Deegii Anbat хаягаас 2023.06.12-нд оруулсан “Гадаадад бол тэнэг гэдэг шалгуураар нь хүүхнүүдийг улс төрд ихээр оруулж ирж байгаа. Хэрэгтэй хэрэггүй гуншин, боловсрол гэх мэт хуурамч хэв маягаар далдлаад гол нь ухаан мэдрэмж туршлага, жинхэнэ мэдлэг хүн чанар муутай, эм хүний жаргал ч бараг байхгүй (үзээгүй шахам) нэг төрлийн мэлрээ хүүхнүүдийг гаргаж ирээд байгаа. Хамгийн гол нь үгээр нь байх, амархан бууж өгөх, юу ч мэдрэхгүй алмай тэнэгдүү хямдхан худалдагдах, жижигхэн шуналтай байх нь гол шалгуур. Ийм хүүхнүүдийн ачаар адгийн муухай ажлуудаа амжуулж чадаад байгаа даа. Одоо ч манайд яг иймэрхүү хэнд ч хэрэггүй жижиг сажиг балай лоозон чалчиж явдаг хоосон толгойтой хүүхнүүд л гарч ирсэн. Энэ квот гэдэг нь гадаад эздийн маань хүүхэлдэй нар оруулж ирж зорилгодоо хурдан хүрэх хүслийг л хангах тоглоом төдий. Эрчүүд нь бас ч гэж ядаж шунал өндөртэй юм болохоор хагаралдаж үзэлцээд хамаг төлөвлөгөөг нь унагаад байдаг шиг байгаан!!” тайлбар бүхий постыг “Naminchimed Baasan” хаяг 2024.06.12-нд сэргээн түгээсэн нь 226 реакц, 31 сэтгэгдэл авч 79 удаа түгээгджээ.
- Дээрх пост нь “улс төрд гарч ирж буй эмэгтэйчүүд ихэвчлэн мэдлэг, боловсрол, туршлагагүй байдаг, зөвхөн бусдын тусламжтайгаар улс төрд ордог, тэднийг гаргаж ирэхийн тулд гаднынхан квот хэрэгжүүлж байна” гэсэн ерөнхий агуулгыг илэрхийлжээ.
Эмэгтэйчүүд ур чадвар, зан чанар, манлайлал, мэдлэг, туршлагын хувьд эрчүүдээс дутуу, хангалтгүй гэх байр суурь, хэвшмэл ойлголт хандлага нийгэмд түгээмэл байдаг. Шалгасан мэдээлэл нь энэ хэвшмэл ойлголтыг дэмжсэн, дэвэргэсэн шинжтэй бөгөөд квотын тухай ярихдаа зөвхөн өөрийн үзэл бодлыг бататгасан шинжтэй байна.
Тиймээс хүйсийн квот гэж юу болох, манай улс хэзээнээс хэрхэн хэрэгжүүлж ирсэн, квот хэрэгжүүлдэг дэлхийн улсууд, квот хэрэгжүүлэх нь ямар үр нөлөөтэй талаар болон 2024 онд УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдийн боловсролын түвшинг харьцуулан судлах байдлаар тус агуулгыг шалгалаа.
Хүйсийн квот гэж юу вэ?
Хүйсийн квот нь жендэрт суурилсан бодит тэгш байдлыг хангах эсвэл эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд улс орон, намуудын хууль тогтоомждоо ашигладаг арга хэмжээ юм.
Монгол Улс улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэхийн тулд Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг даган мөрддөг . Хүйсийн квотыг тус хуульд дараах байдлаар тодорхойлжээ.
- 4-р зүйлийн 4.1.9. “хүйсийн төлөөллийн доод хязгаар (квот)” гэж удирдах албан тушаал дахь эрэгтэй, эмэгтэй хүний төлөөллийн доод хувь хэмжээг хэлнэ.
Түүнчлэн, манай улс эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахын тулд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого хэрэгжүүлдэг. Тусгай арга хэмжээний хүрээнд 4 зүйлийг хуульчилсан ба квоттой холбогдох 7.2.2 заалтыг тодруулбал, “улс төрийн ба удирдах албан тушаалд эрэгтэй, эмэгтэй хүний тэнцвэртэй төлөөллийг хангах зорилгоор суудал хадгалах зэргээр квотын хэлбэрийг хэрэгжүүлэх;” гэжээ.
Монгол Улс нэр дэвшигчийн квотыг хуульчилсан байдал
Манай улс 2005 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд анх удаа “нам эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байх” гэсэн заалтыг тусгасан ч дагаж мөрдөж амжилгүйгээр 2007 онд цуцалсан байдаг.
2011 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн хувийг 20-иос доошгүй байна гэж баталсан бөгөөд 2015 онд 30-аас доошгүй хувь байхаар болгосон. Гэвч 2016 онд дахин 20% болгож бууруулжээ.
Ийнхүү мөрдөж явсаар 2023.06.16-нд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 76 гишүүнийг 126 болгохоор болсон. Тодруулбал, нам, эвсэл нь 78 хүртэл хүнийг хуульд заасны дагуу сонгуулийн тойрогт, 48 хүртэл хүнийг нэр дэвшигчдийн жагсаалтаар тус тус нэр дэвшүүлэхээр болсон билээ. Ингэхдээ хүйсийн квотыг дараах байдлаар хуульчилжээ.
- УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.2. “Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар тусгасан.
- 30.6. Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ гэжээ.
Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж заасан байдаг.
Квотын үр нөлөө нь сонгуулийн тогтолцооноос ихээхэн хамаардаг бөгөөд нэр дэвшигчийн жагсаалтыг хаалттай гарган суудлыг хувь тэнцүүлэн тооцож, томсгосон тойргоор сонгууль явуулдаг орнуудад хамгийн үр дүнтэй гэж үздэг. Тиймээс улс төрийн намуудын нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт дахь дараалал чухал ач холбогдолтой бөгөөд эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчдийг хэрхэн эрэмбэлэх талаар тодорхой дүрэм, журам тусгах төдийгүй дагаж мөрдөөгүй тохиолдолд авах арга хэмжээг тусгах шаардлагатайг “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгаанд онцолсон байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа:
Он | Нийт нэр дэвшигч | Эмэгтэй нэр дэвшигч | |
Тоо | Хувь | ||
1996 | 302 | 8 | 2.6% |
2000 | 602 | 9 | 1.5% |
2004 | 244 | 33 | 13.5% |
2008 | 356 | 66 | 18.5% |
2012 | 544 | 174 | 32% |
2016 | 498 | 129 | 25.9% |
2020 | 606 | 151 | 24.9% |
2024 | 1341 | 523 | 39% |
Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь, 1992-2024
Эх сурвалж: Тунгаахуйн урлан
Квот хэрэгжүүлдэг улсууд, сайн туршлага
Тэгш төлөөллийг дэмжих квот нь улс төрийн намууд болон улс төрийн институцуудын практикт өргөн тохиолддог эмэгтэйчүүдийг ялгаварлах, улс төрийн өрсөлдөөнд оруулахгүй байх явдлын эсрэг авч буй түр тусгай арга хэмжээ юм. Дэлхий нийтэд улс орнууд дараах 3 төрлийн квотыг хэрэглэж байна.
- Хуулиар тогтоосон квот (Legislated Candidate Quotas)
- Хууль тогтоох байгууллагад суудал хадгалах квот (Reserved Seats)
- Улс төрийн намын сайн дурын квот (Voluntary Party Quotas)
2024 оны 01-р сарын байдлаар дэлхийд хүйсийн квот хэрэгжүүлдэг 94 улс байна.
Квотыг хэрэгжүүлж байгаа улс орнууд өөр өөрийн онцлог бүхий арга, зарчмуудыг
мөрддөг. 2022 онд гаргасан “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгаанд квот хэрэгжүүлдэг зарим улсын туршлагаас онцолжээ.
- Индонез улс: 2012 оны 8 дугаар сард квотын тухай заалтыг хуульчилсан. 2007 оны 01-р сард төлөөлөгчийн танхимд эмэгтэйчүүд 11.64 хувийг эзэлж байсан бол 2020 оны 12-р сарын байдлаар 21 хувьд хүрч сүүлийн 10 жилд даруй 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
- Франц улс: Сонгуульд нэр дэвшихэд эмэгтэй, эрэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл тэгш хамрагдах зарчмыг Үндсэн хуульдаа тусгасан байдаг. Нам, эвслээс сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн төлөөллийн зөрүү 2 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож, зөрчсөн тохиолдолд санхүүгийн торгууль ногдуулдаг байна. Ийн арга, аргачлал ашигласнаар Франц улс 2006-2019 онд парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 27%-аар өсгөжээ.
- Мексик улс: Нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувийг аль нэг хүйсийн төлөөлөл байлгах заалттай. Сонирхолтой нь Мексикийн Хувьсгалт нам эмэгтэйчүүдийн квотыг 50% байхаар нам дотроо журамласан байдаг. Тус улсад эмэгтэйчүүдийн эзлэх хувь сүүлийн 20 жилд 34%-иар өссөн нь улс орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт байна.
- Никарагуа улс: Улс төрийн намууд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг тэнцүү хадгалж, нэрсийн жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигч тус тус 50% байхаар хүйсээр сөөлжлөх тухай Үндсэн хуульдаа заажээ.
- Болив улс: Доод танхимын олон мандаттай тойрогт нэр дэвшигч эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тоо тэнцүү байх ёстой бөгөөд хэрэв сондгой тооны нэр дэвшигчтэй байвал эмэгтэйчүүдэд давуу эрх олгодог. Харин нэг мандаттай дээд танхимд нэр дэвшигчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх ёстой аж. Болив улсын эрх баригч нам болох Үндэсний нэгдлийн фронт нам дотоод дүрмийнхээ 31 дүгээр зүйлд намын бүх түвшинд эмэгтэйчүүд 50 хувийг төлөөлнө гэж тусгасан байдаг.
2024 оны УИХ-ын сонгуульд нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшиж, сонгогдсон гишүүдийн боловсролын байдал:
Нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байсан нь шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш төлөөлөл, жендэрийн тэгш байдлыг хангах тал дээр манай улсад томоохон дэвшил болсон. УИХ-ын гишүүдийн боловсролын байдлыг харьцуулахдаа тэнцвэртэй байдлыг хангах үүднээс намын жагсаалтаар гарсан 48 нэр дэвшигчийн мэдээллийг ашиглалаа.
Эрдмийн зэрэг, цол | Гишүүд, хүйсээр | ||||
Эрэгтэй | Эмэгтэй | Нийт | |||
Тоо | Хувь | Тоо | Хувь | ||
Бакалавр | 7 | 29.2% | 7 | 29.2% | 14 |
Магистр | 12 | 50% | 12 | 50% | 14 |
Доктор | 4 | 16.6% | 3 | 12.5% | 7 |
Профессор | 1 | 4.2% | 1 | 4.2% | 2 |
Дэд профессор | 1 | 4.2% | 1 | ||
48 |
Дүгнэлт
Квотын үр нөлөө нь сонгуулийн тогтолцооноос ихээхэн хамаардаг бөгөөд нэр дэвшигчийн жагсаалтыг хаалттай гарган суудлыг хувь тэнцүүлэн тооцож, томсгосон тойргоор сонгууль явуулдаг орнуудад хамгийн үр дүнтэй гэж үздэг байна. Дээрх мэдээллүүдээс харахад нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдийн квотын хувийг 30-аас доошгүй байх, жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 1:1 байхаар хуульчилснаас хойших анхны буюу 2024 оны УИХ-ын сонгуулиар эрэгтэй гишүүн 94 (74.6%), эмэгтэй гишүүн 32 (25.4%) сонгогдсон нь түүхэн үзүүлэлт болжээ. Өөрөөр хэлбэл, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл өмнөх жилүүдээс нэмэгдэж, хүйсийн төлөөллийн харьцаанд тэмдэглэхүйц өөрчлөлт гарсан байна.
Түүнчлэн, гишүүдийн боловсролын байдлыг хүйсээр харьцуулан харахад докторын зэрэгтэй эрэгтэй гишүүн докторын зэрэгтэй эмэгтэй гишүүдээс нэгээр илүү байгаа хэдий ч бусад зэрэг, цолтой хүмүүсийн тоо ижил, тэнцүү байна. Иймээс шалгаж буй пост нь “эмэгтэйчүүд улс төрд ороход бэлэн бус, мэдлэг боловсролын хувьд эрэгтэйчүүдээс дутуу дулимаг байдаг, ухаан муутай эмэгтэйчүүдийг гаргахын тулд квотыг ашигладаг” гэх мэт улс төр, нийгмийн хүрээнд түгээмэл тохиолддог жендэрийн хэвшмэл ойлголтыг дэвэргэсэн, эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхсан, ижил тэнцүү өрсөлдөх эрхээр хангахыг эсэргүүцсэн төдийгүй үнэн бодит мэдээллээр хангаагүй байна.