2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр Улс төржөөгүй улс төрийн пэйж гэх хаягаас “Ховдын тарвас нитритийн агууламж өндөртэй байна. Энгийн хэмжээ нь 60 мг/кг байхаас 600-тай хэмжээ гарсан” тухай бичлэг нийтэлжээ. Мөн бичлэгийн тайлбар хэсэгт “Анхаар ‼️‼️ Мөнгө л олж байвал худалдаж авсан бусад нитритэд хордож үхсэн ч тоохгүй болсон. Тарвас дахь нитрит хүний биед яаж нөлөөлдөг вэ‼️‼️ Нитрит бол азотын хүчлийн давс юм. Тарваст бордоо болгож түргэн болгохын тулд нэмэгдэл маягаар хэрэглэдэг. Биед их хэмжээгээр орсноор ходоодны шүүстэй урвалд орж хортой нитритууд болж хувирдаг. Цусанд шингэж нэвтэрснээр цусны улаан гемоглобиныг метгемоглин болгож хувиргаж улаан бөөм хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн хийг тээх чадваргүй болгодог. Цусан дахь хэмжээ 30% болох юм бол хүчтэй хордлого, амьсгал боогдолт, тахикарди, биеийн даралт огцом унадаг. Цусан дахь хэмжээ үргэлжлэн нэмэгдэх юм бол үхэлд хүргэнэ. Мөн ходоодны хүчиллэг орчинд нитритууд нитрозамин болж урвалд орж хоол боловсруулах эрхтнүүдийн хавдар болох эрсдэлтэй болгодог” гэжээ. Уг бичлэг 4900 гаруй реакц, 623 сэтгэгдэл авч, 3300 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэг дэх багаж нь зөвхөн нитратыг хэмжих багаж юм. Үүгээр биед үүсэх нитритийн хэмжээг хэмжих боломжгүй. Энэ нь бичлэг тайлбар хоёр зөрж буйг харуулж байна. Манай улс амтат гуа, тарвасын төрлийн жимсийг арав гаруй орноос импортолдог байна. Тиймээс бичлэгт буй тарвасыг Ховдын тарвас гэж нотлох боломжгүй. Мөн тухайн бичлэг нь анх 2021 онд цацагдсан бөгөөд анхаарал татаж дагагчаа нэмэхийн тулд хуучин бичлэгийг одоо цагт болсон мэтээр төөрөгдүүлж байна.
Ташрамд дурдахад, 2021 онд буюу бичлэг цацагдсан жил Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар-аас Ховдын тарвас зөвшөөрөгдсөн хэмжээндээ стандарт шаардлага хангасан талаар мэдээлж байжээ.
Нитратын зөвшөөрөгдөх хэмжээ нь төрөл зүйл, улс орноос хамаарч өөр өөр байдаг. Манай улсын хувьд нитратын хэмжээг тогтоох олон улсын зааврыг дагаж, зөвшөөрөгдөх хязгаарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Европын Холбооноос тогтоосон стандарттай нийцүүлэн 50 мг/л (NO₃ хэлбэрээр) тогтоосон байдаг. Мөн НҮБ болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Хүнсний нэмэлтүүдийн хамтарсан шинжээчдийн хороо (JECFA) болон Европын Комиссын Хүнсний Шинжлэх Ухааны Хорооноос нитратын хоногийн зөвшөөрөгдөх хэмжээг биеийн жин тутамд 0-3.7 миллиграмм (мг) гэж тогтоожээ.
Greentest нитрат хэмжигч багажийн үр дүн лабораторийнхоос өөр гардаг
Бичлэгт харагдаж буй багаж нь АНУ, Тайваны мэргэжилтнүүдийн 2006 онд байгуулсан компанийн Greentest гэх багаж юм. Уг багажаар 64 төрлийн жимс ногоо, махны нитрат болон усны хатуулгийн хэмжээ, радиац (цацрагийн шинжилгээ) зэргийг харж болох гэнэ.
Гэвч төхөөрөмжийн үнэн зөв, алдаа мадаггүй ажилладаг эсэхийг АНЭУ-ын үндэсний хэвлэлд мэдээлсэн байна. Тодруулбал, “Онлайнаар худалдаалагдаж буй Green Test Eco төхөөрөмжүүд нь жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд химийн бордоо, пестицидийг илрүүлдэг гэх шалтгаанаар алдартай болсон. Гэсэн хэдий ч энэхүү төхөөрөмж нь зөв үр дүн өгөхгүй байна. Хотын захиргааны мэргэжилтнүүд дээрх төхөөрөмж ашиглан хийсэн туршилтыг өөрийн лабораторид хийсэн туршилттай харьцуулахад үр дүнд нь мэдэгдэхүйц ялгаатай гарсан. Үүний үр дүнг олон улсын агентлаг баталгаажуулсан” гэж Дубайн төв лабораторийн захирал Амин Мохаммед хэлжээ. Иймд мэргэжлийн лабораторид хийсэн туршилтад итгэхийг сануулсан байна.
Харин багаж хэрхэн хэмждэг талаар Greentest нитрат хэмжигчийг борлуулдаг хаягаас зөвлөмж хүргэсэн байна. Үүнд, “Багажаар хэтэрсэн гэсэн улаан өнгийг анзаарахаас гадна. Нитратын тоогоо харах ёстой. ДЭМБ-ын зөвлөснөөр насанд хүрсэн хүн өдөрт 1 кг биеийн жин тутамдаа 3.7 мг нитратыг дээд тал нь хэрэглэж болно гэж зөвлөсөн. Жишээ нь тарвас дээр санал болгох хэмжээ нь 60 мг. Тестээр шалгахад хэтэрсэн гээд улаан заасан боловч 140 мг гэж байвал айх хэрэггүй. Харин бага хэмжээгээр идэх ёстой гэсэн үг. Дээрх тооцооллоор бол 50 кг жинтэй хүн нэг өдөрт (50кг * 3.7мг) 185 мг нитратыг дээд тал нь хүнсэндээ хэрэглэж болно гэсэн үг, 140мг нитрат агуулах тарвасыг 1.3 кг-аас илүү хэрэглэх аюултай гэсэн үг. Улаан өнгийн анхааруулга нь зөвлөсөн хэмжээнээс их байгааг л харуулж байгаа юм” гэсэн байна.
Нитрат ба нитритийн ялгаа:
Нитрат ба нитрит нь хоёр өөр төрлийн нэгдэл юм. Нитрат (NO3) нь нэг азотын атом, гурван хүчилтөрөгчийн атомоос бүрдэнэ. Нитрит (NO2) нь нэг азотын атом, хоёр хүчилтөрөгчийн атомоос бүрдэнэ. Нитратууд нь амны хөндий, биед агуулагдах бактери ба ферментийн (тодорхой химийн урвалын хурдыг хурдасгадаг бодис) нөлөөгөөр нитрит болгон хувирдаг. Нитратууд (NO3) нитрит болон задрах хүртэл идэвхгүй, харьцангуй хор хөнөөл багатай байдаг гэж мэргэжилтнүүд үздэг байна.
Зураг 1: Нитрат болон нитритийн химийн томьёо
Хүнс дэх нитрат, нитритээс үүсэх эрсдэл ба ашиг тусын судалгаанд эдгээр нь сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнд байдаг хамгийн маргаантай хоёр бодис болсон бөгөөд байгалийн гаралтай болон боловсруулалт хийхийн тулд ашигласан нэмэлт гэж ангилна. “Нитратуудын дийлэнх хувийг хүнсний ногоогоор дамжуулан хэрэглэдэг. Навчит ногоо (ялангуяа рукола, бууцай) нь нитратыг хамгийн их хэмжээгээр агуулдаг ч хоорондоо ялгаатай. Нитратын ион нь хортой биш боловч агаар, бактери зэргийн нөлөөгөөр (ходоод гэдэсний замд) уусан нитратын 5% -25% нь нитрит болж хувирдаг бөгөөд энэ нь илүү хортой байдаг. Нитрит нь азотын нэгдлүүдээс нитрозамин болон хувиргах нь биед сөрөг нөлөөлөлтэй. Энэ нь хэтэрсэн тохиолдолд ходоод гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Нөгөөтэйгөөр, нитратын хувирлын үр дүнд үүссэн азотын ислийн ашиг тус, тэр дундаа цусны даралтыг хянах, зүрх судасны эрүүл мэндийг сайжруулах зэргээр олон судалгаанд дурдсан байдаг. Ялангуяа махны үйлдвэрлэл нь (зайдас, хиам г.м) нитрат, нитритийн хэрэглээ их. Учир нь эдгээр бодис нь мах боловсруулах, хадгалахад хүнсний нэмэлт бодис болдог” гэж тусгажээ.
Зураг 2: Бие дэх нитратын эргэлт
Хүнсний нитратын (NO3) боловсруулалт нь голчлон шүлсний булчирхайд явагддаг бөгөөд нитратын нэг хэсэг нь амны хөндийн бактерийн нөлөөгөөр нитрит болж хувирч, улмаар ходоод, гэдсэнд шингэдэг. Цусны эргэлтээр нитратын 25 орчим хувь нь шүлсний булчирхайгаар дахин шингэдэг. Үлдсэн ихэнх хэсэг нь бөөрөөр ялгардаг. Энэ замаар нитрит үүсэж (NO2) азотын ислүүд (NO) болж хувирдаг.
Нитрат болон нитрит эрүүл мэндэд нөлөөлөх тухай судалгаанд түүний ашигтай талуудыг тусгаж өгсөн байна. “Хүмүүс өдөр тутмын хоолны дэглэмийн нэг хэсэг болох органик бус нитратыг ихэвчлэн ногоон, навчит ногоогоор дамжуулан залгидаг. Хоол хүнсний нитрат ба нитрит нь физиологийн идэвхжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаашилбал, нитратын нэмэлт тэжээлүүд нь биеийн тэнцвэрт байдлыг хангах, эмгэгийг сайжруулах (цус харвалт, миокардийн шигдээс, системийн болон уушгины гипертензи гэх мэт) болон ходоодны шархыг намдаах үйлчилгээтэй. Хэвийн хоол хүнсний нитрат ба нитрит нь хүний эрүүл мэндэд ямар ч хор хөнөөл учруулаагүй бөгөөд хоол хүнсний нитрат болон хорт хавдрын тодорхой холбоог баталгаажуулсан нотолгоо байхгүй байна.” Хоол хүнсний нитрат ба нитрит нь биеийг азотын ислээр (NO) хангах замаар физиологийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн тэдгээрийн биологийн үйл ажиллагаа, хэрэглээг цаашид судлах шаардлагатайг ч уг судалгаанд өгүүлжээ.
- Нэг үгээр бол нитрат болон нитрит нь хоёр өөр нэгдэл бөгөөд хяналттай, зөв хэрэглээтэй байх нь эрүүл мэндэд хор хөнөөлгүй.