2024 оны наймдугаар сарын 3-ны өдөр Batbayar Erdene гэх хаягаас “Банзүрх Бэлтэс голд. Тунгалаг сайхан гол юм аа” гэсэн тайлбартай голын усанд сэлж буй хүний бичлэгийг нийтэлжээ. Уг пост 968 гаруй реакц, 57 сэтгэгдэл авч, 123 удаа цааш түгээгджээ.
Хандалт авах зорилгоор хуурамч тайлбартай бичлэг түгээх үзэгдэл түгээмэл бөгөөд мэдээлэл шалгах аргуудаас InVid хэрэглүүр ашиглахыг дор үзүүллээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Тухайн баримтыг баримт анхан шатны үндсэн гурван аргын нэг “зургаар хайх” аргыг ашиглалаа. Уг бичлэгийг InVid хэрэглүүрийг ашиглан дүрс тус бүрээр салгасны дараа Google хайлтын цэсээс хайлаа. Хайлтын үр дүнд Касони ТВ нэртэй youtube суваг дахь “2024 оны 6-р сар Янсан Наевонса хөндий, зугаалга” тайлбартай бичлэг илэрлээ. Тухайн бичлэгт буй Наевонса хөндий нь Янсан хотод байрладаг бөгөөд тунгалаг ус, байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай газар юм. Хөндий нь Чонсон уулын бэлд Наевон сүмийн ойролцоо байрладаг байна.
Харин Бэлтэс гол нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дахь Хорьдол Сарьдгийн Их уулсын энгэр хэсгээс эх авч урагш 90 км урсаж Дэлгэрмөрөнд цутгадаг байна. Уг гол өндөр уулсын дундуур урсдаг бөгөөд Баянзүрх сумын нутгийн орчим өндөр ханан хадан эрэгтэй болж, зарим хэсэгтээ 10-20 метр өндөр болдог. Голын өргөн зарим хэсэгтээ 20-30 метр болж гүн цүнхээл хэсэгтээ дөрвөн метр хүрдэг аж. Баянзүрх сумын төвийн орчмоор урсахдаа дөрвөн метрийн өндөр хаднаас буудаг багавтар хүрхрээ үүсгэдэг бөгөөд үүнийг “Уширын хүрхрээ” гэж нэрлэдэг байна.
Бэлтэс голын зургийг @Bayar Balgantseren