Search

Электрон тамхи эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ч “хорт хавдар үүсгэдэг” гэсэн нотолгоо хараахан гараагүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1126

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“7р ангиасаа вэйп татсан 9р ангийн хүүхэд улаан хоолойны хорт хавдар туссан байна даа” хэмээн түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Электрон тамхи буюу вайп нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодис агуулдаг ч хорт хавдаг үүсгэдэг гэсэн баттай нотолгоо, судалгаа дэлхий дахинд одоогоор байхгүй.

2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Saijrah Otgonjargal нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “7р ангиасаа вэйп татсан 9р ангийн хүүхэд улаан хоолойны хорт хавдар туссан байна даа” хэмээн түгээжээ. Уг пост нь 930 реакц авч, 11 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

Электрон тамхин дахь химийн хорт бодисын хэмжээ утаат тамхинаас бага байдаг нь тогтоогдсон ч, энэ төрлийн тамхины хэрэглээний үр нөлөөг бүрэн тодорхойлсон урт хугацааны судалгаа, шинжилгээ олон улсад хязгаарлагдмал байгаа талаар манай өмнөх баримт шалгалтад дурдаж байсан.

Энэ удаад “хоёр жилийн хугацаанд хорт хавдартай болсон” гэх мэдээллийг холбогдох судалгааны хүрээнд нягталлаа.

Их Британийн хавдар судлалын байгууллагын нийтлэл

Өнөө цагт вэйп буюу электрон тамхины сөрөг үр дагаврын талаар олон хүмүүс мэдэхийг хүсэж байгаа билээ. Гараад удаагүй байгаа энэхүү шинэхэн бүтээгдэхүүнд олон тооны судалгаа хийгдэж байгаа хэдий ч вэйп нь хорт хавдар үүсгэдэг гэсэн баттай нотолгоо одоогоор гараагүй байгаа аж. Тэгсэн хэдий ч вэйп нь хоргүй гэсэн үг биш юм. Сөрөг үр дагавраас нь дурдвал хоолой, ам өвдөх, толгой өвдөх, ханиалгах, дотор муухайрах зэрэг юм. Урт хугацаанд өөр ямар ямар сөрөг үр дагавар гарах нь одоохондоо мэдэгдэхгүй байгаа.

Электрон тамхийг тамхинаас гарах гэж эсвэл буцаад янжуур тамхи татахаас сэргийлэх зорилгоор хэрэглэх мөн огт тамхи татдаггүй бол электрон тамхи татахгүй байхыг зөвлөж байна.

MD Anderson хавдар судлалын төвийн доктор Edwin Ostrin

“Вэйп татсанаар уушги руу яг юу очиж, ямар хор уршиг тарааж байгааг бид одоохондоо тодорхой болгоогүй байгаа. Магадгүй 10, 20 жилийн дараа олон арван судалгааны дараа тодорхой болж ирэх байх” гэжээ.

Америкийн Хавдарын Нийгэмлэгийн нийтлэл

Хэдийгээр вэйпт агуулах химийн бодис нь янжуур тамхинаас бага хэмжээтэй ч тухайн химийн бодисууд нь хорт хавдар үүсгэх боломжтой гэдгийг мартаж болохгүй. Эрдэмтэд одоог хүртэл электрон тамхийг урт хугацаанд хэрэглэснээр эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавар гарахыг судалсаар байгаа билээ.

Hopkins Medicine-ийн нийтлэл

Бид бүгд янжуур тамхи удаан хугацаанд хэрэглэснээр хорт хавдар тусах эрсдэлтэй болдгийг мэднэ. Харин электрон тамхины хувьд гараад удаагүй байгаа тул хорт хавдар үүсгэдэг эсэхийг судлахад цаг хугацаа шаардана.

Эдгээ нийтлэлүүдээс дүгнээд хэлбэл, электрон тамхи нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодис агуулдаг ч “хорт хавдар үүсгэдэг” гэсэн баттай нотолгоо одоогоор гараагүй байгаа бөгөөд тодорхой нэг үр дүнд хүрэхийн тулд илүү олон судалгаа, цаг хугацаа шаардлагатай аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document