд өндөр хэмд шарах нь
Их хэмжээний ханаагүй өөх тос агуулсан хүнсний тос нь тогтвортой биш бөгөөд өндөр халуунд өртөх үед акриламид гэх бодис үүсгэдэг байна.
АНУ-ын хүнс эмийн агентлагийн албан ёсны сайтад “Акриламид нь төмс, үр тариа зэрэг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах элсэн чихэр болон аспарагины амин хүчил хоёрын хооронд байгалийн химийн урвалаар үүсдэг бодис юм. Акриламид нь шарах, хайрах, жигнэх зэрэг өндөр температурт хоол хийх явцад үүсдэг. Лабораторид хийсэн судалгаагаар акриламидын өндөр агууламж нь лабораторийн амьтдад хорт хавдар үүсгэдэг болохыг харуулсан ч судалгаанд ашигласан акриламидын хэмжээ хүний хоол хүнсэнд агуулагдах хэмжээнээс хамаагүй их байсан” хэмээн мэдээлжээ. Мөн АНУ-ын Хүнс Эмийн агентлагаас уг бодис хүний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй тул зарим хүнсний бүтээгдэхүүн дэх хэмжээг хянадаг байна.
АНУ-ын өвчин хяналт, урьдчилсан сэргийлэх төвийн албан ёсны сайтад мэдээлснээр акриламид нь мэдрэлийн систем, нөхөн үржихүйн системд хортой. Булчин сулрах, гар, хөл мэдээ алдалт, хөлрөх, тогтворгүй болох, болхи байдал зэрэг мэдрэлийн системд нөлөөлдөг. Гэсэн хэдий ч ихэнх хүмүүс акриламидын ийм нөлөө үзүүлэх хангалттай өндөр түвшинд өртдөггүй байна.