2024 оны есдүгээр сарын 10-ы өдөр “zulaa116” нэртэй Инстаграм хэрэглэгч “Усанд унасан утсаа Clear Wave аппликейшин татаж цэвэрлэснээр таны утасны спикерээр ус гадагшилна” гэсэн агуулгатай рийл оруулжээ. Уг рийл 15,800 гаруй реакц, 74 сэтгэгдэл авч, 8400 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бичлэгт буй Clear Wave-ын тухай Апп сторе дээрх тус аппликейшны албан ёсны сурталчилгааны хэсэгт тайлбарлажээ. Clear Wave аппликейшн нь чанга яригчаа шалгахад тусалдаг бөгөөд дууны түвшин тооцоолох хэрэглүүрийн тусламжтайгаар таны төхөөрөмж хэдэн децибел (dB), герц давтамжтай байгааг мэдэж, тохируулах үүрэгтэй программ гэсэн байна. Мөн утасныхаа микрофон бөглөрсөн эсэхийг ч мэдэх боломжтой гэнэ. Харин ус, шингэн цэвэрлэх боломжгүй юм байна.
Усанд норсон утсаа яах ёстой вэ?
Технологийн тусламж үйлчилгээний талаар мэдээлдэг Асурион сайтын 2023 оны мэдээллээс харахад “6-8 дугаар сарын хооронд утасны засварын нэхэмжлэл жилийн бусад үетэй харьцуулахад илүү их байдгийг” дурдсан байна. Энэ нь зуны амралт зугаалга, далай, усанд орохтой холбоотой гэнэ. Иймээс тэдний зүгээс гар утасны шингэн гэмтлийг хэрхэн хатаах, цэвэрлэх талаар зөвлөмж хүргүүлжээ. Үүнд,
- Уснаас нэн даруй гаргах – Усанд удаан байх тусам шингэн янз бүрийн оролт руу нэвчих болно.
- Утсаа унтраах хэрэгтэй
- Хамгаалалтын кэйсийг авах хэрэгтэй
- SIM болон мемори картыг (хэрэв танд байгаа бол) ав.
- Даавуу эсвэл цаасан алчуураар утсаа зөөлөн арчина. Утсаа үрж болохгүй, учир нь энэ нь утасны илүү мэдрэмтгий хэсэгт шингэнийг түрж оруулж болзошгүй. Хэрэв утас бүрэн усанд автсан бол утасны нугалам, нүхийг зөөлөн соруулж үзээрэй.
- Наранд утсаа ээх бус сэрүүн, хуурай газарт хадгална.
- Хэрэв та утсаа усанд унагаасан бол будаа руу хийх аргыг сонссон байх, гэхдээ бид энэ аргыг хэрэглэхийг зөвлөдөггүй. Үүний оронд гутал гэх мэт шинэ бүтээгдэхүүнтэй хамт ирдэг силика гель пакетуудыг туршиж үзэх нь илүү үр дүнтэй. Силика гелиэр дүүргэсэн уутанд утсаа 24-48 цагийн турш хийгээрэй.
- Үүний дараа ч асахгүй байвал мэргэжлийн хүнд хандаарай гэжээ.
Мөн утасны шингэн гэмтэлд түгээмэл ашигладаг будаа, үсний сэнс зэрэг аргыг үгүйсгэсэн байна.
Будаанд хийх нь утасны чийгийг шингээх магадлалтай. Гэсэн ч энэ нь таны утасны хагарал, ан цав, цэнэглэгч, чихэвчний оролтод цагаан будааны дайвар бүтээгдэхүүн болох тоос, хуурай цардуул орж, гацах сөрөг үр дагавартай. Хэрэв цагаан будаанд чийг хүрсэн бол зөөлөрч бутардаг учраас салгаж, цэвэрлэхэд хэцүү байдаг.
Мөн үсний сэнсээр хатаахыг зөвлөдөггүй. Энэ нь гадаргуугийн чийгийн зарим хэсгийг арилгах боловч төхөөрөмжийн доторх чийгийг бараг арилгахгүй, харин дулаан нь таны утасны дотоод эд ангиудад гэмтэл учруулж болзошгүй гэжээ.