Search

“Дүрдэг ууттай цайнд хэдэн тэрбум микропластик байна” гэх мэдээлэл бүрэн бус

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1123

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Нэг дүрдэг цайны уутанд 11.6 тэрбум микропластик байна” гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд дурдсан судалгаа бий ч тус судалгаанд цайны зөвхөн хуванцар уутыг ашиглан хийсэн. Түүнчлэн микропластикийн хэмжээ эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл үзүүлэх хэмжээнд биш, үргэлжлүүлэн судлах шаардлагатай байна.

2024 оны 09 дугаар сарын 16-нд MonPermaculture нэртэй хуудаснаас “Сүүлийн үеийн судалгаагаар нэг дүрдэг ууттай цайнд 11.6 тэрбум микропластик байна гэнэ. Манай монгол дүрдэг цайнууд копрон шиг ууттай байдаг нь маш аюултай. Энэ микропластик хүний биед ороод элэг бөөр дотор эрхтэнг стрессдүүлж байдаг. Мөн манайхан дүрдэг цайг норгочоод эргээд хэрэглэсээр байдаг нь маш аюултай ба, нэг норсон бол дотроо хөгцрөлт явагдаж байдаг гэнэ…” гэх мэдээллийг түгээжээ. Тус пост нь 09 дугаар сарын 19-ний байдлаар нийт 90 реакц, 3 сэтгэгвэл авч, 197 удаа цааш түгээгдсэн.

Шалгасан мэдээлэлд дурдсан цайны хуванцар уутнаас 11.6 тэрбум микропластик ялгардаг болохыг харуулсан судалгаа бий ч тус судалгаанд зөвхөн уутыг ашиглажээ.

Холбогдох судалгаа нь 2019 онд Байгаль орчны шинжлэх ухаан, технологийн сэтгүүлд нийтлэгдсэн “Цайны хуванцар уут нь олон тэрбум бичил хэсгүүдийг ялгаруулдаг” гэх судалгаа юм.  Уг судалгааны хураангуй хэсэгт “Энэхүү судалгааны зорилго нь цайны хуванцар уут нь хандлах явцад микропластик эсвэл нанопластик ялгаруулж чадах эсэхийг тодорхойлох юм” хэмээн бичсэн бөгөөд судалгаанд 4 төрлийн цайны хуванцар уутыг ашигласан байна. Савласан цайны хуванцар уутыг нь авч, цай хандлах ердийн температур буюу 95 градуст дэвтээхэд 11.6 тэрбум микропластик, 3.1 тэрбум нанопластик нэг аяганд ялгардаг болохыг харуулжээ.  

Судалгаа хэрхэн хийснийг харуулсан зураг

Гэхдээ цайны уутыг цаас, нейлон, торго, нэхмэл бус даавуу, пластик зэрэг хэд хэдэн түгээмэл материалаар хийж болдог. Цаашлаад цайны уутыг хөвөн, цаас, эрдэнэ шишийн цардуул зэрэг ургамлын гаралтай материалаар хийж голдуу цавуу (ихэвчлэн полидропилен гэж нэрлэгддэг хуванцраар хийдэг) эсвэл хиймийн бодисоор битүүмжилдэг байна. Зуун хувь байгалийн гаралтай материалаар хийсэн цайны уутнаас дээрх судалгаанд дурдсан хэмжээний пластик ялгарах боломжгүй юм.

Цайны уут хийхэд хэрэглэдэг түгээмэл материалууд

  • Цаас – Цаасан цайны уутыг ихэвчлэн цайраагүй дахин боловсруулсан материалаар хийдэг ба бусад материалтай харьцуулахад бат бөх биш, чийг халуунд өртөхөд сайн тэсвэрлэдэггүй байна.
  • Полипропилен – Цайны уут үйлдвэрлэхэд ихэвчлэн ашигладаг синтетик хуванцар. Бат бөх удаан эдэлгээтэй, халуунд тэсвэртэй.
  • Хөвөн ба Маалинган – Цайны уут үйлдвэрлэхэд ашигладаг байгалийн материал. Хоёул бат бөх, удаан эдэлгээтэй тул цайны уут хадгалах тээвэрлэхэд тохиромжтой.
  • Металжуулсан хальс – уг хуванцрын төрөл нь бат бөх, халуунд тэсвэртэй, удаан эдэлгээтэй ч байгальд задардаггүй, ээлгүй материал юм.

USA TODAY-ийн нэг хэсэг болох Reviewed USA TODAY сайтад “Цай сонгохдоо байгальд бүрэн задардаг, хуванцаргүй, органик эсвэл ургамлын гаралтай материалаар хийсэн ууттай цайг сонгох нь зүйтэй. Мөн цайны шошго дээр “эпихлоргидрин агуулаагүй” гэх бичигтэйг цайг хайх хэрэгтэй бөгөөд эпихлоргидрин (epichlorohydrin) нь уутыг хурдан задрахаас сэргийлж нэмдэг бодис юм…” хэмээн мэдээлжээ. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг болон Европын Комиссын хорт хавдар үүсгэгч химийн бодисын жагсаалтад дурдсанаар эпихлоргидин гэх бодис нь нөхөн үржихүйд нөлөөлдөг бөгөөд хорт хавдар үүсгэх эрсдэлтэй бодис юм.

Цайны уутны материалыг хэрхэн гэрийн нөхцөлд ялгах боломжтойг доорх бичлэгээс харах боломжтой. Бичлэгт цайны цаасан болон пластик уутыг урж, шатааж үзүүлж байна. Цаасан уутыг урахад шууд урагдаж байгаа бол пластик уут урагдахгүй байна. Цайны уутыг шатаахад цаасан уут шатаж байгаа бол пластик (нейлон байх магадлалтай) уут шууд шатахгүй байгаагаар ялгаж байна.

Гэхдээ микропластикийн эрүүл мэндэд тодорхой хэмжээний эрсдэл учруулах боломжтойг харуулсан хэд хэдэн судалгаа бий. Жишээгээр дурдвал микропластик нь үрэвсэл, эд эсийн гэмтэл үүсгэдэг (энд бас энд). Үрэвсэл нь зүрхний өвчин, хавдар, аутоиммун эмгэг зэрэг эрүүл мэндийн асуудалд хүргэдэг байна. Мөн эр бэлгийн эсийн чанарт нөлөөлж, жирэмслэлтэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Харин Европын Хүнсний аюулгүй байдлын байгууллагаас микропластикийн тухай танилцуулсан мэдээлэлд микропластикийн хүний биед үзүүлэх нөлөөллийг “дүгнэхэд эрт байгаа” болохыг мэдэгдсэн. Түүнчлэн АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн 2024 оны 07 дугаар сард танилцуулсан мэдээлэлдээөнөөгийн судалгааны түвшинд хүнсэнд агуулагдах микропластикийн хэмжээ эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл үзүүлэх хэмжээнд биш” болохыг онцолсон байна.

Хэдийгээр микропластикийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар судалгаанууд байгаа боловч дээрх мэргэжлийн байгууллагуудын мэдэгдсэнээр хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг баталгаатай тодорхойлсон судалгаа хийгдээгүй байна. Цаашлаад бидний шалгасан мэдээлэлд холбогдох судалгаа нь цайнд бус зөвхөн пластик уутыг судалсан бөгөөд бүх төрлийн цайнд хамаарахгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document