2024 оны 09-р сарын 14-нд Ц.Ганаа нэртэй хаягаас “Хятадаас хүнсний тос авалтгүй юм бна шүү” гэх тайлбартайгаар хүнсний тос үйлдвэрлэж буйг харуулсан богино хэмжээний бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 520 реакц, 62 сэтгэгдэл авч, 2800 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийн төгсгөл хэсэгт гурван төрлийн савлагаатай, Хятад шошготой ургамлын тосыг харуулсан нь уг тосыг бичлэгт гарсан шиг бохир нөхцөлд үйлдвэрлэдэг мэтээр ойлгогджээ.
Бичлэгийн төгсгөл хэсэгт оруулсан зургийг Baidu (Хятадын хайлтын сайт) сайтаас зургаар хайхад хүнсний тосны тухай мэдээлдэг хятадын Oilcn.com сайтад 2023 оны 08-р сарын 29-нд “Шиян Мингуан” ургамлын тосны брэндийн тухай мэдээлэл гарч ирлээ. Тус мэдээлэлд “Хүнсний тосны зах зээлийн сегментүүдийн ялгаатай эрэлт хэрэгцээг хангах, нийтийн хоолны тосыг стандартчилах, мэргэшүүлэх, чанарыг сайжруулахад чиглүүлэхийн тулд Тяньшян Хүнсний Группийн “Шиян Мингуан” брэнд “катерингийн савлагаа” бүхий самрын тос, эрдэнэ шишийн тос, гений өөрчлөлтгүй шар буурцгийн тосыг зах зээлд албан ёсоор гаргажээ” хэмээн мэдээлжээ.
Тяньшян Хүнсний Групп нь ургамлын тос, улаан буудайн гурил, төрөл бүрийн амтат гоймон, чинжүү амтлагч, хүнсний ногооны бүтээгдэхүүн зэргийг голчлон үйлдвэрлэдэг байна. Бүтээгдэхүүнийг 20 гаруй муж, хот болон АНУ, Испани, Египет, Мексик, Малайз, Япон, Өмнөд Солонгос, Хонг Конг зэрэг улс, бүс нутагт экспортолдог байна. Тяньшян Хүнсний Группийн ёсны вэбсайтаас “Шиян Мингуан” брэндийн хүнсний тосны тухай мэдээллийг харах боломжтой юм.
Шалгасан бичлэгийг сайтар ажиглавал малын өлөн гэдэс, өөх зэрэг малын гаралтай түүхий эдээс тос гаргаж авч байгааг харж болно. Харин бичлэгийн төгсгөл хэсэгт гарсан тос нь амьтны гаралтай бус шар буурцаг, самар, эрдэнэ шишээс гаргаж авсан “Шиян Мингуан” брэндийн ургамлын тос юм.