2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Ухаарал нэртэй Фэйсбүүк пэйж “Утсаа битгий толгойдоо ойрхон тавьж унтаарай” гэх хадмалтай, үргэлжлээд “Цахилгаан соронзон цацраг гэх долгион биднийг унтаж байхад удаан хугацаагаар хажууд байснаар тархинд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зарим судалгаагаар энэ нь хавдар үүсгэх эрсдэлийг ч үүсгэж болно гэсэн үр дүн гарчээ.” гэх утга бүхий бичлэгийг түгээжээ. Уг бичлэг нь 6200 гаран реакц, 145 сэтгэгдэл авч, 3800 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Гар утас цахилгаан соронзон цацраг ялгаруулдаг нь үнэн, гэхдээ таны гар утаснаас ялгарч буй цацраг нь аюулгүй аж. Гар утаснаас ялгарч буй цацраг нь радио давтамжийн цацраг бөгөөд энэ нь ионжоогүй соронзон цацраг юм. Ионжоогүй соронзон цацрагт радио, зурагтын долгион, богино долгион, Wi-Fi зэрэг багтана. АНУ-ын Үндэсний Хавдрын Институтийн мэдээлснээр ионжоогүй соронзон цацраг нь хүний ДНХ-ийг гэмтээдэггүй тул хорт хавдар үүсгэдэггүй гэжээ.
Үндэсний Хавдрын Институтээс гадна Хүнс, эмийн алба, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв, Холбоо харилцааны хороо зэрэг газрууд мөн хажуудаа гар утсаа тавьж унтах нь эрүүл мэндэд аюулгүй гэжээ.
Бид өмнө нь гар утас, зурагтын дэлгэц болон цусны хорт хавдрын хамаарлын талаар баримт шалгалт хийснийг эндээс үзээрэй.
Харин гар утсаа хажуудаа тавьж унтах нь нойрны дайсан
Хэдийгээр гар утасны долгион хүний бие, тархинд шууд нөлөөлөхгүй ч гар утасны гэнэтийн чимээ, мессежийн болон бусад мэдэгдэл, дуудлага зэрэг нь нойрны дайсан юм. Жишээ нь: шөнийн 3 цагт ямар нэг мэдэгдэл, дуудлага, мессеж ирэхэд тоохгүй, хариулахгүй орхилоо ч хүний тархи “хэн шөнийн 3 цагт мессеж бичиж, залгадаг байна” гэх мэтээр бодлогоширч сэргэдэг байна.
Мөн унтахаас өмнө гар утсаа оролдох нь таны нойрыг хулжаадаг аж. Учир нь гар утасны дэлгэц нь цэнхэр туяа агуулдаг бөгөөд үүнд гар утасны дэлгэцээс гадна нарны туяа, LED гэрэл, зурагтын гэрэл зэрэг багтана. Өглөө нар мандахад хүний тархинд өглөө болж байна, сэрээрэй гэх дохио очдогтой адил утгаар гар утасны дэлгэц ширтэх нь тархийг сэргээж, нойрыг хулжаадаг байна.
Иймд та унтахдаа гар утсаа өөр газар тавих эсвэл онгоцны горимд (airplane mode) шилжүүлж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.