2024 оны наймдугаар сарын 17-ы өдөр “Шуурхай Мэдээ” гэх хуудсанд “Хятадууд манай самрын сортоос маш том хэмжээтэй шинэ сорт гаргаж аваад нутагтаа тариалж байна даа ‼️” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг бичлэг 977 реакц, 67 сэтгэгдэл авч, 139 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг бичлэгийг InVid хэрэглүүрийг ашиглан дүрс тус бүрээр салгасны дараа Google-д хайхад Хятадын ургац хураалтын үед хийсэн бичлэг илэрлээ. Уг бичлэгт “Энэхүү нарсны самар нь ямар ч нэмэлтгүй давслаг амттай, түүхийгээр нь болон чанаж идэж болно. Түүхийгээр нь идэхэд анхилуун үнэртэй, амттай байдаг. Чанах гэж байгаа бол ус, давс, од гоньд, өвсний жимс, чинжүү зэргийг нэмж цаг орчим чанаж идээрэй. Цөмөхөд хялбар учраас өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тохиромжтой” гэх зэргээр сурталчлан, тайлбарласан байна. Бичлэгт буй самар нь Хятадын Шанси мужийн баруун өмнөд хэсгээс Ганьсу, өмнөд Юнань хүртэл ургадаг. Пинус арманди төрлийн боргоцой нь өргөн, бүдүүн, зузаан хайрстай ургадаг самар юм. Дунджаар 9–22 см урттай, 6–8 см өргөнтэй хоёр жилд нэг хураадаг гэнэ. Конус цилиндр хэлбэртэй үрийн боргоцой нь эхэн үедээ ногоон өнгөтэй, үрээ тарааж дууссаны дараа хүрэн хүрэн өнгөтэй болж боловсордог байна.


Зургийг: Хятадын Юнань мужид ургасан Пинус Арманди боргоцой болон Шаанси мужид ургасан цагаан нарс
Энэ төрлийн самар нь хятадын уугуул цагаан нарсанд түгээмэл ургадаг бөгөөд Япон, Хайнан, Мьянмар зэрэг улсад ургадаг. Цагаан нарс нь 5 м өндөр, нэг метр диаметртэй мод бөгөөд 1000-3300 м өндөр уул нуруудад ургадаг байна. Цагаан нарсны самрыг гурван төрлийн сортод хувааж үздэг.
- Pinus armardii var. armandii – Доорх популяциас бусад бүх хүрээ.
- Pinus armardii var. mastersiana – Энэ төрлийн самар нь Тайваний өндөр уулархаг хэсгээр ургадаг ховор төрөл зүйлийн самар юм.
- Pinus armardii var. dabeshanensis – Хятадын Хубэй мужийн Даби уулаар ургадаг төрлийн самар. “Байгаль хамгаалах олон улсын холбоо”-оос dabeshanensis болон mastersiana төрлийн самрыг эмзэг, устах аюулд орсон гэж тэмдэглэжээ.
Мөн энэ модыг мөнх ногоон навчтай тул хятадууд урт нас, үхэшгүй байдлын бэлгэ тэмдэг гэж үздэг байна. Цагаан нарсны пинус арманди төрлийн том, ногоон боргоцой нь хятадын уугуул ургамал бөгөөд Монголоос ямар нэгэн сорт авч нутагшуулсан талаар судалгаа байхгүй байна.
Иймд эх сурвалж тодорхой бус, найдваргүй мэдээллийг бүү хуваалцаарай.