Ус уух нь сайн ч “өлөн элгэн дээрээ 640 мл ус ууж олон өвчнийг анагаадаг” гэх судалгаа байхгүй 

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өлөн ходоодон дээрээ ус уухын ач тус” гэх тайлбартай бичлэгийг нийтэлжээ. Тухайн бичлэгт өглөө өлөн элгэн дээрээ шүдээ угаахаасаа өмнө 160 мл усыг 4 удаа буюу 640 мл ус уугаад 45 минутын дараа хоол идэх эмчилгээний аргын тухай үзүүлсэн байна. Энэ арга нь олон төрлийн өвчнийг анагаадаг талаар мэдээлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өглөө өлөн элгэн дээрээ шүдээ угаахаасаа өмнө 160 мл усыг 4 удаа буюу 640 мл ус уугаад 45 минутын дараа хоол идэх нь олон өвчнийг анагаах тухай нарийн судалгаа илрээгүй ч усны тогтмол хэрэглээ нь эрүүл мэндэд тустайг тусгасан олон тооны материал байна.

2024 оны долоодугаар сарын 13-ны өдөр Tengri гэх хаягаас “Өлөн ходоодон дээрээ ус уухын ач тус” гэх тайлбартай бичлэгийг нийтэлжээ. Тухайн бичлэгт өглөө өлөн элгэн дээрээ шүдээ угаахаасаа өмнө 160 мл усыг 4 удаа буюу 640 мл ус уугаад 45 минутын дараа хоол идэх эмчилгээний арга гэх зүйлийн тухай үзүүлсэн байна. Энэ арга нь олон төрлийн өвчнийг анагаадаг гэж мэдээлжээ. Үүнд, толгойн өвдөлтийг багасгах, өтгөн хаталтаас сэргийлэх, биеийн хорийг цэвэрлэх, бөөрний чулуу үүсэхээс сэргийлэх, зүрхний өвчин, бронхит зэргээс сэргийлэх зэргийг дурджээ. Уг пост 2100 гаруй реакц, 32 сэтгэгдэл авч, 2500 гаруй удаа цааш түгээгдэж, 262 мянга гаруй удаа үзжээ. 

Өглөө өлөн элгэн дээрээ шүдээ угаахаасаа өмнө 160 мл усыг 4 удаа буюу 640 мл ус уугаад 45 минутын дараа хоол идэх нь олон өвчнийг анагаах тухай нарийн судалгаа илрээгүй. Харин усны тогтмол хэрэглээ, шингэн сэлбэлт зэрэг нь эрүүл мэндэд тустай, хэрхэн нөлөөлдөг талаар олон судалгаа байна. 

Хэдийгээр “өглөө шүдээ угаахаасаа өмнө тодорхой хэмжээний ус ууж 45 минутын дараа хоол идэх” эмчилгээний аргын талаар судалгаа байхгүй ч өлөн элгэн дээрээ ус уухын ач тусын тухай дурдсан хэд хэдэн судалгаа илэрсэн. Үүнд, 

  • Алдагдсан шингэнийг нөхөх:  

Доктор Л.Э.Армстонгийн “Усны чийгшлийг үнэлэх арга техник” судалгаанаас харахад сэрсний дараа ус уух нь шөнийн турш алдагдсан шингэнийг нөхөж, биеийн ерөнхий чийгшлийг дэмжиж, физиологийн үйл ажиллагааг тогтвортой байхад нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна. 

  • Бодисын солилцоог дэмждэг: 

2003 онд “Ус ууснаар үүссэн симпатик өдөөлт нь бодисын солилцооны хурдыг нэмэгдүүлдэг” (Термогенез) гэсэн таамаглалыг шалгах судалгаа явуулсан бөгөөд энэ нь “Клиникийн эндокринилоги ба метаболизм” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Энэхүү судалгаагаар 500 мл ус уух нь бодисын солилцооны хурдыг 30%-иар нэмэгдүүлдэг гэдгийг нотолжээ. Үүнийг илүүдэл жинтэй хүмүүсийн биеийн жин, биеийн жингийн индекс, биеийн бүтцэд “Усаар өдөөгдсөн термогенез”-ийн нөлөө гэх судалгаанд дурдсан. Энэ нь илүүдэл жинтэй хүмүүсийн биеийн жинг бууруулахад ч усны үүрэг чухал болохыг харуулсан байна.

  • Хоол боловсруулахад тусалдаг: 

Тамирчдын хоол тэжээл, дасгал, бодисын солилцооны талаар хүргэдэг спортын олон улсын сэтгүүлд “Дасгалын дараа биеийн шингэнийг сэлбэх” тухай судалгаанд усны хэрэглээ нь идсэн хүнсийг задалж, шим тэжээл шингээх замаар хоол боловсруулахад тусалдаг гэжээ. Мөн өглөө ус уух нь ходоодыг өдрийн турш хоол боловсруулах үйл ажиллагаанд бэлтгэхэд тусалдаг ба гэдсийг чийгшүүлэх замаар өтгөн хатахаас сэргийлдгийг ч дурдсан байна.  

Эдгээрээс гадна өдрийн бүтэн усны хэрэглээг тогтмол байлгах нь шим тэжээл, арьс гоо сайхан, бие бялдрын үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй талаар судалсан олон төрлийн судалгааны ажил, нийтлэл бий. Тэдгээр нь анхаарал төвлөрөл, арьсны уян хатан чанар, шингэн сэлбэх, жин барих, бодисын солилцоо зэрэгт чухал талаар ч тусгасан байна. Тухайлбал, “Ус, чийг, эрүүл мэнд” нэртэй усны ач холбогдлын судалгаанд ундны усаар дамжуулан биеийг “хоргүйжүүлэх” талаар өгүүлсэн. Тухайн судалгаанд өдөрт уух усны хэмжээг тогтмол шингэний алдагдалгүй байлгах нь биеийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдгийг судалжээ. Ингэхдээ ундаа, бусад сахрын нэмэлттэй уух бүтээгдэхүүнтэй харьцуулсан байна. Мөн усны хэрэглээ хангалттай байх нь бөөр, элэгний үйл ажиллагаанд тустайг ч дурдсан байна.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document