2024 оны долоодугаар сарын 28-ны өдөр Гоёхон онлайн дэлгүүр гэх хуудсаас хормын дотор цайруулах үйлчилгээтэй гуужуулагч гэх бичлэг нийтэлжээ. Уг пост 626 гаруй реакц, 223 сэтгэгдэл авч, 161 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Анхан шатны баримт шалгах алхмын нэг зургаар хайх аргыг ашиглалаа. Шалгаж буй бичлэгийн дүрсийг InVID хэрэглүүр ашиглан хайлт хийхэд Mud Rub гэх бүтээгдэхүүн илэрлээ. Уг бүтээгдэхүүний тайлбар хэсэгт “гелийн гуужуулагчийг ашиглахад хялбар бөгөөд урт хугацааны хэрэглээ нь арьсыг илүү цагаан, уян хатан болгодог” гэсэн байна. Энэ нь хормын дотор цайрч буй бичлэг дээрх агуулгатай зөрж байгаа юм. Мөн хормын дотор арьс цайруулах тухай тодорхой судалгаа илрээгүй.
Арьс яагаад борлодог вэ?
Арьс борлох нь нарны хэт ягаан туяаны цацрагаас хамгаалах хариу үйлдэл юм. Энэ талаар “Олон улсын молекулын шинжлэх ухааны сэтгүүл”-д нийтлэгдсэн “Хөхтөн амьтдын арьсны меланин ба түүний дааврын зохицуулалт” нэртэй судалгаанд меланины талаар дурдсан байна. Нарны хэт ягаан туяанд өртөх үед арьсны гадна давхаргад (эпидермис) байрлах меланоцит гэж нэрлэгддэг эсийг идэвхжүүлж меланин үүсгэдэг. Меланин нь арьсны өнгийг хариуцдаг пигмент юм. Түүний үндсэн үүрэг нь хэт ягаан туяаны цацрагийг шингээж, тараах бөгөөд арьсны гүн давхаргыг гэмтэхээс хамгаалахад тусалдаг байна. Тиймээс меланин ялгарах тусам арьсны өнгө бараан болдог байна. Арьс борлох үзэгдэл бол таны арьсны хамгаалалдаг байгалийн механизм бөгөөд хэт ягаан туяаны болзошгүй хор хөнөөлийг бууруулахад тусалсны баталгаа гэсэн үг юм. Гэсэн ч меланин ялгарч арьс борлох нь хэт ягаан туяаны цацрагаас тодорхой хэмжээгээр хамгаалдаг ч наранд түлэгдэх болон бусад арьсны гэмтлээс бүрэн сэргийлж чаддаггүй байна.
Арьс цайрах үзэгдэлд юу нөлөөлдөг вэ?
Арьс цайрах үзэгдэл нь ихэвчлэн арьсны өнгийг гэрэлтүүлэхэд чиглэсэн янз бүрийн бүтээгдэхүүн, эмчилгээнээс хамаарна. Үүнд: Третиниод, витамин с, ниациамид, арбутин, гидрокинон ба кожийн хүчил зэрэг элемент нь арьс цайруулах бүтээгдэхүүний нийтлэг орц болдог. Эдгээр нь меланиныг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тирозиназа ферментийг дарангуйлан арьс цайрахад нөлөөлдөг байна.
Шалгаж буй бичлэг дээрх бүтээгдэхүүний гол орц нь глицерин, лаванда байна. Глицерин нь арьсыг чийгшүүлэх, зөөлрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнд түгээмэл ашигладаг орцуудын нэг. Түүнчлэн арьс цайруулах зарим бүтээгдэхүүнд өндөр тунтай элемент ашиглах нь эрсдэлтэй. Тухайлбал, кортикостероид, мөнгөн ус ихтэй бүтээгдэхүүн нь арьсыг гэмтээж, халдварт өртөмтгий болох зэргээр эрүүл мэндэд эрсдэл учруулдаг байна. Тиймээс борлох нь байгалиасаа таныг хамгаалж буй үзэгдэл бөгөөд энгийн зүйл юм.