2024 оны 9 дүгээр сарын 6-нд 2024 оны зуны олимпын наадамд оролцсон боксчин “Имане Хэлифийг дэлхийн боксын холбооноос эрэгтэй хэмээн зарлаж, олимпийн алтан медаль, 25 сая долларын шагналыг нь хураагаад бүх насаар нь тоглох эрхийг нь хассан байна” гэж түгээжээ (энд бас энд).
Тодруулбал, Дэлхийн боксын холбоо (World Boxing Organization) дээрх шийдвэрийг гаргасан баримт байхгүй ба Олон улсын олимпын хорооноос (ОУОХ) дээрх мэдээллийг няцаажээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Дэлхийн боксын холбоо нь энэ удаагийн Олимпын боксын тэмцээнийг зохион байгуулж, хариуцаагүй бөгөөд олимпын медалийг хэн нэгнээс хураах эрхгүй аж. Гагцхүү медаль хураах эрх нь Олон улсын олимпын хороонд байдаг.
Имане Хэлифийн мэдээлэлд баримт шалгасан AAP буюу Australian Associated Press ОУОХ-оос энэ мэдээллийн талаар тодруулахад “Энэ мэдээлэлд үнэн зүйл нэг ч алга. Хэлифийн авсан алтан медаль ОУОХ-ны албан ёсны вэбсайт дээр хэвээр байгааг харж болно” хэмээжээ. Харин энэ талаар Дэлхийн боксын холбооноос тодруулахад тэд хариу өгөөгүй гэжээ.
ОУОХ медаль авсан тамирчдад мөнгөн шагнал олгодоггүй бөгөөд харин тухайн спортын холбоо болон тухайн улсын олимпын хороо, засгийн газар зэрэг нь тамирчдад мөнгөн шагнал өгөх боломжтой.
Шалгасан мэдээлэлд дурдагдсан Дэлхийн боксын холбоо (WBO) нь Олон улсын боксын холбооноос (International Boxing Association – ОУБХ) тусдаа, хамааралгүй байгууллага юм. ОУБХ өнгөрсөн 5 дугаар сард алтан медаль авсан тамирчдад 100 мянган ам.доллар өгнө гэдгээ зарласан. Үүний хагасыг нь тамирчинд, үлдсэнийг нь үндэсний холбоо болон дасгалжуулагч нарт хуваан өгнө гэжээ. Харин Имане Хэлифээс энэ шагналыг хураан авсан гэсэн албаны мэдээлэл одоогоор байхгүй байна.
Иймд та аливаа мэдээллийг тухайн салбарын албан ёсны байгууллага, холбоодын мэдээлэлтэй давхар баталгаажуулах нь чухал юм. Хэрэв эргэлзээтэй, хуурамч байж болзошгүй мэдээлэл харагдвал манай АСУУ чат боттой холбогдон шалгуулах боломжтой.