2024 оны долоодугаар сарын 24-ний өдөр Lkhagva Dorj гэх хаягаас “Жолооны курсэд заадаггүй нэг юм байна. Үүнээс болоод найзын маань найз аваарт ороод нас барсан байна” гэх өмнөтгөлтэй жижиг яриа оруулжээ. Тус бичлэгт “Хөдөө хол замд уулын уруу байнга тоормосоо ашиглаж явах юм бол 2 минутын дараа тоормосгүй болно” гэж ярьжээ. Мөн үүнээс сэргийлэхийн тулд уруудаж байхдаа хүнд араандаа хийж явахыг зөвлөсөн байна. Уг пост 16.4 мянга гаруй реакц, 505 сэтгэгдэл авч, 13 мянган удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Тоормос хэрхэн ажилладаг вэ?
Уг баримтыг шалгахын өмнө автомашины тоормос хэрхэн ажилладаг талаар мэдээлэл хүргэе.
- Тоормосны гишгүүр дээр гишгэхэд тоормосны төв аппарат дахь шингэнийг шахаж даралтад оруулснаар уг шингэн тусгай хоолойгоор дамжин, дугуй тус бүрийн хавчигч болон тэлэгч аппаратад хуваарилагдана. Тоормосны шингэн хавчигч, тэлэгч аппаратуудаар дамжин накладыг дугуйн пиланзтай шахаж, хавчих замаар тоормосолдог байна.
“Уруудаж байхдаа байнга тоормосоо гишгэвэл 2 минутын дараа ажиллахгүй болно” гэх мэдээлэл худал
Тоормосны систем нь шингэнээр (тоормосны шингэн буюу гидравлик) болон даралтат хийгээр ажилладаг гэсэн хоёр төрөлтэй. Суудлын автомашинд ихэвчлэн шингэнээр ажилладаг системийг өргөн хэрэглэдэг. Харин том оврын хүнд даацын автомашин, зарим автобусанд даралтат хийн системийн тоормос суурилагдсан байдаг.
Тоормосны хэвийн ажиллагааны үед “уруу замд хоёр минутын турш тоормосоо дарж явахад ажиллахгүй болно” гэх нөхцөл байхгүй. Учир нь хоёр минутын турш тоормос ашиглалаа гээд шингэн болон хийн систем ажиллахгүй болох боломжгүй.
Хот дотор унадаг автомашинуудын хувьд тоормосны шингэний ашиглах хугацаа 2-3 жил байдаг. Удаан хугацаанд завсар, үйлчилгээ хийлгүй, тоормосны систем доголдсон, гэмтсэн бол анхааруулах тэмдэг хянах самбарт гардаг. Гэхдээ тэр дороо тоормос ажиллахгүй болно гэж байхгүй, гэмтлээс хамаарч тодорхой хугацаанд тоормос жигд бус барьж, автомашины зогсох хугацаа удааршрах зэргээр сөрөг нөлөө илэрсээр, танд дохио өгсөөр байдаг.
Хүнд араанд хийж уруудвал тоормосын ажиллагаанд эергээр нөлөөлөх үү?
Шалгасан бичлэгт гарч буй автомашин нь автомат хурдны хайрцагтай суудлын зориулалттай машин байна. Ихэнх энгийн автомат машины L нь хамгийн хүнд буюу 1-р арааг, 2-нь хоёрдугаар арааг илэрхийлдэг. Хүнд араан дээр автомашин дугуйг зугуухан боловч хүчтэй эргүүлж өгдөг.
Хальтиргаатай, шавар шалбаагтай зам, эсвэл цасан хунгар дээгүүр хөнгөн араатай явахад дугуй хий эргэж, улмаар шавар, цасанд сууж хөдлөх боломжгүй болгодог. Тиймээс дугуйг зугуухан, хүчтэй эргүүлэх хүнд араанд хийснээр шавар, цасанд нам хэмээр жигд эргэж, гарах боломжтой болдог. Мөн хүнд араа нь дугуйг зугуухан эргүүлж байгаа тул ачаа чирэх, зарим нөхцөлд хөдөлгүүрийн тоормос хийж уруудахад тусалдаг.
Тоормос муудах, ажиллагаагүй болох тохиолдол
Доктор Авто Сүлжээ ХХК-аас гаргасан тоормостой холбоотой санамж, зөвлөгөөг хүргэе. Тус сүлжээний А зэрэглэлийн инженер, 15 жил ажиллаж, 55 мянга гаруй автомашинд оношилгоо, засвар үйлчилгээ хийсэн туршлагатай, ШУТИС-ийг авто механикийн инженер мэргэжлээр төгссөн Ж.Мөнх-Оргил тоормосны системийн эрсдэлиын талаар дараах зөвлөгөөг өгжээ.
- Тоормос муудах, ажиллагаагүй болоход нөлөөлөх түгээмэл гэмтлүүд:
1. Наклад элэгдэж дуусах, мэдрэгчид тулах:
- Тоормос жигд бус барьж гэнэтийн ослын үед автомашины зогсох зай уртасна.
- Пиланзыг зурж ховил үүсгэнэ. Чихарч дуугарна.
Тиймээс хавар, намрын техник үйлчилгээ хийлгэхдээ накладны дотор, гадна талыг мэргэжлийн механикаар шалгуулаарай.
2. Тоормосны шингэнийг шалгахгүй, солихгүй удаан явснаар бохирдох болон шингэний усжилтын хэмжээ ихсэх:
- Өвөл хүйтэнд тоормосны шингэн хөлдөнө. Тоормос муу барина.
- Тоормосны пидаль гишгэгдэхгүй болж хатуурна.
- Тоормосны аппарат, дагалдах эд ангиуд зэвэрч гэмтэнэ. Урьдчилан сэргийлж 2 жил буюу 40,000-60,000 км тутамд тоормосны шингэнээ зориулалтын багажаар шалгуулаарай.
3. Тоормосны аппаратын сальник, чиглүүлэгч боолтын гармошик резин сэтэрч шингэн алдах:
- Хянах самбарт тоормосны анхааруулах гэрэл асна.
- Тоормосны ажиллагаа хэвийн бус болж тоормос муу барина.
- Тоормосны пидал хатуурна. Тиймээс накладыг мэргэжлийн сервист туршлагатай механикаар солиулах. Наклад солих үедээ тоормосны аппаратын дагалдах эд ангиудыг шалгуулахыг зөвлөе.
4. Тоормосны доод аппаратын (хавчигч) гэмтэх:
- Пүршин зэвэрч гацна.
- Чиглүүлэгч боолт зэвэрч гацна.
- Наклад жигд бус элэгдэнэ, чихарч дуугарна, хурдан элэгдэж дуусна.
- Наклад тортог хаяна.
Аяллын үед гол ус туулсан, элс шаварт суусан бол тоормосны доод аппаратаа мэргэжлийн инженерээр шалгуулаарай.
5. Пиланз (диск) нь маш өндөр даралт, өндөр температурт ажилладаг тул элэгдэж хуучирдаг.
- Нимгэрч элэгдэн захаараа ирмэг үүснэ.
- Сэнсэрнэ. Үүнээс шалтгаалан тоормослоход жолооны хүрд (руль) салгална.
- Тоормослох зам уртасна. Наклад солихдоо пиланзаа шалгуулж долгиолон элэгдсэн бол өнгөлүүлээрэй.
Мөн тоормосны системийн гэмтлийг засварлах, эд ангийг солих үед тоормосны системд хий орж тоормос барих нь мууддаг. Хий орсноор дөрөөг гишгэхэд систем дэх хий шахагдан тоормосны дөрөөний явалт нэмэгдэж, зөөлөрч тоормослох хүчийг багасгана. Иймд аливаа эд анги сольсны дараа тоормосны системээс хий авах хэрэгтэй гэжээ. Систем нь тоормосны гишгүүр, вакум хүчлүүр, цилиндр, шингэний нөөц сав, анхааруулах гэрэл, ABS насос, хавчигч аппарат, наклад, фланц, тэлэгч аппарат зэрэг үндсэн эд ангиас бүрддэг. Энэ бүгдийн хэвийн ажиллагааг шалгаж, хянуулж байх нь чухал.
Автомашины тоормос нь машины аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд тоормосны шингэн нь энэхүү системийн салшгүй хэсэг. Хот дотор унадаг автомашинуудын хувьд тоормосны шингэний ашиглах хугацаа 2-3 жил байдаг. Иймд уг компаниас тоормосны системийн үйлчилгээ болон шалгалтыг 2 жил тутамд хийлгэж, системийн хэвийн ажиллагааг хянаж байхыг сануулжээ.
Тоормосны шингэн
Тоормосны шингэн нь агшдаггүй шинж чанартай ба энэ шинж чанарыг ашиглан даралтын хүч үүсгэж тоормосны системд шингэнээр ашигладаг юм. Энэ шингэнийг гидравлик шингэн гэх ба буцлах температураас бага халуунд өтгөрөхгүйгээр, хүйтэнд тэсвэртэй байдлаар зохиогдсон байдаг. Хэрэв гидравлик шингэн буцалсан тохиолдолд физик химийн шинж чанараа алдаж агшиж эзлэхүүн нь багасдаг учраас тоормос барихгүй байх шалтгааны нэг болдог байна. Иймээс гидравлик шингэний стандартыг баримталж, түвшнийг хянаж байх хэрэгтэй.
Бичлэгт ярьж буй “Уруудаж байхдаа байнга тоормосоо гишгээд байвал 2 минутын дараа тоормосгүй болох” тухай тодорхой судалгаа илрээгүй бөгөөд ямар ч араанд хийсэн үед тоормослох боломжтой. Гэвч тодорхой нөхцөл байдлаас хамааран ашиглана.