Search

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг вирусийн 75 хувийг эзэлдэг хэв шинжээс вакцин хамгаалдаг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1131

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин бол үхлийн зэвсэг” гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Gardasil-9, Gardasil, Cervarix гэсэн 3 төрлийн ХПВ-ийн вакцин байдгаас Монголд Gardasil, Cervarix хоёр вакцин хийдэг байна. 2020 оны 12 сард ЭМС-ын А/641 тоот тушаалаар батлуулсан “Умайн хүзүүний хорт хавдрын ЦОГЦ хяналтын заавар”-т хүний папиллома вирусийн эсрэг 4 цэнт Gardasil Silgard, 2 цэнт Cervarix вакцины тухай мэдээллийг оруулжээ. Gardasil вакцин нь ХПВ-ийн 6, 11, 16, 18 хэв шинж, Cervarix вакцин 16, 18 хэв шинжээс хамгаалдаг

2024 оны 09-р сарын 24-нд Жүрмэд Занаа нэртэй хаягаас “GARDASIL БУЮУ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ВАКЦИН БОЛ ҮХЛИЙН ЗЭВСЭГ!!!” гэх мэдээллийг түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 188 реакц, 10 сэтгэгдэл авч, 71 удаа цааш түгээгджээ.

Шалгасан мэдээлэлд ямар учраас вакцин үхэлд хүргэх талаар тайлбарлаагүй, олон нийтийг айдаст автуулах агуулгатай байна. Иймд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны сангаас баримт шалгалт хийлээ.

ХПВ-ийн 16, 18, 31, 33, 35, 39, 45, 50, 51, 53, 55, 56, 58, 59, 64, 68 хэв шинж нь өндөр эрсдэлтэйд тооцогддог ба үүнээс “ХПВ16” ба “ХПВ18” хэв шинжийн халдвар нийт УХХХ-ын 75%-ыг үүсгэдэг.

АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн албан ёсны сайтад орсон умайн хүзүүний хорт хавдарын тухай мэдээлэлд “ХПВ-ийн 16 ба 18 гэсэн өндөр эрсдэлтэй хоёр төрөл нь дэлхийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын 70%-ийг үүсгэдэг” гэж нийтэлжээ.

Gardasil-9, Gardasil, Cervarix гэсэн 3 төрлийн ХПВ-ийн вакцин байдгаас Монголд Gardasil, Cervarix хоёр вакцин хийдэг байна. 2020 оны 12 сард ЭМС-ын А/641 тоот тушаалаар батлуулсан “Умайн хүзүүний хорт хавдрын ЦОГЦ хяналтын заавар”-т хүний папиллома вирусийн эсрэг 4 цэнт Gardasil Silgard, 2 цэнт Cervarix вакцины тухай мэдээллийг оруулжээ. Gardasil вакцин нь ХПВ-ийн 6, 11, 16, 18 хэв шинж, Cervarix вакцин 16, 18 хэв шинжээс хамгаалдаг болохыг доор хүснэгтээс харж болно.

Эдгээр вакцинууд нь ХПВ-ын гадна бүрхүүл шиг бүтэцтэй вирус төст хэсгүүдийг агуулдаг. Вирус төст хэсгүүд нь вирус агуулдаггүй тул ХПВ-ын халдвар үүсгэхгүй, вирусын эсрэг үүсэх эсрэг биеийн хөгжлийг дэмжиж халдвараас урьдчилан сэргийлдэг аж.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын албан ёсны сайтад орсон мэдээлэлд “Умайн хүзүүний хорт хавдар нь хүний хөхөнцөр вирусын (ХПВ) байнгын халдварын улмаас үүсдэг. ХДХВ-ийн халдвартай эмэгтэйчүүд ХДХВ-ийн халдваргүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад умайн хүзүүний хорт хавдар тусах магадлал 6 дахин их байдаг” хэмээжээ. Ихэнх тохиолдолд дархлааны систем нь HPV-ийг биеэс зайлуулдаг. Өндөр эрсдэлтэй ХПВ-ийн халдварын байнгын халдвар нь хэвийн бус эсүүд үүсч, улмаар хорт хавдар болж хувирдаг байна.

Cervarix-ийн хамгийн түгээмэл гаж нөлөө (10 өвчтөнд 1-ээс илүү тохиолддог)- толгой өвдөх, булчингийн өвдөлт, тарьсан газар өвдөх, улайх, хавдах, ядрах зэрэг орно.

Gardasil – Тариа хийсэн газар хавдах, өвдөх, улайх, загатнах, хөхрөх гэх мэт

  • Толгой өвдөх
  • Халуурах
  • Дотор муухайрах
  • Толгой эргэх
  • Ядрах
  • Суулгах
  • Хэвлийн өвдөх
  • Хоолой өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илрэх боломжтой.

Муужирч унах тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь ихэнхдээ айдас болон бага зэргийн өвдөлтөөс үүдсэг байдаг. Тиймээс дархлаажуулалтын дараа 15 минут ажиглахыг зөвлөдөг байна. Ноцтой гаж нөлөө маш ховор илэрдэг. 2015-аас 2018 хүртэлх онуудад вакцин хийсгэсний дараа эрүүл мэндийн асуудлуудын талаарх мэдээллүүд ерөнхийдөө буурсан байна. Тодруулбал, 100,000 ХПВ-ын вакцины дархлаажуулалтад 1.8 тун буюу 0.0018% нь эрүүл мэндийн асуудалтай байжээ. Энэ хугацаанд ХПВ-ийн вакцин хийлгэсний дараа үүссэн эрүүл мэндийн ноцтой 758 асуудал VAERS-д (Вакцины сөрөг үзэгдлийг мэдээлэх систем) бүртгэгдсэн байна.

  • Дархлаажуулалттай холбоотойгоор анафилакс илэрсэн тохиолдолд яаралтай арга хэмжээ авч, цаашид вакцины дараагийн тун болон ижил төрлийн бусад вакциныг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

ХПВ-ийн вакцин нь үргүйдэл эсвэл аутоиммун өвчинд хүргэдэг гэсэн нотолгоо байхгүй тухай АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн сайтад мэдээлжээ.

2022 оны байдлаар 100 000 эрэгтэй хүн амд ногдох элэгний 77.8, ходоодны 48.4, уушгины 24.3, улаанхоолойн 11.8, бүдүүн шулуун гэдэсний 8.8 хорт хавдрын тохиолдол харин эмэгтэйд элэгний 59.5, ходоодны 22.7, умайн хүзүүний 18.8, хөхний 16.7, улаанхоолойн 8.7 хорт хавдрын тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Монгол Улсад 2022 онд 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 4.6% буюу 316-г нь умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Умайн хүзүүний хорт хавдрын хоёр үндсэн төрөл байдаг: хавтгай хучуур эдийн хавдар ба аденокарцинома. Умайн хүзүүний хорт хавдрын 80-90% нь хавтгай хучуур эдийн хавдар, 10-20% нь аденокарцинома байдаг. Та мөн хоёр төрлийн холимог байж болдог. УХХХ нь эрт үе шатандаа оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой аж.

Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт ордог. 2022 онд дэлхий даяар ойролцоогоор 660,000 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, 350,000 орчим эмэгтэй уг өвчнөөр нас баржээ.

УХХХ нь эрт үе шатандаа оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой.

Умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдэг, хавдар үүсэх шалтгаанууд

ХПВ-ийн 100 гаруй хэв шинж байдаг. Салстыг сонгомлоор гэмтээдэг ХПВ-үүдийг умайн хүзүүн хорт хавдар (УХХХ) ба хавдрын урьдал эмгэг (ХУЭ) үүсгэх эрсдэлээр нь өндөр, дунд, бага эрсдэлт хэмээн ангилдаг. Эрсдэл багатай хэв шинж болох ХПВ6, ХПВ11 хавдар үүсгэдэггүй ч бэлгийн үү, ургацаг үүсгэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс анхны бэлгийн харьцаагаар ХПВ-ын халдвар авах эрсдэлтэй бөгөөд халдварласны дараа ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, энэ нь богино хугацааны дараа биеэс өөрөө аяндаа цэвэрлэгдэх боломжтой байна.

Таны хянаж болохуйц умайн хүзүүний хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүд:

  • Скринингийн түүх: Пап шинжилгээг тогтмол хугацаанд хийлгэснээр хорт хавдрын өмнөх эсийг илрүүлэх боломжтой байна. Тиймээс Пап шинжилгээ хийлгээгүй хүмүүс мэдэхгүй явсаар умайн хүзүүний хорт хавдар тусах магадлал өндөр байдаг.
  • ХПВ-ийн халдвар: Зарим төрлийн ХПВ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. ХПВ-ын эрсдэлийг бууруулах нь умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдлийг бууруулна.
  • Бэлгийн түүх: 18 нас хүрэхээс өмнө бэлгийн хавьталд орох, олон бэлгийн хавьтагчтай байх нь таныг ХПВ-ийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Тамхи татах: Тамхи татах нь умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг.
  • ХДХВ-ийн халдвар: ХДХВ-ийн халдвартай хүмүүс умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэл дунджаас өндөр байдаг.
  • Дархлаа сулрах: Дархлаа сул байх нь халдвартай тэмцэх чадваргүй болгодог.

Таны өөрчлөх, хянах боломжгүй эрсдэлт хүчин зүйлүүд:

  • DES (diethylstilbestrol): DES нь 1938-1971 оны хооронд зулбахаас сэргийлэх зорилгоор хүмүүст өгсөн эм юм. Хэрэв таны төрсөн эцэг эх DES хийлгэсэн бол умайн хүзүүний хорт хавдар тусах магадлал өндөр байна.
  • Гэр бүлийн түүх: Умайн хүзүүний хорт хавдар нь генетикийн бүрэлдэхүүнтэй байж болно.

Умайн хүзүүний хорт хавдрын 1-р шатны шинж тэмдэг:

  • Үтрээнээс усархаг эсвэл цуст ялгадас нь хүнд, эвгүй үнэртэй байж болно.
  • Сексийн дараа, сарын тэмдгийн хооронд эсвэл цэвэршилтийн дараа үтрээний цус алдалт.
  • Сексийн үед өвдөх (диспареуни).

Хэрэв хорт хавдар ойролцоох эд, эрхтэнд тархсан бол дараах шинж тэмдгүүд илэрч болно.

  • Шээх нь хэцүү, өвдөлттэй, заримдаа шээсэнд цус гардаг.
  • Суулгах, хүндрэх үед шулуун гэдсээр өвдөх, цус алдах.
  • Ядаргаа, жин, хоолны дуршил буурах.
  • Өвчний ерөнхий мэдрэмж.
  • Нурууны өвдөлт эсвэл хөл хавагнах.
  • Аарцгийн/хэвлийн өвдөлт.
  • Хэрэв та хэвийн бус цус алдалт, үтрээнээс хэвийн бус ялгадас эсвэл бусад тайлбарлагдахгүй шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барих хэрэгтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document