Search

Гэр бүлийн санхүү, хөдөлмөрийн тэгш бус хуваарилалтад практик хүчин зүйлээс гадна хэвшмэл ойлголтууд нөлөөлдөг 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1121

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Эмэгтэй хүн санхүү мөнгөө нөхөртөө даатгавал илүү жаргалтай байдаг” гэх агуулгатай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өрхийн санхүүгийн асуудал нь эхнэр, нөхрийн аль алинд тэгш хамааралтай бөгөөд шалгасан постод дурдсан шиг эрэгтэй хүнд санхүүгийн илүү ачаа үүрүүлэх нь тэгш бус байдлыг дэмжиж буй явдал юм.

Eegii6611 нэртэй threads хаягаас 2024.08.27-нд “Гэр бүлийн санхүүгээ Эхнэр нь барьж байна уу? Нөхөр нь барьж байна уу? Манайх бол нөхөр барьдаг. Анхнаасаа л ийм байсан. Тэгэхээр надад бодох юм бараг байдаггүй. Маргааш яах билээ, Зээл хэзээ төлөх билээ, Хүүхдийн төлбөр…. гэх мэт. Эсэргээрээ би ямар гутал авхуулах вэ ухааны л юм боддог. Ер нь эмэгтэй хүн санхүү мөнгөө нөхөртөө даатгавал илүү жаргалтай байдаг юм болов уу гэж бодлоо… Гэнээ 👆👆👆 Энэ хэр үнэн юм бэ? Нөхөртэй болохоороо энэ зарчимыг баримталчихвал буруудах болов уу?” гэсэн пост нийтэлсэн нь 168 реакц, 99 сэтгэлгэл авч, 37 удаа цааш түгээгджээ.  

Өрх гэрийн асуудалд эрэгтэй, эмэгтэй хүний хүлээх үүрэг хариуцлагын тал дээр “эрэгтэй хүн гэр бүлээ авч явах ёстой, гэр бүлээ тэжээх чадвар, чадалтай байх ёстой” гэх хэвшмэл ойлголт, хандлага нийгэмд түгээмэл байдаг. Дээрх пост нь хэдийгээр хувь хүний үзэл бодлыг өгүүлсэн мэт боловч “Энэ хэр үнэн юм бэ. Нөхөртэй болохоороо энэ зарчимыг баримталчихвал буруудах болов уу” гэж нийгмийн хэлэлцүүлэгт уриалсан, ерөнхийдөө хэвшмэл ойлголт, хандлагыг илэрхийлсэн шинжтэй тул дараах байдлаар баримтаар шалгав.  

Тодруулбал, тус агуулгыг шалгахдаа өрх гэрийн хөдөлмөрийн хуваарьтай холбоотойгоор эрэгтэй хүн гэр бүлээ тэжээн, тэтгэх ёстой гэх үзэл хэзээнээс үүсэн бий болсон, нийгэм соёлын явцад хэрхэн өөрчлөгдсөн тухай, мөн манай улсад албан ёсны бүртгэлтэй нийт гэр бүлийн тоо, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг статистик мэдээллээс гадна санхүүгийн хариуцлага зөвхөн нэг талд төвлөрөх нь гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгаа, мэдээллүүдийг судаллаа. 

Хөдөлмөр эрхлэлт, хүйсийн хуваарилалтын тухай 

Хүйсийн үүргийн гарал үүсэл, цаг хугацааг нарийн тодорхойлох амаргүй боловч XIV зуунаас эхлэлтэй гэж үздэг байна. Түүх, соёлын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг нь биологийн үндсэн ялгаанаас үүдэлтэй бөгөөд жишээ нь эмэгтэйчүүд гэрийн ажлуудаа хийхийн тулд гэртээ сууж, харин эрчүүд гадаах ажлуудаа явуулдаг болсон гэдэг. Гэхдээ хүйсийн үүргийг бэхжүүлэхэд XIX зууны аж үйлдвэрийн хувьсгал чухал үүрэг гүйцэтгэсэн гэж олон хүн үздэг байна.1800-аад оны үед нийгэм ерөнхийдөө өрхийн амьжиргааны эдийн засгаас хөдөлмөрийн хөлс рүү шилжсэнээр амьдралаа залгуулахад гэр бүлүүдэд хөдөлмөрийн хуваарилалт илүү чухал болсон байна. Улмаар эрчүүд орлого олохын тулд хөдөлмөрлөх үүрэг хүлээсэн бол эмэгтэйчүүд үр хүүхдээ асарч, гэр бүлээ зохицуулах үүрэг хүлээсэн гэдэг. Энэ хуваарилалт нь аливаа тогтолцоо, шашин, хууль, улс төр зэрэгт эцгийн эрхт ёсыг дэмжих заншлыг суулгаж, хэдэн арван жилийн дотор л эрэгтэйчүүд тэжээгч, эмэгтэйчүүд талх барьдаг хүмүүс мэтээр үзэгдэх болсон байна.  

Статистик мэдээлэл 

ҮСХ-ны статистик мэдээллээс харвал манай улсад сүүлийн 3 жилд нийт 51100 хүн буюу  

Манай улсад 2024 оны 2-р улирлын байдлаар нийт 1,429,417 ажиллах хүч байгаагаас 54.7% нь эрэгтэй, 45.3% нь эмэгтэй байна.  

Харин хөдөлмөр эрхлэлтийн түвшинг хүйсээр авч үзвэл: 

  • эрэгтэйчүүд 66.2%,  
  • эмэгтэйчүүд 51.6%  

Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хөдөлмөрлөж байна. 

Түүнчлэн, ажиллах хүчний оролцооны хувьд ч эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дунд ялгаатай байдал их байна. Тодруулбал, 2024 оны 2-р улирлын байдлаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчний оролцоог авч үзэхэд эрэгтэйчүүд 70.5%, эмэгтэйчүүд 54.5% байгаа нь хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдтэй харьцуулбал илүү идэвхтэй оролцдог нь харагдаж байна. Энэ мэтчилэн хөдөлмөрийн зах зээл дээр жендэрийн тэгш бус байдалд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд дараах холбогдох судалгаануудыг хүргэе.  

“Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын талаарх чанарын судалгаа” 

Энэ судалгааг 2018 онд Дэлхийн Банкнаас хийсэн ба Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдалд нөлөөлж буй шалтгааныг судлахын зэрэгцээ тэдгээрийг шийдэх бодлогын зөвлөмжүүдийг багтаажээ. Судалгааны тайланд жендерийн тэгш бус байдал оршсоор байгаа шалтгаануудыг дараах байдлаар дурджээ. 

  • Монгол эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад боловсролын түвшин илүү өндөр байдаг. Гэвч тэд мэдлэг, боловсролоо ашиглаж, хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцох боломжоор харьцангуй дутмаг гарсан. 
  • Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын үндсэн шалтгаанууд нь гэрлэлт, гэр орны ажил, асран халамжлах болоод мэргэжил сонголт, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил үүргийн талаарх нийгэмд тогтсон ойлголт, хэм хэмжээ зэрэгтэй холбогдож байна. 
  • Эмэгтэйчүүд хань нөхрөө дэмжих, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд ихэнх цагаа зарцуулах ёстой гэсэн нийгмийн хүлээлт байдаг. 

Дээрх судалгааны дүнгээс харахад хүүхэд төрүүлэх, асрахуй, сувилахуй, гэрийн ажил зэрэг цалингүй хөдөлмөрөөс шалтгаалж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгаа нь практик нөхцөл байдал юм. Харин эхнэр, нөхөр хоёул хөдөлмөр эрхэлдэг ч нөхөр нь гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг хүлээж, илүү хариуцлага үүрдэг бол энэ нь практик гэхээс илүү хэвшмэл ойлголттой холбогдож болох юм. Тэгвэл үүнтэй холбоотой нэг судалгааг доор хүргэе. 

АНУ-ын Пью судалгааны төвийн судалгаа 

Гэр бүлийн санхүү, орлогын байдал дахь хүйсийн ялгааг судлах зорилгоор 2017 онд 4,971 насанд хүрэгчийг оролцуулан тус судалгааг явуулсан ба онцлох үр дүнг харвал:  

  • 10 судалгаанд оролцогч тутмын 7 нь (71%) эр хүн сайн нөхөр, хамтрагч байхын тулд гэр бүлээ санхүүгийн хувьд дэмжиж чаддаг байх хэрэгтэй гэжээ.  
  • Нөхөр, эхнэр хоёулаа доод тал нь 25 настай юм уу эсвэл эмэгтэй нь эрэгтэйгээсээ илүү боловсролтой хосуудын хувьд авч үзэхэд, эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь (49%) эрэгтэйгээсээ их орлоготой байжээ. Харин ижил түвшний боловсролтой хосуудын хувьд эмэгтэйчүүдийн 29% нь эрэгтэйтэйгээ адил эсвэл дээш орлоготой байжээ. 
  • Орлого багатай, боловсролын түвшин дутмаг эхнэр, нөхрүүдийн хувьд гэр бүлээ тэжээх чадвар хамгийн чухалд тооцогдсон байна.  
  • Эрэгтэй хүн гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой байх ёстой гэх хандлага 65 болон түүнээс дээш насныханд илүүтэй байжээ. 
  • Залуучууд гэрийн ажил нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд чухал гэж үздэг байхад ахимаг насныхан эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдийн хувьд энэ нь чухал зан чанар гэж үзжээ. 

Энэ судалгааны онцлох үр дүнгээс харахад эр хүн гэр бүлийн санхүүгээ дэмжин залгуулдаг бол сайн нөхөр гэх ойлголт хавь илүү байгаа нь хувь хүнд гэхээс илүү материаллаг зүйлд ач холбогдох өгөх хэвшмэл үзлийн нэгэн илрэл юм. Залуучууд болон боловсролын түвшин өндөр хүмүүсийн хувьд энэ хэвшмэл ойлголт харьцангуй бага байгаа нь жендэрийн мэдлэг, ойлголт өндөр байхтай холбогдож болох юм. Өөрөөр хэлбэл, жендэрийн мэдрэмжтэй байж хүйсийн тэгш байдлыг эрхэмлэх нь гэр бүл, нийгмийн харилцаанд эерэг байр суурийг бий болгож байна. 

“Эрэгтэй хүн амьдралаа авч явах ёстой, гэр бүлээ тэжээх ёстой” гэх хэвшмэл ойлголтыг халах нь 

Эрчүүд гэр бүлээ тэжээж, эмэгтэйчүүд асрах, сувилах, халамжлах хэрэгтэй гэх мэт хандлага нь нийгэмд уламжлагдан тогтож, байх ёстой зүйл, баримтлах хэм хэмжээ мэт болтлоо хэвшжээ.  

Хэдийгээр эмэгтэйчүүдийн асран халамжлах, эрэгтэйчүүдийн тэжээн тэтгэх үүрэг түүхийн ихэнх хугацаанд мөрдөгдөн ирсэн байж болох ч нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүйсийн үүргийн талаар тогтсон эдгээр ойлголт ч мөн даган өөрчлөгдөж байна. 

XXI зууны эхнээс хүйсийн тэгш байдлын талаарх мэдлэг түгэн дэлгэрч, гэр бүлүүд хөдөлмөрийн хуваарьтаа харьцангуй тэгш ханддаг болсон талаар Малайзын Тэйлорын Их сургуулийн нийтлэлд дурджээ. Тухайлбал, эрчүүд өөрт хамааралтай уламжлалт ойлголтод хүлэгдэх нь багасч, нийгмийн хүлээлтээс ангид байх болсон төдийгүй гэр бүлийн хүн нь ч ажил карьертаа ижил анхаарах боломжтой болсон. Эдгээр нь эрчүүд санхүүгийн дэмжлэг үзүүлэгч, тэжээн тэтгэгч гэх мэт жендэрийн хэвшмэл ойлголтуудыг эвдэхэд түлхэц болж буй юм.  

Дүгнэлт

Нэгтгэн дүгнэвэл өрхийн санхүүгийн асуудал нь эхнэр, нөхрийн аль алинд тэгш хамааралтай бөгөөд шалгасан постод дурдсан шиг эрэгтэй хүнд санхүүгийн илүү ачаа үүрүүлэх нь тэгш бус байдлыг дэмжиж буй явдал гэдгийг ойлгох нь зүйтэй. Мөн нөгөө талаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран халамжлах, гэрийн ажил гэх мэт эмэгтэйчүүдэд түлхүү үүрүүлдэг ажил үүргийг ч мөн тэнцүү хуваарилах нь зүйтэй юм.   


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document