2024 оны 09-р сарын 12-нд Шударга Бусын Хонгил нэртэй хуудаснаас “Өвөрхангай аймаг Уянга сум” гэх тексттэйгээр алт урсаж буй бичлэг түгээжээ. Тус бичлэг нь нийт 4,500 гаруй реакц, 307 сэтгэгдэл авч 448 удаа цааш түгээгдэж 1,5 сая гаруй удаа үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Сонирхол татсан бичлэг нь энгийн нүдээр харахад хуурамч нь мэдэгддэг ч олон хандалт цуглуулж чаддаг. Ингэж хуурамч бичлэгт сэтгэгдэл үлдээж, шэйрлэж, реакшн дарсан тэдгээр хэрэглэгчдэд алгоритмоор мэдээлэл түгээсэн хаягийн дараа дараагийн мэдээллүүд харагддаг. Шалгасан бичлэг оруулсан хаяг нь улс төрийн зорилготой мэдээллүүд оруулдаг ба тэдгээрийг илүү олон хэрэглэгчдэд хүргэхийн тулд энэ мэт хуурамч бичлэгээр хандалт татдаг байна.
Шалгасан бичлэгийг сайтар ажиглавал хиймэл оюун ухаанаар хийсэн, жинхэнэ биш гэдгийг нягтлах боломжтой. Тухайлбал, доор зурагт улаан өнгөөр дугуйлсан 2 хүний хөдөлгөөнийг ажиглавал хүний хөдөлгөөн биш мэт, хэт бүрэлзэж байгааг харж болно. Мөн бичлэгт гарч буй хүмүүсийн хөдөлгөөн болон алт урсаж буй мэт дүрслэл нь хөдөлгөөнгүй хэсэгтэй харьцуулахад хэт сарниж, бүрэлзсэн байна. Их хэмжээгээр урсаж буй алтны дүрс хааш орж буй нь мэдэгдэхгүй сарнин алга болж байгаа нь уг бичлэгийг жинхэнэ биш гэдгийг харуулж байна.
Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад олон илэрц гарч ирсэн нь түгээмэл байдаг бодит бус бичлэг гэдгийг илэрхийлж байна. Эдгээр илэрцүүдийн тайлбар бүгд өөр хэл дээр бичигдсэн. Шалгасан бичлэгийн текст Монголд байдаг мэт ойлголт өгч, үзэгчдийн анхаарлыг татаж хандалтаа нэмэгдүүлэх зорилготойгоор нийтэлсэн байна.
Мөн Фэйсбүүк платформд хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэг, зургийг нийтлэхдээ “Made with AI” буюу “Хиймэл оюун ашигласан” гэх шошго тавихыг Мета компанийн зүгээс шаардаж байгаа. Хэрэв энэ сонголтыг идэвхжүүлж, олон нийтэд хиймэл оюун ашигласан гэх мэдээллээ хүргээгүй бол тухайн контент хуурамч мэдээлэл агуулсан эсэхээс үл хамааран алгоритм ажиллаж, хязгаарлалт хийх юм. Бид энэ тухай мэдээллийг өмнөх баримт шалгалт болон “Мета компани Инстаграм болон Фэйсбүүк дээрх хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургуудад тэмдэглэгээ байршуулдаг болно” гэх мэдээллээр хүргэсэн.