Wikileaks сайтад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой мэдээлэл байгаа ч агуулгыг өөрчилж, “улсын нууцыг байнга өгдөг байсан” мэтээр гуйвуулжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1101

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2009 оноос хойш АНУ-ын төрийн байгууллагуудад нууц мэдээлэл тарааж байна” гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “АНУ-ын Элчин Сайдын Яаманд мэдээлэгч болж ойр ойрхон уулздаг” гэх баримт Wikileaks сайтад огт байхгүй.

2024 оны 08-р сарын 22-нд Tseren Enebish гэх хаягаас “Монголын урвагчид” гэсэн тайлбартай пост оруулсан ба уг постонд хавсаргасан зурагт “Wikileaks сайт Х.Тэмүүжин мэдээлэгч байсан талаар баримт цацжээ” гэх гарчигтай текстийг түүний зургийн хамт оруулсан байна. Зураг дахь текст нь “Тэр Монголын хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлдэг байжээ. Иймэрхүү төрлийн уулзалтыг америкууд флоп уулзалт гэж гэдэг бөгөөд энэ нь шууд АНУ-ын төрийн департмент болон холбооны мөрдөх товчоо, CIA болон бусад байгууллагад шууд мэдээлэл болон тусгай нууц сүлжээгээр илгээдэг байв. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2009 оноос хойш АНУ-ын элчин сайдын яамаар ойр ойрхон зочилж Монгол Улсын нууцтай холбоотой зүйлүүдийг ярьдаг байсан талаар Жулиан Ассанж дэлгэжээ” гэх дэлгэрэнгүй текстийг оруулжээ. Тус пост нь энэ сарын 29-ний байдлаар нийт 803 реакц, 105 сэтгэгдэл авч, 125 удаа цааш түгээгджээ.

Бид зөвхөн уг постод хавсаргасан зураг дээрх бичвэрийг баримтаар шалгалаа. /Тухайн хэрэглэгчийн оруулсан тайлбар хувь хүнтэй холбоотой, үзэл бодлоо илэрхийлсэн хэлбэрээр байгаа тул шалгах боломжгүй юм/

  • Бид Wikileaks сайтаас одоогийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй холбоотой 2009 оны нийтлэлийг олсон ба тус бичвэрт “АНУ-ын Элчин Сайдын Яамаар ойр ойрхон зочилдог, мэдээлэгч болсон” гэх баримт огт байхгүй байна.

Бид шалгасан мэдээлэлд дурдсан Wikileaks вэбсайтаас “Temuujin” гэх түлхүүр үгээр хайхад зөвхөн нэг илэрц гарсан. “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн тухай хэлэлцэв” гэх гарчигтай нийтлэл нь 2009 оны 08 дугаар сарын 20-нд бичигдэж, 2011 оны 08 дугаар сарын 30-нд нийтлэгджээ.

Тус нийтлэлийн хураангуйд тайлбарласнаар “АНУ-ын ЭСЯ-ны улс төрийн ажилтан 08 дугаар сарын 14-нд Тэмүүжинтэй уулзаж, сүүлд батлагдсан Монгол Улсын Өршөөлийн тухай хууль болон эрх зүйн шинэчлэлтийг ярилцсан” тухай тэмдэглэжээ. Тус нийтлэлд Х.Тэмүүжин тухайн үеийн эрх зүйн шинэчлэлт болон Өршөөлийн хуулийн тухай үзэл бодлоо хуваалцсан байна. Тодруулбал,  “УИХ-ын гишүүн өнөөгийн байдалд шүүмжлэлтэй хандаж, илэн далангүй бухимдлаа илэрхийлэхийн зэрэгцээ засаж залруулах арга замыг санал болгов”, “Х.Тэмүүжин хууль эрх зүйн тогтолцоо нь илүү “хэвтээ” байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд энэ нь одоогийн “босоо” чиг баримжаатай харьцуулахад давж заалдах жинхэнэ тогтолцоо байх ёстой гэсэн үг юм” гэх мэтчилэн үзэл бодлыг нь илэрхийлсэн үг ашиглажээ.

Мөн шалгасан мэдээлэлд “2009 оноос хойш АНУ-ын элчин сайдын яамаар ойр ойрхон зочилж Монгол Улсын нууцтай холбоотой зүйлүүдийг ярьдаг байсан талаар Жулиан Ассанж дэлгэжээ” гэж дурдсан нь олон удаагийн давтамжтай уулздаг байсныг нь илрүүлсэн мэт ойлгогджээ. Гэтэл WikiLeaks сайтад Х.Тэмүүжинтэй холбоотой нэг нийтлэл орсон бөгөөд уг мэдээлэлд түүнийг олон дахин уулзаж, улсын нууцтай холбоотой зүйл ярьдаг байсан” гэх агуулга байхгүй байна.

Флоп уулзалт гэх нэршил байхгүй

Түүнчлэн шалгасан мэдээлэлд “Иймэрхүү төрлийн уулзалтыг флоп гэж нэрлэдэг” гэж бичжээ. Флоп буюу PolOff гэх үгнээс орчуулсан үг нь уулзалтыг илэрхийлсэн үг бус харин албан тушаалтныг илэрхийлсэн үг юм. Өөрөөр хэлбэл уулзалт бус “Улс төрийн ажилтан” (Political Officer) гэсэн үгний товчлол аж. Шалгасан мэдээллийн эх сурвалжид “Улс төрийн ажилтан Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжинтэй уулзсан” гэх утгаар буюу товчилсон үг юм.

Wikileaks дэх ярилцлагын бичвэрийн товч танилцуулга

WikiLeaks сайт нь ашгийн бус хэвлэл мэдээллийн байгууллага бөгөөд задруулсан баримт бичгүүдийг нийтэлдгээрээ алдартай. 2006 онд Австралийн редактор, нийтлэгч, нийгмийн зүтгэлтэн Жулиан Ассанж үүсгэн байгуулсан. Тус сайт нь хандив, хэвлэл мэдээллийн түншлэлээр санхүүждэг бөгөөд нууцын зэрэглэлтэй баримт бичиг болон нэрээ нууцалсан эх сурвалжаас өгсөн бусад мэдээллийг нийтэлдэг байна.

Хэдийгээр нууц баримт бичиг Wikileaks сайтад нийтлэгдсэн нь үнэн боловч дээрх мэдээлэл нь харилцан ярианы агуулга, орчуулгын үгийг гуйвуулан тайлбарласан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document