2024.06.19-нд “Төмөрбаатарын Очирдарь” нэртэй хаягт “Мэргэжлээ сонгоход нь туслах цуврал зөвлөгөө №1” гэх богино бичлэг нийтэлжээ. Тус бичлэг нь 2024.07.08-ны байдлаар 94 реакц, 38 сэтгэгдэл авч, 117 удаа түгээгджээ.
Тус бичлэгт “Эцэг эхчүүд хүүхдийнхээ мэргэжил сонголтод өөрийнхөө биелүүлж чадаагүй хүсэл, мөрөөдөл, гэр бүлийн уламжлал, зах зээлийн чиг хандлагыг тулгах гээд байдаг. Гэтэл, хүүхэд бол таны хүсэл мөрөөдлийг биелүүлэх, эсвэл зах зээлийн орон тоог нөхөх, танай гэр бүлийн уламжлалыг заавал авч явах ёстой хүн биш. Харин өөрийнхөө хүсэл сонирхол, ур чадвар, авьяас өгөгдөл дээр тулгуурлан мэргэжлээ сонгох ёстой. Хүүхдийнхээ сонгож авсан мэргэжил дээр шүүмжлэхгүйгээр хүндэтгэлтэйгээр, нээлттэй, аль болох ойлгож хүлээж авч сонсох хэрэгтэй” хэмээн дурджээ.
Дээрх мэдээллийг буюу эцэг, эхчүүд ба хүүхдийн мэргэжил сонголтын хамаарлын талаарх агуулгыг судалгаа, баталгаат мэдээллүүдээр шалгалаа.
“Сурагчдын мэргэжил сонголтод жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлөх нь” судалгаа
“Хөөрхөн Зүрх” ТББ-аас 2023 оны 07-11 дүгээр сард энэхүү чанарын судалгааг Улаанбаатар хот Говь-алтай аймгийн төвийн болон хотын захын алслагдсан сумдын сургуулийн 68 сурагчийг хамруулжээ. Тус судалгааны онцлох үр дүнгүүдээс хүргэе.
- Охид ирээдүйн амьдралаа төсөөлөхдөө гэр бүл, үр хүүхдээ харах, асрах тухай төсөөлөл заавал шингээсэн байсан бол хөвгүүд энэ талаар харьцангуй цөөн дурдсан байна.
- Күийр ( хүйсийн баримжаа, илэрхийлэл, аль эсвэл бэлгийн чиг баримжааны хувьд давамгайлагч соёл, нийгмийн хэм хэмжээнд багтдаггүй хүмүүс ) сурагчид сургуулийн орчинд бусад сурагчаас илүү бэрхшээл, жендэрийн хэвшмэл хандлагыг даван туулж мэргэжлээ сонгох болдог.
- Сургуулийн дүрэмт хувцасны журам, хүйсээр заагласан хичээлийн хөтөлбөр зэрэг нь күийр сурагчдын хүсэл, сонирхол, хөгжих боломжийг хязгаарласан хэвээр байна. Ялангуяа биеийн тамир болон хөдөлмөрийн хичээлийг хүйсээр заагласнаар сурагчдын сурах сонголтыг хязгаарлаж, хүчээр судлахад хүргэж байна. Энэ нь цаашлаад жендэрийн хэвшмэл ойлголтыг сургалтын хэлбэр агуулгаар дамжуулан улам батжуулж буй хэлбэр юм.
- Зарим багшийн хандлага хүүхдийн хүсэл, мөрөөдлийг няцааж, өөртөө итгэх итгэлийг нь бууруулж, мэргэжил сонголтод нөлөөлөх тохиолдлууд байна.
- Бага наснаас эхлэн жендэрийн үзэл баримтлалаас хамаарч ялгаатай боловсролыг олгох, тоглож буй тоглоом, сонирхон суралцах сэдвийг хязгаарладаг. Мөн гэр бүл, нийгмийн хүрээн дэх хэвшмэл ойлголтоор дамжуулан тухайн хүний хувийн хүсэл сонирхол, мэргэжил сонголт, ажлын байрны талбарт тэгш бус боломжийг бий болгох дам болон шууд нөлөөг үүсгэдэг байна. Жишээ нь эмэгтэй хүүхдүүдийг хүнтэй ажилладаг, гүйцэтгэх шатны албан тушаалд илүүүтэй ажиллахыг шаарддаг. Харин эсрэгээрээ эрчүүдэд дэвшилтэт технологитой ажиллах, оюуны өндөр чадамж шаардсан, шийдвэр гаргах түвшний ажлын байруудад ажиллах боломж өндөр байдаг байна.
- ЕБС-ийн суралцагчдын жендэрийн харьцаа ялгаагүй боловч Их, дээд сургууль болон МСҮТ-д суралцагчдын жендэрийн харьцаа илт зөрүүтэй байна. МСҮТ-д эрчүүд эмэгтэйчүүдээс их бол Их, дээд сургуульд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс их байна. Энэ нь манай нийгмийн уламжлалт хандлагаар эрэгтэй хүүхэд боловсрол эзэмшээгүй байсан ч ямар нэг байдлаар гэр бүлээ тэжээх, эрт орлоготой болсноор гэр бүлээ авч явах гэдэг хэвшмэл үүрэг оноодогтой холбоотой байж болзошгүй.
- Хүүхэд эцэг, эх, хүрээлэн буй орчин, сургууль, найз нөхөд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан алхам тутамдаа жендэрийн хэвшмэл ойлголтыг суулгаж лавшруулсаар байгаа нь хөдөлмөрийн зах зээл дэх ялгаанаас харагдаж байна. ХАА, уул уурхай, барилгын салбар дахь эрэгтэйчүүдийн тоо харьцангуй давамгай байхад санхүү, даатгал, боловсрол болон эрүүл мэнд, нийгмийн үйл ажиллагааны салбарт эмэгтэйчүүдийн тоо илт давуу байна. Аливаа салбарт аль нэг хүйс давамгайлж, тооны зөрүү ихсэх тусам жендэрийн тэгш бус байдал, боловсролын тэгш бус байдал төдий чинээгээрээ ихсэж, эдийн засгийн ялгаатай байдал даамжирдаг.
- Зарим сурагч жендэрийн хэвшмэл ойлголттой тулгарахад өөрийн хүсэл сонирхол, сонголтоо өөрчлөлгүй нөлөөллөөс ангид байж сонголтоо хийж байгаа жишээ байсан бол зарим нь эсрэгээрээ гэр бүл, сургуулийн орчноос тулгаж буй хэвшмэл ойлголтод баригдан мэргэжлээ сонгосон байна.
- Жендэрийн хэвшмэл ойлголтын дагуу тодорхой нэг мэргэжлийг хүүхдэдээ зөвлөх тохиолдол байна. Мөн орон нутагт ажиглагдаж байгаа нэг зүйл бол хүүхдээ хичээлээ сайн хийхгүй, мэргэжлээ сонгохдоо эргэлзэж байх үед нь сурах хүсэлгүй, чадваргүй байна гэж бодоод малчин болгох, хүсэл сонирхлыг нь дэмжихгүйгээр ирээдүйг нь шийдэх явдал цөөнгүй байна.
- Гэр бүлийн орчинд ихэвчлэн эрэгтэй хүүхдэд илүү ачаа үүрүүлж, эмэгтэй хүүхдийг харин гэр бүлээ асрах, халамжлах ёстой мэтээр ханддаг. Ахлах ангийн хүүхдүүд үүнтэй санал нийлэхгүй ба хүйсээр бус чадвараар үнэлэх ёстойг онцолжээ.
Тус судалгаагаар Танзанийн алслагдмал Моши дүүргийн ЕБС-ийн сурагчдын мэргэжил сонголтод жендэрийн хэвшмэл ойлголт хэрхэн нөлөөлөхийг судлахыг зорьжээ. Судалгаанд нийт 299 сурагч хамрагдсан байна.
Судалгаанд оролцогчдоос хамааралтай мэдээлэл олж авахын тулд эмэгтэй хүнд тохиромжтой гэгддэг (заах арга зүй, сувилахуй, сэтгүүл зүй, аялал жуулчлал) мэргэжлүүд, эрэгтэй хүнд тохиромжтой гэгддэг аюулгүй байдал (арми, цагдаа), инженер, банк, хуульч, нисгэгч гэх мэт) гэсэн нийтлэг 10 мэргэжлийг жагсаан, тухайн жагсаалтаас таалагдаж буй эсвэл эзэмших нэг мэргэжлээ сонгохыг хүсчээ.
Ингэхэд судалгаанд оролцогч эмэгтэйчүүд:
- сувилахуй (73.3%),
- аялал жуулчлал (73.3%),
- багшлах (65%),
- сэтгүүл зүй (57.9%) зэргийг их сонгосон бол
- аюулгүй байдал (30.8%),
- инженер (29.2%),
- нисгэгч (16.7%) мэргэжлийг бага сонгожээ.
Харин, эрэгтэй оролцогчид:
- нисгэгч (83.3%),
- инженер (70.8%),
- аюулгүй байдал (69.2%),
- анагаах ухааны (68.4%) мэргэжил сонгосон нь өндөр байсан бол
- заах арга зүй (34.6%),
- сувилахуй (26.7%) болон
- аялал жуулчлалын (26.2%) мэргэжлийг бага сонгожээ.
- Сурагчдын мэргэжил сонголтод хүйсийн ялгаа байгааг дээрх үр дүн харуулсан ба үүнийг “зарим мэргэжлийг тодорхой нэг хүйсэд тохирно гэж үздэг” жендэрийн хэвшмэл ойлголттой холбоотой байж болно гэжээ.
Түүнчлэн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жендэрийн хэвшмэл ойлголтын оноог харьцуулах зорилгоор тусгай тест хийхэд тэдний дунд ажил мэргэжлийн хэвшмэл ойлголт байдаг гэсэн дүн гарсан төдийгүй түүндээ нийцсэн мэргэжлийг сонгох магадлал ч өндөр байдаг дүн гарсан байна. Тухайлбал, эрэгтэйчүүд “эршүүд” ажил хийх магадлал өндөр байсан ба ихэвчлэн инженер, эрдэмтэн, механикчаар ажиллахыг сонгожээ. Харин дийлэнх охид тэр мэргэжлүүдийг сонгоогүй бөгөөд ихэвчлэн багш, сувилагч, гоо сайханч, онгоцны үйлчлэгч, нийгмийн ажилтан, нарийн бичгээр ажиллахыг сонгосон байна.
Ерөнхийдөө энэхүү судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэргэжил сонголтод жендэрийн хэвшмэл ойлголт, мөн хүйсийн ялгаа тогтмол нөлөөлдгийг онцолсон байна.
Мэргэжил сонголт дахь жендэрийн хэвшмэл ойлголт: Италийн өсвөр насныхны бүлгийн судалгаа
Энэ судалгаагаар өсвөр насныхны мэргэжил сонголт болон ажил мэргэжлийн талбар дахь жендэрийн ойлголт, өөрийгөө төлөөлөх, үнэлэх чадвар, мэргэжлээ судлах, шийдвэр гаргах зэрэгт жендэрийн хэвшмэл ойлголт хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Судалгаанд 16-19 насны нийт 120 сурагч (45 эрэгтэй, 75 эмэгтэй)-ийг хамруулжээ.
“Төгссөнийхөө дараа хийх сонголтоо тодорхойлно уу” гэсэн асуултын хариуд судалгаанд оролцогч охидын дийлэнх нь үргэлжлүүлэн боловсрол эзэмшихийг илүүд үзсэн бол хөвгүүд академик бус чиглэлд, жишээлбэл цэрэг хүчний замналаар явахыг илүүд үзсэн байна. Сонирхолтой нь судалгаанд оролцогчдын 41.4% (26.7% нь эрэгтэй, 14.7% нь эмэгтэй) нь энэ асуултад огт хариулаагүй байна.
Мөн, судалгаанд оролцогч эрэгтэйчүүд цэрэг хүч, шинжлэх ухаан /технологи, хөдөө аж ахуй/, гар урлалын салбарт өөрсдийгөө эмэгтэйчүүдээс илүү үр дүнтэй ажиллана гэсэн төсөөлөлтэй байдаг гэсэн дүн гарчээ. Эрэгтэйчүүд илүү бодит байдалд үндэслэсэн “эрэгтэйлэг” гэгддэг мэргэжлийг илүүд үздэг бол эмэгтэйчүүд багш, сувилагч зэрэг ихэвчлэн нийгмийн, нарийн мэргэжлийг илүүд үздэг байна. Эдгээр үр дүнг харахад сурагчид жендэрийн хэвшмэл ойлголтод нийцсэн мэргэжлийг сонгох нь илүүтэй байдгийг харж болно хэмээжээ. Түүнчлэн, тухайн мэргэжлийн үр нөлөөт байдал, хувь хүний нас, хүйс, эцэг эхийн мэргэжил зэрэг нь мэргэжил сонголтод мөн нөлөөлдгийг судалгааны дүнд онцолжээ.
Боловсрол, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны сэтгүүлд 2023 онд нийтлэгдсэн тус судалгааны мэдээлэлд жендэрийн хэвшмэл ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь хувьд нийтлэг итгэл үнэмшил эсвэл ялгаварлан гадуурхал болсоор буйг онцолжээ. Хэвшмэл ойлголт нь эерэг эсвэл сөрөг байдалтай илэрч болдог. Жишээлбэл, эмэгтэйчүүдийг ихэвчлэн эмзэг дорой байдлаар тодорхойлдог байхад эрчүүдийг эрч хүчтэй, логик сэтгэлгээ сайтай гэх мэтээр илүү эерэг байдлаар хэвшмэл ойлголтод хамруулдаг байна.
Тус судалгаанд ахлах ангийн сурагчид болон хөдөлмөрийн насны 186 хүнийг хамруулжээ. Насанд хүрэгчдийг жишээ болгон авах нь өсвөр насныхны ирээдүйг урьдчилан таамаглахад тустай гэж үзсэн учир оролцогчдыг 15-18, 19-40 гэсэн 2 насны бүлэгт ангилсан байна.
Судалгаагаар өсвөр насныхны мэргэжил сонголтод гэр бүл эсвэл сургуулийн орчин дахь жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлж буй дүн гарчээ. Гэхдээ мэргэжил сонголтдоо эцсээ хүртэл тууштай байж, хэвшмэл ойлголтын нөлөөнд автдаггүй байж чаддаг цөөн хувийн өсвөр насныхан ч байжээ. Иймд, мэргэжил сонголтод нөлөөлдөг жендэрийн хэвшмэл ойлголтыг бууруулах, өсвөр насныхны жендэрийн ойлголтыг зөв чиглүүлэхийн тулд сургуулиудад тусгай хөтөлбөр, хичээл оруулах хэрэгтэй гэсэн хэд хэдэн стратегийг судалгааны дүгнэлтэд мөн санал болгожээ.
Дүгнэлт
Дээрх судалгаануудын үр дүнгээс ажиглахад сурагчдын мэргэжил сонголтод гэр бүл, сургуулийн орчин нөхцөл, нийгмийн хандлага болоод тодорхой жендэрийн хэвшмэл ойлголтууд нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, ажил мэргэжлийн талбарт нийтлэг байдаг жендэрийн хэвшмэл ойлголт буюу аливаа ажлыг нэг хүйсэд хамаатуулж, ялган зааглах хандлага нь хүүхдийн хүсэл сонирхол, өөрийгөө төлөөлөх чадвар, мэргэжил сонголтод нөлөөлж болдог. Түүнчлэн, зарим хэвшмэл ойлголттой эцэг, эхчүүд хүүхдээ өөрийн хүсэл, сонирхолдоо нийцүүлэхийн тулд аливаа мэргэжлийг тулгах, эсвэл мэргэжлээ өвлүүлэх зэргээр шууд нөлөөлөх нь ч бий.
Эрэгтэйчүүдийг ихэвчлэн оюун ухаан, сэтгэн бодох чадвар, гарын ур дүй, техник технологитой харьцах чадвар сайтай гэж дийлэнх хүн үздэг учир энэ төрлийн чадвар шаардах ажлууд зөвхөн эрчүүдэд л тохирно, харин эмэгтэйчүүд асрах, сувилах, хүмүүжүүлэх, аливааг зохицуулах, ойлгох чадвар сайтай учраас багш, сувилагч, нягтлан, нарийн бичиг гэх мэт мэргэжлүүд л тохирно гэх мэт мэргэжилтэй холбоотой нийтлэг хэвшмэл ойлголтууд байдаг. Энэ хэвшмэл ойлголт нь хүүхдэд нөлөөлснөөр хүйсдээ тохирсон, нийтлэг хүсэл сонирхолд нийцсэн мэргэжил сонгож, шийдвэр гаргах сөрөг талтай юм. Тиймээс гэр бүл, ойрын хүрээлэлдээ л гэхэд жендэрийн хэвшмэл ойлголтоос ангид байж, хүүхдэд зөв үлгэр дуурайл болох хэрэгтэй бол сургуулийн орчинд жендэрийн мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, мэргэжил сонголтын талаар нөлөөллийн ажлууд явуулж, бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм.