2024 оны 08 дугаар сарын 29-нд Enkhjargal Bayarkhuu хаягаас “Зам, хөдөлгөөн хаахгүй ард түмэнтэй минь хамт ОХУ-ын ерөнхийлөгч Путин Яармагт явж өнгөрлөө” гэсэн тайлбартай богино бичлэг оруулсан нь 5300 гаруй реакц авч, 1500 гаруй удаа цааш түгээгдсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин 09 дүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлал хийнэ гэдгийг Кремлиэс мэдээлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путин айлчлах тухай мэдээлсэн.
Уг мэдээнд “Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ” гэсэн байна.
2015 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 119 дүгээр зарлиг “Төрийн ёслолын журам“-ын 39-т Дээд түвшний айлчлалд гадаад улсын төрийн тэргүүний айлчлалыг багтаасан.
Мөн журмын 46.1.6-д “Гадаад улсын төрийн тэргүүн Монгол Улсад төрийн болон албан
ёсны айлчлал хийхэд дараах газруудад Монгол Улсын болон тухайн улсын Төрийн далбааг мандуулж, байрлуулна” гээд тодорхой газруудыг дурдсан. Шалгасан бичлэгт хоёр орны төрийн далбааг замын дагуу мандуулаагүй байна.
Мөн хөлөглөх автомашин, түүнийг хамгаалах Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн байгууллагын оролцоотой хөтөч, цоожлогч машин гаргаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай заасан.
Гадаад орны төрийн тэргүүний айлчлалд Төрийн ёслолын журамд заасны дагуу хамгаалалт авдаг.
Тиймээс шалгасан бичлэгт ярьсан шиг гадаад орны төрийн тэргүүний дээд хэмжээний айлчлалын үеэр хамгаалалт авч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүйгээр “ард түмэнтэй адилхан” түгжрээд явж байх боломжгүй юм.