Search

“Булчин зургаан цагийн зайтай уургаа нэхнэ, юм идэхгүй бол булчин уургаа иднэ” гэх ойлголт байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1132

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүн унтахаасаа багадаа 4-5 цагийн өмнө хооллох хэрэгтэй гэдэг. Учир нь хоолны орцын хамгийн удаан боловсордог орц нь мах. Махан дундаас үхрийн мах ходоодонд хамгийн хурдан буюу 4-5 цагийн дотор боловсордог. Бусад мах бүр удаан боловсорно. Тиймээс л унтахаасаа 4-5 цагийн өмнө хоолло гээд байгаа юм. Хүний унтаж амрах хамгийн боломжит цаг нь 22-23цаг гэж үзэж 18цагаас хойш хоол бүү ид гэсэн томьёолол гарсан байдаг” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Зургаан цаг тутамд хоол идэхгүй бол булчин өөрийнхөө уургаас иддэг” гэсэн тодорхой судалгаа илрээгүй бөгөөд булчин уургаа иднэ гэсэн ойлголт байхгүй. Харин булчингийн масс алдах, булчин задрах буюу катаболизм үүсэх гэсэн үзэгдэл бий. Мөн унтахаас 2-3 цагийн өмнө өөх тослог ихтэй мах биш хөнгөн зууш идэхийг зөвлөдөг.

2024 оны наймдугаар сарын 4-ий өдөр “YOGA MED” хуудсанд “Оройн 10 цаг болох гэж байхад хоол идээд болиоч” гэх үгэнд Дугархүү эмч хариулж байгаа байдлаар бичлэг оруулсан байна. Тэрээр үхрийн мах, ногоо гээд зөв хоол идэж байгаагаа хэлээд, “Хэн ер нь орой 6 цагаас хойш хоол идэхгүй бай гээд хэлчихсэн юм. Ер нь ард түмэн өөрсдөө зохиосон юм шиг байна ш д… Яг мөн чанартаа жин хасаж байгаа үедээ би жишээлбэл өдрийн 6 удаа хооллодог байхгүй юу. Орой 6-д иднэ, шөнө 12-т иднэ. Биологийн цагаараа буюу орой 9 цагт унтдаг хүмүүс 6 цагаас хойш хоол идэхгүй байна гэдэг нь зөв. Гэхдээ орчин үеийн хүмүүс шөнө 12, 1 хүртэл утсаараа оролдоод унтахгүй байна. Өөх хасах гэж байгаа хүмүүс хоолоо сойгоод жин хасаж болно, гэтэл махаа идэж, булчингаа ургуулж байгаа хүн уургаа авахгүй бол булчин чинь 6, 6 цагийн зайтай циклээрээ уургаа нэхдэг байхгүй юу. Би орой 6 цагаас өглөөний 8 хүртэл юм идэхгүй байхаар хүний булчин өөрөө өөрийнхөө уургийг идээд булчин ерөөсөө томрохгүй, масс авахгүй” гэж ярьсан байна.

Мөн бичлэгийн тайлбарт “Хүн унтахаасаа багадаа 4-5 цагийн өмнө хооллох хэрэгтэй гэдэг. Учир нь хоолны орцын хамгийн удаан боловсордог орц нь мах. Махан дундаас үхрийн мах ходоодонд хамгийн хурдан буюу 4-5 цагийн дотор боловсордог. Бусад мах бүр удаан боловсорно. Тиймээс л унтахаасаа 4-5 цагийн өмнө хоолло гээд байгаа юм. Хүний унтаж амрах хамгийн боломжит цаг нь 22-23 цаг гэж үзэж 18 цагаас хойш хоол бүү ид гэсэн томьёолол гарсан байдаг” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Мөн тухайн бичлэгтээ “Булчин зургаан цагийн зайтай уургаа нэхнэ, юм идэхгүй бол булчин уургаа иднэ” гэсэн агуулгыг ярьсан байна. Уг бичлэг 4500 гаруй реакц, 77 сэтгэгдэл авч, 542 удаа цааш түгээгджээ. 

“Зургаан цаг тутамд хоол идэхгүй бол булчин өөрийнхөө уургаас иддэг” гэдэг ойлголт учир дутагдалтай. Энэ талаар тодорхой судалгаа илрээгүй бөгөөд булчин уургаа иднэ гэсэн ойлголт байхгүй. Харин булчингийн масс алдах, булчин задрах буюу катаболизм үүсэх гэсэн үзэгдлүүд үүсэж болно. Булчингийн катаболизм гэдэг нь булчин өсөхийн оронд задарч, уургаа алдаж эхэлдэг үйл явц юм. Энэ нь булчингийн массыг нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний биеийн тамирын дасгал, сургуулилт хийдэг хүмүүст тохиолдог үзэгдэл. Үүнийг шим тэжээлийн тухай мэдээллийн сайтад 2023 онд нийтлэгдсэн “Насанд хүрсэн хүний шингэний байдал ба булчингийн катаболизмын хоорондын хамаарал“-ыг харуулсан судалгаагаар шингэн алдалт нь бусад стресс үүсгэгч хүчин зүйлүүдтэй хавсарч булчингийн катаболизм үүсэхэд нөлөөлдөг гэж үзжээ. Энэхүү үзэгдэл нь эрчимтэй дасгал хийсний дараа хооллохгүй удах, эсвэл зохих уургийн хэрэгцээг хангаагүй тохиолдолд үүсэх эрсдэл нь улам нэмэгддэг байна. 

Катаболизм буюу булчин уургаа алдах үзэгдэл нь:

  • хэт удаан хугацаагаар хоол идэхгүй байх-
  • маш бага илчлэг, уураг багатай хооллолт,
  • хатуу хоолны дэглэм,
  • шингэний алдагдал,
  • биеийн тамирын хэт их дасгал хөдөлгөөн,
  • стресс зэргээс хамааран тохиолддог.

Үүнээс сэргийлэхийн тулд уургийн зохистой хэрэглээ, илчлэг сайтай хооллолт, дасгал хөдөлгөөний тэнцвэртэй байдал зэргийг анхаарах нь булчингийн эрүүл мэндэд илүү чухал юм. 

Зургийн тайлбар: Катаболик (катаболизм) үүсэх шалтгаанууд

  • Хорт хавдрын архаг түвшин
  • Дасгал хэт их хийх (хоргүйжүүлэх)
  • Шингэний алдагдал
  • Булчингийн гэмтэл
  • Коллаген алдагдах
  • Элэгний архаг өвчин
  • Архаг халдварууд
  • Удаан хугацаагаар мацаг барих
  • Архаг сртесстэй байх
  • Архаг үрэвсэл
  • Антибиотикийн хэт их хэрэглээ

Мөн хэт оройтож хүнд хоол идэх нь биеийн жин, бодисын солилцоо, нойр, ходоод, зүрх судас зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна.  Энэ талаар олон төрлийн судалгаа байдаг. Тухайлбал, Үндэсний нойрны сангаас “Унтахаасаа өмнө хоол идэх нь сөрөг нөлөөтэй эсэх” талаар харуулсан судалгаанд дараах зүйлсийг дурджээ. Үүнд,

  1. Нойронд үзүүлэх нөлөө: Судалгаанаас үзэхэд унтахын өмнө хүнд хоол идэх нь нойрны чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй. Их хэмжээний хоол хүнс эсвэл хэт өөх тос ихтэй хоол идэх нь ходоодны үйл ажиллагааг удаашруулж, нойрны чанарыг муутгаж болзошгүй гэж үздэг.
  1. Биеийн жинд үзүүлэх нөлөө: Урт хугацааны туршид хүнд хоолыг хэт орой, эсвэл оронд орохынхоо өмнө идэх нь илүү их илчлэг авахад хүргэдэг тул жин нэмэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнд хоолноос гадна эрүүл мэндийн бусад нөхцөл байдал, стресс, эмийн нөлөө, дасгал хөдөлгөөн, хорт зуршил зэрэг нөлөөлнө.
  1. Бодисын солилцоонд үзүүлэх нөлөө: Хэрэв таны хооллолт хэтэрхий хүнд ялангуяа нүүрс ус, өөх тос ихтэй хоол идсэн тохиолдолд биеийн энерги ашиглах үйл явц буурч, унтах хугацаанд илүүдэл энерги хуримтлагддаг. Эдгээрээс үүдэн цээж гашуу орших, зүрхний шарх зэрэг үүсэж болзошгүй.

Үүнээс гадна нас, хөдөлгөөний түвшин болон бусад хүчин зүйлээс хамааран өдөр бүр тодорхой хэмжээний калори хэрэглэх ёстойг уг судалгаанд тусгасан. Энэ тохиолдолд тухайн хүний ​​өдөрт авсан илчлэгийн хэмжээ бага тохиолдолд шим тэжээлээр баялаг, хөнгөн зууш идэх нь ​​эрүүл мэндэд тустай гэнэ. Унтахын өмнө хөнгөн зууш идэх нь өлсөх мэдрэмжийг дарж, хурдан нойрсоход туслахаас гадна цусан дахь сахрын хэмжээ буурахаас урьдчилан сэргийлдэг. Ингэхдээ унтахаас 2-3 цагийн өмнө хооллохыг илүү зохимжтой гэсэн байна. Мөн өөх тос ихтэй мах, халуун ногоо, шарсан, хуурсан хүнснээс илүү жимс жимсгэнэ, хушга, самар, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document