2024 оны наймдугаар сарын 18-ны өдөр Сэтгүүлч Буба “Сонин” подкастаараа Хүний гавьяат эмч, АУ-ы доктор, профессор Г.Одонцэцэгтэй ярилцсан байна. Уг подкастынхаа үеэр гурил арьс, үе хоорондын шингэн, бадган зэрэгт сайн талаар дурджээ. Энэ хэсгийг рийл хэлбэрээр түгээхэд 7200 гаруй реакц, 357 сэтгэгдэл авч, 7500 орчим хуваалцсан үзүүлэлттэй байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Энэхүү мэдээллийг шалгахын тулд гурилд агуулагдах шим тэжээл, эрдэс бодисын талаар судлах шаардлагатай. Гурилд агуулагдах хамгийн түгээмэл агууламж нь нүүрс ус, эслэг болон B витаминууд, төмөр, магни зэрэг эрдэс бодисууд юм. Мөн гурилын төрлөөс хамааран тэжээллэг чанар нь өөр өөр байна. Тухайлбал, хөх тарианы гурил нь манган, фосфор, фолат зэрэг нэмэлт тэжээл агуулдаг.
Гурил арьс, гоо сайхныг дэмжих:
- Харвардын Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас гаргасан нүүрс усны талаарх судалгаанд тэнцвэртэй хооллолтод нүүрс усны гүйцэтгэх үүргийн талаар тусгасан байна. Үүнд, Гурил нь ихэвчлэн нүүрс ус агуулдаг бөгөөд энэ нь бие махбодыг глюкозоор хангаж, илчлэгийн эх үүсвэр болон, анхдагч энергийн хэрэгцээг хангахад тусалдаг гэжээ. Мөн гурилд зарим эрдэс бодисыг агуулагдах ч тэдгээр нь дангаараа арьсыг нөхөн сэргээж, эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц хэмжээтэй биш юм.
Гурил өвдөг, үе мөчний шингэнд нөлөөлөхгүй
Гурил нь коллаген эсвэл бусад үе мөчний хөдөлгөөн, эрүүл мэндэд нөлөөлөх бодисуудыг агуулдаггүй. Тиймээс гурил нь үе мөчний шингэн болон өвдөгний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэх судалгаа хомс байна. Үе мөчний эрүүл мэндийг сайжруулахад коллаген, омега-3 тосны хүчил, Витамин C зэрэг шим тэжээлийг агуулсан хоол хүнс нь илүү үр дүнтэй тухай судалгаа түгээмэл буй. Тухайлбал, Омега-3 тосны хүчил нь остеоартритийг эмчлэхэд зориулагдсан гэх судалгаанд омега-3 тосны хүчил нь үе мөчний үрэвсэл, хөшүүн байдлыг багасгахад тусалдаг тухай харуулжээ.
Гурилын хэрэглээг хасах нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
“Нүүрс уснаас шалтгаалсан үхэл: Элсэн чихэр, цэвэршүүлсэн нүүрс ус нь Азийн индианчуудын чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсгэдэг” нэртэй судалгаанд цэвэршүүлсэн нүүрс ус, элсэн чихрийн хэт их хэрэглээ нь Энэтхэгийн хүн амын дунд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин болон зүрх судасны өвчний тархалтыг өдөөж буй гол хүчин зүйл болж буйг харуулжээ. Энэ нь нүүрс усны хэрэглээ хэт их байх нь сөрөг үр дагавартайг харуулж байна.
Гэхдээ гурилын хэрэглээг хоол тэжээлээсээ хасах нь янз бүрийн сөрөг үр дагаварт хүргэдэг. Үүнд,
- Хоол тэжээлийн дутагдал: Гурил нь нүүрс усаар баялаг хүнс бөгөөд В бүлгийн витамин (жишээлбэл, тиамин, ниацин, рибофлавин), төмөр, эслэг зэрэг чухал тэжээлээр хангадаг. Эдгээрийг хассан үедээ орлох шим тэжээлтэй хүнсээр хооллоогүй тохиолдолд шим тэжээлийн дутагдалд орж болзошгүй.
- Эрч хүч багасаж ядаргаа үүсэх: Нүүрс ус нь энергийн үндсэн эх үүсвэрийн нэг юм. Тэдгээрийг хасах нь ядрах мэдрэмж, эрч хүч багасаж, ажлын гүйцэтгэл буурахад хүргэдэг талаар Америкийн эмнэл зүйн хоол тэжээлийн сэтгүүлд нийтлэгдсэн “Нүүрс усны хэрэглээ ба эрчим хүчний зарцуулалт” судалгаанд өгүүлжээ.
- Хоол боловсруулах эрхтний асуудал: Бүхэл үр тариа, жимс жимсгэнэ зэрэг нүүрс усны эх үүсвэрүүд нь эслэгээр баялаг тул хоол боловсруулалтыг дэмжиж, өтгөн хатахаас сэргийлдэг. Нүүрс ус багатай хоолны дэглэм нь эслэгийн хэрэглээг бууруулж, хоол боловсруулах эрхтний асуудал үүсгэдэг.
- Сэтгэл санааны өөрчлөлт: Энэ талаар “Нүүрс ус, цусан дахь глюкоз, сэтгэл санааны байдал” судалгаанд нүүрс ус нь сэтгэл санааны байдалд нөлөөлдөг серотонины нийлэгжилтийг дэмждэг. Иймд нүүрс усыг ихээр агуулдаг гурилыг хасах нь сэтгэл санааны өөрчлөлтөд хүргэж болзошгүй.
Тиймээс гурилыг бусад шим тэжээллэг хоол хүнстэй хослуулан хэрэглэх нь чухал. Энэ талаар Харвардын Их Сургуулиас хооллолтын зохистой хэлбэрийг судалж, зөвлөмж гаргажээ.
Үүнд, цэвэршүүлсэн буюу цагаан гурилаас илүү бүхэл үрийн гурил, хөх тарианы гурил зэргийг хүнсэндээ ашиглахыг зөвлөсөн байна.
Мөн “Хамгийн чухал зүйл бол таны идэхээр сонгосон нүүрс усны төрөл юм. Учир нь зарим нүүрс усны эх үүсвэр бусдаас илүү эрүүл байж чаддаг. Жишээлбэл, улаанбуудайн бүхэл үр, хөх тариа, арвай зэрэг эрүүл бүхэл үр тариа сайн сонголт юм. Олон хүмүүс нүүрс усаа хязгаарлах эсвэл тооцох зэргээр хатуу хоолны дэглэм баримталдаг. Үүний оронд эрүүл хоол хүнсээр дамжуулан нүүрс ус идэх нь илүү үр дүнтэй гэдгийг санаарай.
Эрүүл бус нүүрс ус нь
- цагаан талх,
- попкорн,
- төмс,
- жигнэмэг,
- хийжүүлсэн ундаа,
- нарийн боов зэрэг юм.
Эдгээр нь биед ихэвчлэн элсэн чихэр, эслэг, цардуул болдог. Нүүрс ус нь бие махбодыг глюкозоор хангадаг бөгөөд энэ нь биеийн үйл ажиллагаа, хөдөлгөөнийг дэмжихэд зарцуулагддаг энерги болж хувирдаг.
Тиймээс нүүрс усны чанар чухал. Бүхэл үрийн тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, шош зэрэг нь нүүрс усны хамгийн эрүүл эх үүсвэр нь юм” гэжээ.
Харвардын Их Сургуулиас гаргасан эрүүл хүнсний зөвлөмж: Хооллохдоо хүнсний ногоо, бүхэл үрийн гурил, эрүүл уураг (загас, мах, буурцаг г.м), жимс зэргийг түлхүү хэрэглэхийг зөвлөсөн байна. Мөн ханаагүй тос, ус, дасгал хөдөлгөөнийг чухалчлахыг сануулжээ.
Шалгаж буй бичлэгт гурилын төрлийг ялгаж, тодорхой хэлээгүй ч ерөнхий агуулга нь “турахын тулд гурилыг хасах нь буруу” гэдэг нь үнэн. Харин гурилын сайн чанарыг дэгсдүүлж, арьс, үе мөчинд сайн гэсэн нь одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны санд байхгүй байна.