Search

Феминизм нь бүх харилцаанд хүйсийн тэгш байдлыг чухалчилдаг 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1119

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Феминизмийн 1-4 дүгээр давалгаа гэх зураг постложээ.

Баримт шалгалтын үр дүн

Эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй ч, түүхийн явцад эмэгтэйчүүдийн эрх  илүүтэй зөрчигдсөөр  ирсэн тул тухайн асуудалд анхаарч, зөвхөн нэг хүйсэд тогтоосон тэдгээр хязгаарлалтыг арилгах, хүн бүрийг ижил тэгш байлгах зорилгын дор феминизмийн үндэс суурь тавигджээ.

Davaadulam Jamsranjav гэх фэйсбүүк хаягаас 2024.02.27-нд “Аль хавьцаа нь явна даа манай яруу алдарт феминистүүд” гэсэн тайлбартай постыг “Феминизмын 1-р давлагаанд эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү, эрх тэгш байхыг хүсэж байгаагаа илэрхийлдэг бол 2-р давлагаанд эрчүүдгүй амьдрах чадвартай буюу эрчүүд хэрэггүй болдог. Харин 3-р давлагаанд феминист эмэгтэйчүүд өөрсдийгөө эрэгтэй гэдэг бол 4-р давлагаанд феминист эрэгтэйчүүд өөрсдийгөө эмэгтэй гэдэг” гэсэн зургийн хамт  оруулжээ. 

Тус постын агуулгыг феминизм, феминизмын давлагаа гэж юу болох, хэрхэн үүссэн, ямар асуудлыг хөнддөг гэх мэтийн холбогдох судалгаа мэдээллүүдийн хүрээнд шалгасныг хүргэж байна.  

Феминизмийн үүсэл  

Феминизм нь нийгэм, эдийн засаг, улс төрд хүйсийн тэгш харилцааг чухалчилдаг итгэл үнэмшил бөгөөд анх Өрнөдөд суурь нь тавигдаж, дэлхий даяар тархсан гэж үздэг байна. Мөн улс орнуудад нийтлэг тулгамддаг байсан дараах асуудлуудад шийдэл олох нь феминизмийн үүслийн анхдагч нөхцөл гэж болно. Тодруулбал, 

  • Барууны орнуудын түүхийн ихэнх үед эмэгтэйчүүд гэр бүлийн амьдралдаа, харин эрчүүд олон нийтийн амьдралд оролцдог байсан.  
  • Дундад зуунд Европд эмэгтэйчүүд өмч эзэмших, сурч боловсрох, нийтийн амьдралд оролцох эрхгүй байсан.  
  • Францад XIX зууны сүүл үед хүртэл эмэгтэйчүүд олны дунд толгойгоо далдлах ёс хэвээр байсан бол Германы зарим хэсэгт нөхөр нь эхнэрээ зарах эрхтэй байжээ.  
  • XX зууны эхээр Европ болон АНУ-ын ихэнх хэсэгт эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх болон сонгуульт албан тушаал хаших боломжгүй байсан. 
  • Америкт эмэгтэйчүүд аав, ах, нөхөр, хуулийн этгээд, эсвэл хүү гэх мэт хэн нэгэн эрэгтэй хүнээр л төлөөлүүлэхгүй бол бизнес хийх хориотой байсан төдийгүй гэрлэсэн эмэгтэйчүүд нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр үр хүүхдээ хянаж, захирах боломжгүй байжээ.  
  • Үүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүд боловсрол эзэмших боломж муу, эсвэл бараг байдаггүй бөгөөд ихэнх мэргэжил тэдэнд хориотой байв.  

Энэ мэтээр хүйсээс нь хамаарч, эрх тэгш амьдрахыг хязгаарладаг дарангуй, бусармаг байдлаас эмэгтэйчүүдийг аврах, хүйсийн тэгш оролцоог хангах үүднээс феминизмийн ерөнхий суурь тавигдсан гэж үздэг.  

Ийнхүү улс төр, эдийн засаг, соёлын эрх чөлөөг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангахыг уриалсан феминист хөдөлгөөнүүд XIX зууны дунд үеэс АНУ-д зохион байгуулагдаж эхэлжээ. Гэсэн хэдий ч тухайн хөдөлгөөнүүд бүгд ижил тодорхой зорилго, хандлага баримталж, ижил бүлгийн эмэгтэйчүүдийг жагсаал цуглаандаа хамруулж чаддаггүй байсан аж. Тиймээс  ч үе үеийн ялгаанаас үүдэж,  феминизмийг цаг хугацааны 4 өөр дараалал /давлагаа/-д хуваан үздэг.  

Феминизмийн давлагаанууд

Феминизмийн анхны давлагаа: 1848‑1920 он 

Феминизмийн анхны давлагаа нь олон нийтийн жагсаал цуглаан, мэтгэлцээн зохион байгуулах, сонин хэвлэлээр идэвхжүүлэх, олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага байгуулах зэргийг эрэлхийлж байв. XIX зууны эцэс гэхэд энэ нь дэлхий даяарх хөдөлгөөн болж, “феминизм”, “феминист хөдөлгөөн” гэсэн үгсийг хэрэглэж эхэлжээ. 

  • 1848 оны 7-р сард АНУ-ын Сенека хүрхрээнд эмэгтэйчүүдийн эрхийг олж авахын төлөө анхны зохион байгуулалттай хөдөлгөөн болжээ. Энэ үеэр эмэгтэйчүүд санал өгөх эрх гэх мэт тодорхой 12 зүйлийг тусгасан тунхаг бичгээ зарлаж, эрчүүдтэй ижил тэгш эрхтэй байхыг хүсэн гарын үсгээр баталгаажуулсан байна.  
  • 1920-иод он гэхэд Европын ихэнх улс орон болон Хойд Америкт эмэгтэйчүүд санал өгөх эрхээ олж авч чаджээ. Үүнтэй зэрэгцэн эмэгтэйчүүд коммунист, социалист, социал-демократ намуудад илүү идэвхтэй оролцож, гэрээсээ гадуур буюу үйлдвэр, албан тасалгаанд ажиллах эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн байна. Түүнчлэн, XX зууны эхээр эмэгтэйчүүдийг их сургуульд орохыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч, зарим улс оронд фашист намууд эрх мэдлийг авахын тулд феминист хөдөлгөөнийг хориглодог байжээ.  
  • Дэлхийн II дайн дууссаны дараа эмэгтэйчүүд дахин зохион байгуулалтад орж, улмаар Европын ихэнх оронд улс төрийн тэгш эрхийг баримтлах, эмэгтэйчүүдийг чөлөөлөх нь чухал зорилго болж, ихэнх эмэгтэй бүтэн цагаар ажиллах, нөхрөөсөө салах, гэр бүлээ цуцлуулах боломжтой болжээ. 

Феминизмийн хоёрдох давлагаа 1963-1980-аад он 

Бетти Фридан гэх эмэгтэй 1963 онд гаргасан “The Feminine Mystique” номоороо  эмэгтэйчүүд эхнэр, эх хүний үүргээ биелүүлэхдээ дургүйцдэг гэх агуулга, яриаг няцаажээ. Энэхүү ном асар их амжилтад хүрч, 3 жилийн дотор 3 сая хувь борлуулагдсан бөгөөд феминизмийн 2 дахь давлагаа хэмээн танигдсан аж. 

Ийнхүү Баруун Европ болон АНУ-д феминист хөдөлгөөн 1970-аад онд дахин сэргэжээ. Феминизмийн 2 дахь давлагаа нь “эмэгтэйчүүдийн эрх чөлөө”-нд хүрэх зорилготой байсан ч хэрхэн хийх тухайд бүлэг бүр өөр өөр үзэл бодолтой байсан гэдэг. Тухайлбал,  

  • Либерал феминистүүд тэгш байдлын тухай илүү сайн хууль баталж, сургууль, сүм хийд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг байгууллагыг шинэчлэхийг хүсэж байсан бол, 
  • Радикал феминистүүд эмэгтэйчүүдийн тэгш бус байдлын үндсэн шалтгааныг патриарх /эцгийн эрхт/ ёс бөгөөд эрчүүд эмэгтэйчүүдийг дарамталдаг гэж үздэг байв. Мөн тэд эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд анхаарал хандуулж, гэр бүлийн хүчирхийлэл, аливаа хүчин үйлддэг эрчүүдийн эсрэг дуугарах болжээ. 
  • Харин Социалист феминистүүд эцгийн эрхт ёс ба капитализм нийлээд эмэгтэйчүүдийн дарангуйллыг үүсгэдэг гэж үздэг байв. 

Феминизмийн хоёрдох давлагаа нь шинжлэх ухааны шинэ салбаруудыг бий болгосон гэж үздэг. Тодруулбал, эмэгтэйчүүдийн судалгаанууд их сургуульд чухал судлагдахуун болж, ном зохиол, хөгжим, шинжлэх ухааны салбарт ч эмэгтэйчүүдийн гаргасан амжилт, өмнө нь огт бичигдээгүй байсан эмэгтэйчүүдийн түүхийг ном болгон хэвлэж эхэлсэн байна. 

Үүнээс гадна тэр үеийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд нь “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах  тухай конвенц (1979)” зэрэг хүний эрхийн тухай олон улсын баримт бичгүүдийг зохиоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. 

Феминизмийн гуравдахь давлагаа 1990-ээд он 

1980-аад онд эмэгтэйчүүдийн эрхэнд халдсан зохион байгуулалттай дайралтууд улам хүчтэй болсон байжээ. Тус давлагааны эхэн үеийн хөдөлгөөнүүд нь ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах, эрх мэдэлтэй эмэгтэйчүүдийг нэмэгдүүлэх зэрэгт илүү чиглэсэн байна. 

  • Энэ үеийн давлагааг 1990-ээд оны Америкийн хөдөлгөөн төлөөлдөг бөгөөд феминизмийн төгсгөл ирсэн эсвэл “пост-феминизм” гэх мэтээр мэдээлсэн хуучны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улстөрчдийн эсэргүүцэлд хариу үзүүлж байсан аж.  
  • Мөн арьс өнгөөр ялгаварлах асуудал, дэлхийн бусад хэсэгт эмэгтэйчүүдийн байр суурь (дэлхийн феминизм) ямар байгаад илүүтэй анхаарч, арьс өнгө, анги давхраажил, хүйс, бэлгийн чиг баримжаа зэргийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж чаджээ.  
  • Гуравдахь давлагааны бас нэгэн онцлог нь феминизмийн үзэл санааг сурталчлах, хүмүүсийн өдөр тутмын амьдралд илүү ойртуулахын тулд блог, цахим сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, поп соёлыг идэвхтэй ашиглах, хэвлэн нийтлэх болсон явдал аж.  

Феминизмийн дөрөв дэх давлагаа: Киберфеминизм ба феминизм сүлжээ 

  • Энэ цагийн феминимзийг тодорхойлох харьцангуй төвөгтэй ч интернэтийн хөгжил, нийгмийн сүлжээний идэвхтэй байдлаар илүүтэй тодорхойлдог. Киберфеминизм гэх нэр томьёо нь ерөнхийдөө интернэт, кибер орон зай, шинэ медиа технологийг ашигладаг феминистүүдээс гарчээ. 
  • Киберфеминизм нь эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхах, хөнөөх, хүчирхийлэхийн эсрэг арга хэмжээ авахад хүмүүсийг уриалах, дайчлахад анхаардаг байна. Үүний нэг жишээ бол анх 2007 онд Тарана Беркийн санаачилсан “#MeToo” гэх хөдөлгөөнийг 2017 онд нөлөө бүхий цахим хөдөлгөөн болгож өрнүүлсэн явдал юм. Тодруулбал, кино үйлдвэрийн салбарын эмэгтэй ажилтнуудад бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгагдаж байсан Холливудын продюсер Харви Вайнштейний хэргийг энэ хөдөлгөөнөөр сөхөж, олон нийтийн сүлжээ ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс эмэгтэйчүүд  эсэргүүцлээ илэрхийлжээ. 

Феминизм нь XIX зуунаас эхлэн ийнхүү олон мянган хүнийг эгнээндээ нэгтгэж, олон жагсаал хөдөлгөөн, арга хэмжээ, арга барилаар идэвхжсээр өнөөг хүрчээ.  

Хэт феминизм буюу Радикал феминизм 

Феминизмийн хоёрдох давлагаагаар бий болсон өрөөсгөл урсгалын нэг нь радикал феминизм юм. Энэ нь эмэгтэйчүүдийн дарангуйллын үндэс гэж үздэг эцгийн эрхт ёсыг үгүй болгохын тулд нийгмийг үндсээр нь өөрчлөн зохион байгуулахыг шаарддаг талаар дээр цухас дурдсан билээ.  

“Радикал” гэдэг үгийн тодорхойлолт нь “язгуурын буюу үндэс язгууртай холбоотой” гэсэн утгатай. Радикал феминизм нь ерөнхийдөө эмэгтэйчүүдийг системчилсэн дарангуйлалд оруулдаг уламжлалт эцгийн эрхт ёсыг устгах, жендэрийн үүргийг задлахыг эрмэлздэг байна.  

Энэ урсгалын гол үзэл нь: 

  • Эрчүүд бол дайсан бөгөөд гэрлэлт, гэр бүл нь эцгийн эрхт ёс оршин тогтнохыг зөвшөөрдөг гол хүрээлэл 
  • Эрх тэгш байдлыг бий болгохын тулд эцгийн эрхт ёсыг халах хэрэгтэй. Ингэхийн тулд гэр бүлийг халж, жендэрийн салан тусгаарлах үзлийг бий болгох хэрэгтэй 
  • Салалт, нөхөн үржихүйн байдлаа хянаж чаддаг болбол эмэгтэйчүүд заавал гэр бүлтэй болох шаардлагагүй 

Радикал феминизм нь TERF буюу Транс-гадуурхагч радикал феминистүүдтэй холбогддог трансфобия (жендэрийн дүрд үл нийцэх хүмүүсээс айх, дургүйцэх, үзэн ядах, хүчирхийлэх эсвэл бухимдах г.м үзэл) хэмээн ихээхэн шүүмжлэлд өртдөг байна. TERF гэх нэр томьёо анх 2008 онд хэсэг радикал феминистүүдээс бий болсон бөгөөд тэд трансжендэртэй холбоотой хууль тогтоомж, транс эмэгтэйчүүд хэмээх байр суурийг эсэргүүцэн, тэднийг эмэгтэйчүүдийн тоонд оруулахаас татгалзах, ялгаварлан гадуурхах зэрэг явдлаас үүсчээ.  

Дүгнэлт 

Феминизм нь ерөнхийдөө хүйс үл хамааран хүн бүр тэгш амьдрах эрхтэй, тэгш байдлыг хангах хэрэгтэй гэсэн гол үзэл санаан дор оршдог гэж үздэг. Эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй ч, эмэгтэйчүүдийн эрх илүүтэй зөрчигдсөөр  ирсэн тул тэдний эрхийн тухай асуудлыг илүү чухалчилсаар иржээ. 

Хүний эрхийн тухай олон улсын гэрээ болон бусад баримт бичигт хүний эрх хэмээн тусгасан байдаг буюу эрэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх гэж тусдаа зүйл байхгүй.  

Тиймээс феминизм зөвхөн эмэгтэйчүүдэд давуу эрх олгохын төлөө зүйл, эмэгтэйчүүд тусгай эрхтэй, эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эрх мэдэлтэй болох ёстой мэтээр мушгин гуйвуулж, ташаа мэдээлэл түгээх нь хүний эрх, жендэрийн мэдрэмжгүй үйлдэл юм. Нөгөө талаас, “эмэгтэйчүүд сайхан амьдрах ёстой, эрчүүдээс илүү байх ёстой, эрчүүд эмэгтэйчүүдийг дарангуйлдаг учир тэдэнтэй гэр бүл болох хэрэггүй” хэмээх үзэл суртлыг сурталчилдаг, давуу эрх, мэдэл олох гэсэн хэт феминист үзэл ч байдаг тухай бид дээр дурдсан. Тиймээс феминизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхдээ анх үүссэн болоод өнөөг хүртэл үргэлжилж буй гол шалтгаан, мөн чанарыг гуйвуулахгүй байх нь чухал юм.  

Шалгасан постыг дээрх мэдээллүүдийн хүрээнд нэгтгэн дүгнэвэл феминизмийн үзэл санааг гуйвуулсан буюу “феминистүүд эрэгтэйчүүдээс илүү болохыг хүсдэг” гэх ташаа утгыг илэрхийлсэн, төөрөгдүүлсэн мэдээлэл байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document