Search

Эрэгтэй хүн “шалчига” болсон шалтгаан гэх мэдээлэлд дурдсан агуулгууд судалгаагаар батлагдаагүй 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1113

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Эрэгтэйчүүд эрт унтахгүй, гормонтой тахиа, гахайны мах идэж байгаагаас болоод даавар нь багасч, эмэгтэйлэг болж байна” гэх агуулгатай бичлэгийн хэсгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Эрэгтэй хүний бэлгийн гол даавар бол тестостерон 22-03 цагт ялгардаг, гормонтой тахиа, гахайны мах идсэнээр эрэгтэйчүүдийн тестостероны түвшин буурч, эмэгтэйлэг болж байна” гэсэн агуулга судалгаагаар батлагдаагүй

“YOGA MED” нэртэй пэйжэд 2024.08.04-нд “Монгол эрчүүд яагаад шалчига болоод байгаа юм. Яагаад хов ярьдаг болоод байгаа юм. Яагаад монгол эрчүүд нүүрэндээ өнгөлөгч түрхээд байгаа юм. Яагаад трико булаацалдаад байгаа юм гэнгүүт энд эрэгтэй хүнд байх ёстой, төмсөг нь шөнө үйлдвэрлэдэг тэр дааврыг ялгаруулахаа больчхоод байна аа. 22 цагаас 03 цаг хүртэл эрэгтэй хүний төмсөг тэрийгээ боловсруулдаг юм аа. 03 цагаас хойшоо бол ашиггүй нойр. Тэгэхээр 22-03 цагийн хооронд унт. Дээр нь хоол. Тахианы мах, гахайн маханд гормон байна. Шинжлэх ухаанаар нь тайлбарлавал эд нар нь эмэгтэйлэг болоод байна гэдэг ч юм уу. Ингээд яваад байна. Энэ чинь гарц хайгаад байна, шийдэл яриад байна. Ийм юм ядаж хийж байгаа нь ганцхан би байхгүй юу” гэх ярианы хэсгийг “Үнэээээн. Эрт унт. Гэхдээ нүүрэндээ чийгшүүлэгч түрхэх бол нойртой хамаагүй байх” гэсэн тайлбартайгаар постолжээ. 

Дараах байдлаар баримт шалгалт хийв 

Бичлэгийн агуулгыг шалгахдаа эрэгтэй хүний голлох даавар, түүнийг үйлдвэрлэх процесс болон мөчлөгийн талаар, мөн тахиа, гахайны мах гэх мэт зарим хоол хүнс нь эрэгтэй хүний дааварт нөлөөлдөг нь үнэн эсэхийг судалгаа, баттай эх сурвалжуудын мэдээллээр нягталлаа. 

Эрэгтэй хүний гол бэлгийн даавар нь тестостерон бөгөөд эрэгтэйлэг шинж чанарыг хөгжүүлэхэд түлхэц болдог байна. Иймд, энэ дааврын тухай шалгасан бичлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэе.  

Кливланд клиникийн мэдээлэл:  

  • Тестостерон даавар нь гол төлөв бэлгийн булчирхай буюу эрэгтэй хүний төмсөг (AMAB), эмэгтэй хүний өндгөвч (AFAB)-өөс ялгардаг. Үүнээс гадна бөөрний булчирхайнаас дегидроэпиандростерон (DHEA) даавар ялгарах ба бие организм үүнийг тестостерон болон эстроген болгон хувирдаг байна. 
  • Эрэгтэй хүний тестостероны түвшин эмэгтэй хүнийхтэй харьцуулахад хамаагүй өндөр байдаг. Харин тестостероны хэмжээ хэт өндөр эсвэл хэт бага байвал тодорхой шинж тэмдгүүд илэрдэг. 
  • Синтетик буюу лабораторийн аргаар гаргаж авсан тестостерон дааврыг анаболик стеройд гэж хэлдэг.  Синтетик тестостероныг эрүүл мэндийн салбарт янз бүрийн өвчнийг эмчлэх, зохицуулах байдлаар ашигладаг.  
  • Тестостерон нь ургийн хөгжил, эрэгтэй хүүхдийн бэлгийн бойжилт, нас биед хүрэх гэх мэт амьдралын янз бүрийн үе шатад өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь, бэлгийн бойжилтын үед эрэгтэй хүүхдийн өсөлт, бие болон бэлэг эрхтний үс ургалт, бэлэг эрхтэн, төмсөг, түрүү булчирхайн хөгжил, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх гэх мэт олон өөрчлөлтийг бий болгодог.  
  • Завсрын тархины урд тал буюу гипоталамус болон өнчин тархи нь бэлгийн булчирхайд (төмсөг, өндгөвч) ялгарч буй тестостероны хэмжээг хянадаг аж. 

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн дижитал клиник MANUAL-н мэдээлэл 

  • Тестостероны түвшин өглөөд хамгийн их байдаг (тиймээс тестостероныг хэмжихдээ цусны шинжилгээг ихэвчлэн өглөө хийдэг) ба хоол идсэний дараа буурдаг аж. 
  • Тестостероны түвшин 17-19 насанд дээд цэгтээ хүрдэг. Эрүүл, залуу эрчүүдэд өдөрт ойролцоогоор 6 мг тестостерон бий болдог байна. 
  • Ойролцоогоор 30 наснаас эхлэн тестостероны хэмжээ маш аажмаар буурч эхэлдэг. Ихэнх эрэгтэйн хувьд жилд ердөө 1 хувиар буурдаг бөгөөд 70 нас хүрэхэд эрэгтэй хүний тестостероны үйлдвэрлэл хамгийн өндөр үеийнхээсээ 30 хувиар буурсан байдаг. 
  • Өндөр настай эрчүүдийн 75-аас багагүй хувийнх нь тестостероны хэмжээ хэвийн түвшинд байгаа гэсэн тооцоо байдаг. 

40+ насны эрүүл эрчүүдийн тестостероны түвшин: 

  • 40-өөд насныханд 252–916 нг/дл 
  • 50-иад насныханд 215–878 нг/дл 
  • 60-аад насныханд 196–859 нг/дл 
  • 70-аад насныханд 156–819 нг/дл 

Тестостероны түвшин бага үед мэдрэгдэх нийтлэг шинж тэмдэг: 

  • үс унах 
  • булчингийн масс буурах 
  • арьс эмзэгших 
  • бэлгийн дур хүсэл буурах 
  • сэтгэл санаа үймүүлэх 
  • санах ой эсвэл төвлөрөлттэй холбоотой асуудал 

“Эрүүл, залуу эрчүүдийн тестостероны түвшин ба нэг долоон хоногийн нойрны хязгаарлалтын нөлөө ” судалгаа 

  • Уг судалгааны төслийг Чикагогийн Их сургуулийн хяналтын зөвлөлөөс баталж, 28 сайн дурын оролцогчийг хамруулжээ. Судалгаанд оролцогчид эхлээд гэртээ 1 долоон хоногийн турш өдөрт 8 цаг (23-07 цаг хүртэл) унтсан бол дараа нь туршилтын лабораторит өдөрт 10 цагаар (22-08 цаг хүртэл) 3 шөнө, 5 цагаар (00:30-05:30 цаг хүртэл) 8 шөнө тус тус хоносон байна.   
  • 08-22 цагийн хооронд буюу сэрүүн байгаа үедээ оролцогчдын тестостероны түвшин 18.4 наномоль/литр байсан бол нойроо хязгаарлуулсаны дараа (16.5 [2.8] нм/л болж багасчээ. Ялангуяа 14:00 болон 22:00 цагийн хооронд хязгаарлагдмал нойрны нөлөө мэдэгдэхүйц гарсан байна.  
  • Туршилтын үр дүнг тоймловол, 1 долоо хоногийн турш нойрны хязгаарлалттай байсан эрүүл, залуу эрчүүдийн нэг өдрийн тестостероны хэмжээ 10-15 хувиар буурсан байна. Ийнхүү буурсан нь стресст хариу үйлдэл үзүүлэх кортизолын түвшин нэмэгдсэнтэй холбоотой биш харин биеийн эрч хүч суларсантай холбоотой байсан гэнэ.  

Дээрх үр дүнгүүд нь нойр болон тестостероны уялдаа холбоог хангалттай тодорхойлохгүй тул нэмж судлах шаардлагатайг мөн судалгаанд онцолжээ. 

Хоол хүнс тестостероныг түвшинг бууруулах боломжтой юу? Medical News Today-ийн нийтлэл 

Буурцаг, цагаан идээ, өөх тос гэх мэт зарим хоол хүнс нь бие дэх тестостероны түвшинг бууруулдаг гэж үздэг хүмүүс байдаг ч холбогдох судалгаанууд хязгаарлагдмал байна.  

  • Буурцагт бүтээгдэхүүн: 2021 онд нийтлэгдсэн “Шар буурцаг болон изофлавон / бүтэц болон молекул жингээрээ эстрогентэй төстэй фитоэстроген / нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн дааварт нөлөөлдөггүй: Эмнэл зүйн судалгааны өргөтгөсөн, шинэчилсэн мета-анализ”-ын хүрээнд буурцаг болон фитострогенүүдийн аль аль нь тестостероны түвшинд ямар нэг нөлөө үзүүлдэггүй нь тогтоогджээ. 
  • Талх, нарийн боов, амттан: Талх, нарийн боов болон бусад амттанаар баялаг хүнсний өндөр хэрэглээ нь Тайваны нийт эрчүүдийн тестостероны түвшин буурч байгаатай  холбоотой гэж 2018 оны судалгаанд дурджээ. Мөн сүүн бүтээгдэхүүн их хэрэглэх, гадуур байнга хооллох, навчит ногооны хангалтгүй хэрэглээ зэрэг нэмэлт хүчин зүйл ч нөлөөлснийг онцолсон байна. Үүнээс гадна, судалгаанд оролцогчдын булчингийн масс,биеийн өөх тос ч харьцангуй бага байжээ. 
  • Зарим өөх тос: Хүн ямар төрлийн өөх тос хэрэглэж байгаа нь тестостероны даавар болон ерөнхий үйл ажиллагаанд нь нөлөөлж болдог аж. 2017 оны судалгаагаар эрүүл, залуу эрчүүдийн дааврын түвшин, ходоодны үйл ажиллагаатай холбогдуулж, хоолны дэглэмийг судалжээ. Ийнхүү судлахад транс өөх тос идэх нь тестостероны түвшинг бууруулдаг бөгөөд хэт их омега-6 тосны хүчил нь төмсөгний хэмжээ, үйл ажиллагааг бууруулдаг нь тогтоогджээ. Харин эсрэгээрээ ханаагүй нүүрстөрөгч их агуулсан омега-3 тосны хүчлийг их идэх нь төмсөгний хэмжээг томруулж, үйл ажиллагааг нь сайжруулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 

Дааврын тэнцвэргүй байдал эсвэл тестостероны түвшин буурахад нөлөөлж болох бусад хүчин зүйл: 

  • насжилт 
  • суурин амьдралын хэв маяг 
  • эм, тамхи, каннабисын архаг хэрэглээ 
  • таргалалт 
  • чихрийн шижин 

Дүгнэлт:  

Дээрх мэдээллүүдээс харахад шалгасан мэдээлэлд дурдсан шиг эрэгтэй хүний гол даавар 22-03 цагт ялгардаг ба 03 цагаас хойш ялгардаггүй гэдгийг нотлох судалгаа байхгүй буюу бүрэн бус мэдээлэл болж таарч байна. Түүнчлэн, нойрны хугацаа багасахад тестостероны түвшин хэвийн үеийнхээс бага зэрэг буурсан судалгааны дүн байгаа ч тэр нь эрэгтэй хүний зан байдалд нөлөөлөхүйц хэмжээний гэх нотолгоо байхгүй.  

Тестостероны түвшинг бууруулж болзошгүй зарим хоол, хүнсний талаар нарийн судалгаанууд хийсээр байгаа ч шалгасан бичлэгт дурдсан шиг гормонтой тахиа, гахайны мах нь эрэгтэйчүүдийн тестостероны түвшинг бууруулдгийг баталсан туршилт, судалгаа мөн байхгүй байна.  

Ерөнхийд нь авч үзвэл, бичлэгт “эрэгтэйчүүд шалчигануур, хов ярьдаг, нүүрэндээ өнгөлөгч түрхэж, трико өмсдөг болоод байна” гэх агуулгыг дэлгэрүүлэхдээ судалгаагаар батлагдаагүй, бүрэн бус мэдээллүүдийг ярьжээ. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document