2024 оны 08-р сарын 22-нд Амжилт MN гэх Фейсбүүк хуудаснаас “Хаалттай хурлаас лайв хийгээд ялтан болох вий дээ…” гэх тайлбартайгаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн шууд бичлэгийн хэсгээс түгээжээ. Бичлэгт М.Нарантуяа гишүүн “хурлын дундуур хурлын явцаас танилцуулая гэж бодоод лайв хийж байна” хэмээн бичлэгээ эхлүүлснийг харуулжээ. Тус бичлэг нь нийт 825 реакц, 758 сэтгэгдэл авч, 181 удаа цааш түгээгдэж мөн бичлэгийг Зиндаа, Алдаржавын Аюуш, Гоо хуудас гэх мэт хаягаас ижил тайлбартай түгээсэн.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Нарантуяа гишүүний бичлэгийн эх хувилбар нь 2024 оны 08-р сарын 21-нд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн албан ёсны фэйсбүүк хуудаст “Нийгмийн Бодлого Байнгын Хороо хуралдаж байна🙋🏻♀️ Зах зухаас нь танилцуулая, сонирхвол ороод ирээрэй! УИХ-н ЕНБД Б.Баасандоржтой зөвлөлдөж ажил үйл ажиллагааг тайлагнах танилцуулах лайв хийж болно гэж зөвшөөрөл авсан байгаа болно” гэх тайлбартайгаар нийтлэгджээ.
Шалгасан мэдээлэлд “хаалттай хурлын үеэр лайв хийсэн” гэж мэдээлсэн. Гэвч 2024 оны 08-р сарын 21-нд болсон Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан нь хаалттай хурал биш ба Монгол Улсын Их Хурал (parliament.mn) сайтад 08-р сарын 21-нд тус хурлаар яригдсан зүйл, байнгын хорооны гишүүдийн хэлэлцүүлгийн тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй түгээжээ.
Мөн тус хуралдааны үеэрх УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Баясгалан, Ж.Баярмаа гэх гишүүдийн бичлэгийг УИХ дахь намын бүлгүүд албан хуудастаа нийтэлснийг харж болно.
Хэдийгээр хаалттай хуралдаанд дуу, дүрс бичлэг хийхийг хориглосон байдаг ч дээрх байнгын хорооны хуралдаан нь хаалттай явагдаагүй, хурлын товч тэмдэглэл, зураг, бичлэгийг олон нийтэд нээлттэй байгааг харж болно.