Сонгуулийн ажил хийлгэнэ гэх нэрийдлээр залилан хийж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1095

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сонгуулиар зөвхөн утсаар ажил хийлгэнэ гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Орон нутгийн ээлжит сонгууль дөхсөнтэй холбоотой сонгуулийн ажил хийлгэнэ гэх нэрийдлээр залилан хийж байна.

2024 оны 08-р сарын 19-нд “Шууд мэдээ” бүлгэмд Suvdaa M Suvdaa  нэртэй хаягаас “Сонгуулиар нийгмийн орчинд ажиллах хүн бна уу?. Зөвхөн утсаараа хийнэ. Цалин тохиролцоно” гэх мэдээллийг нийтэлжээ. Тус пост нь нийт 13 реакц, 54 сэтгэгдэл авчээ.

Хаяг шалгах

Suvdaa M Suvdaa гэх хаяг нь 551 найзтай танилцуулга хэсэгт мэдээллээ оруулсан ч нийтэд нээлттэй пост огт оруулаагүй байна. Иймд фэйсбүүкээс нэрээр нь хайхад нийтэд нээлттэй бүлгэмүүдэд шалгасан мэдээлэлтэй ижил агуулгатай постуудыг олон давтан түгээжээ. Гэвч сонгуулиар хийх ажлын тухай мэдээллийг дэлгэрэнгүй бичээгүй, зөвхөн өөр лүү нь чат бичиж мэдээлэл авахыг уриалсан шинжтэй байна.

Агуулгыг нягтлах

Шалгасан мэдээллийн дагуу хувийн чат бичиж ямар төрлийн ажил хийлгэх тухай лавлан асуухад Oyunsuren Vicky Enkhsaikhan нэртэй хаягаас мэдээлэл аваарай гэх чатыг ирүүллээ. Мөн “Энэ хатагтай намайг Khan Trading-тэй танилцуулж, би 150,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 24 цагийн дотор 1,500,000 төгрөг авсан…ХААН банкнаас 100 хувь баталгаатай, найдвартай, хууль ёсных.” гэх чат ирүүлсэн нь ХААН банкаас явуулж буй үйл ажиллагаа мэт ойлголтыг өгч байна. Хөрөнгө оруулах үйл ажиллагааг хувийн чатаар холбогдож, хувийн дансанд авахгүй учир мөнгө илгээж залиланд өртөхөөсөө өмнө тухайн байгууллагаас үргэлж лавлах нь зүйтэй.

Үргэлжлүүлэн Oyunsuren Vicky Enkhsaikhan гэх хаяг руу холбогдож сонгуулийн ажлын тухай асуухад сонгуулийн ажлын тухай мэдээлэл огт өгсөнгүй. Харин “онлайнаар мөнгө олох, 150,000 төгрөг байршуулаад 24 цагийн дотор 1,500,000 төгрөг болгон аваарай” гэх агуулга бүхий мессежийг зургийн хамт илгээлээ. Мөнгө шилжүүлэх 530855… гэх дансны эзэмшигчийнх нь нэр мөн зөрүүтэй байна.

Oyunsuren Vicky Enkhsaikhan гэх хаяг дээр нийтэлсэн зургийг Google Lens хайлтын системээр хайхад Couch Enkhsaikhan Vicky гэх youtube суваг илэрцээр гарч ирлээ. Үүнээс харахад Oyunsuren Vicky Enkhsaikhan гэх хаяг нь Couch Enkhsaikhan Vikcy хаягийн мэдээлэл, постыг дуурайлган нийтэлж, “мөнгө олох арга, ажил байна” гэх нэрийдлээр мөнгө байршуулахыг ятгаж буй хуурамч хаяг юм.

Орон нутгийн ээлжит сонгууль 10-р сард болохтой холбогдуулан интернэт орчинд сонгуулийн ажил хийлгэнэ гэх зараар дамжуулж залилан үйлдэж буй учир сэрэмжтэй байж хаягийг шалгаж хэвшээрэй.

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.1-д “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно “ хэмээн заасан байдаг. Иймд сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэр тодорхой болоогүй, нэр дэвшигчид үнэмлэхээ аваагүй байгаа үед сонгуулийн ажил, сурталчилгаа явуулах боломжгүй юм.

Мөн тус хуулийн 47.5-д “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

  • 47.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;
  • 47.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;
  • 47.5.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;” хэмээн заасан байдаг.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document