2024 оны 08-р сарын 01-нд MindMend нэртэй хуудаснаас “Охидын бэлгийн бойжилт эрт эхэлдэг болсон шалтгаануудын нэг Phthalates гэх хуванцар савыг илүү эдэлгээтэй болгодог бодисын хэрэглээнээс юм. 2019 оны судалгаагаар шээсний шинжилгээгээр охидоос даавар гажуудуулдаг phathalates бодис их хэмжээгээр илэрдэг болсон байна. Энэ бодис нь шампунь, ангижруулагч, нүүрний тос, нарны тос, уруул өнгөлөгч, шүдний оо гээд бүхий л зүйлд бий. Бэлгийн бойжилт эрт эхэлж, сарын тэмдэг эрт ирэх нь ирээдүйд эмэгтэйчүүдийн өвчин хавдарт илүү өртөмтгий болгодог. Тиймээс хуванцар саваас татгалзаж аливаа бүтээгдэхүүн сонгохдоо phathalates ороогүйг сонгож байгаарай” гэх мэдээллийг түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 14 реакц, 1 сэтгэгдэл авч, 179 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Phthalates гэх бодис эрт бэлгийн бойжилтод нөлөөлдөг” гэх судалгаа байдаг ч, мөн “ямар ч холбоогүй”, аль эсвэл “хожуу бэлгийн бойжилтод нөлөөлдөг” гэх зэргээр судалсан тайлангууд байна. Цаашид эрт бэлгийн бойжилт болон фталат бодисын хамаарлыг илүү дэлгэрэнгүй судлах шаардлагатай гэж судлаачид үзжээ. Эрт бэлгийн бойжилтод өөр төрлийн өвчин эмгэг нөлөөлөх боломжтой учир заавал эмчид хандаж шаардлагатай арга хэмжээг авах нь чухал юм.
Фталат (Phthalates) гэж ямар бодис вэ?
Шалгасан мэдээлэлд охидын бэлгийн бойжилт phathalates гэх бодисоос улбаалан эрт эхэлдэг болсон гэж дурдсан. Phthalates-ийг “хуванцаржуулагч” бодис гэж нэрлэдэг бөгөөд голчлон поливинил хлорид (PVC)-ийг зөөлрүүлэхэд ашигладаг. Өөрөөр хэлбэл, уян хатан чанар, ил тод байдал, бат бөх чанар, удаан эдэлгээтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд хуванцар дээр нэмдэг бодис юм. Хүн амаар, арьсаар болон амьсгалаар phthalates-д өртдөг байна. Тодруулбал фталатыг олон төрлийн гоо сайхан, хувийн арчилгааны бүтээгдэхүүнд ашигладаг. Фталат агуулсан байж болох гоо сайхны бүтээгдэхүүнд хумсны будаг, үсний шүршигч, сахлын дараах тос, цэвэрлэгч, шампунь зэрэг орно. Фталатууд нь үнэртэн болон бусад үнэртүүлэгч бэлдмэлүүдэд уусгагч, тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг.
Фталат найрлаганд нь орсон бүтээгдэхүүний найрлагын жагсаалтад доор бичигдсэн товчилсон үгээр бичдэг.
- DBP (dibutyl phthalate)
- DINP (diisononyl phthalate)
- DEP (diethyl phthalate)
- DEHP (di-2-ethylhexyl phthalate)
- DMP (dimethyl phthalate)
- BBP (benzyl butyl phthalate)
- DNOP (di-n-octyl phthalate)
- DIDP (diisodecyl phthalate). Эдгээр нь хамгийн түгээмэл ашиглагддаг фталатын 8 төрөл юм.
Харин фталат агуулаагүй бүтээгдэхүүн “phthalate-free”, “0% phthalates”, “No phthalates” гэх зэрэг тэмдэглэгээтэй байдаг.
Европын холбооноос “DEHP, DBP, DIBP, BBP, diisopentylphthalate 1,2-Benzenedicarboxylic acid, di-C6-8-branched alkyl esters, C7-rich, bis(2-methoxyethyl) phthalate, dipentyl phthalate, and dihexyl phthalate” эдгээр фталатын төрлийг хязгаарласан тухай Европын химийн агентлагийн албан ёсны сайтад мэдээлжээ.
Фталат бодисын нэг төрлийг агуулсан бүтээгдэхүүний жишээ зураг
Фталат бодис ЭРТ бэлгийн божилтод нөлөөлдөг гэх дүгнэлттэй судалгаа
2000 онд хийсэн “Хөх нь эрт ургасан Пуэрто-Рико охидын ийлдэс дэх Фталат эфирийг тодорхойлох” судалгаагаар эрт хөх ургах болон бэлгийн бойжилт нь өндөр хэмжээний фталат бодистой хамааралтай байсан гэж гарчээ.
2017 онд хийсэн “Хэвийн жинтэй Тайланд охидын эрт бэлгийн бойжилтод өндөр концентрацитай фталат бодис хамааралтай“ судалгаагаар моно-этил фталат нь охидын эрт бэлгийн бойжилттой хамааралтай гэдгийг харуулсан.
2020 онд хийгдсэн “Фталат бодис нь охид хөвгүүдийн эрт болон хожуу бэлгийн бойжилттой холбоотой эсэх тухай системчилсэн тойм, мета- шинжилгээ” судалгаагаар хүүхдийн насны бүлэгт фталат бодис болон бэлгийн бойжилтын цаг хугацаа хоорондоо холбоотой гэж дүгнэжээ.
Фталат бодис ХОЖУУ бэлгийн бойжилтод нөлөөлдөг гэх дүгнэлттэй судалгаа
2014 онд АНУ-ын охидын дунд хийгдсэн судалгаагаар шээсний концентрацид агуулагдах өндөр молекул жинтэй фталат метаболит нь хожуу үеийн үс ургалттай холбоотой гэж гарчээ.
Мөн 2015 онд Хятадад хөвгүүдийг хамруулсан хяналтын судалгаагаар фталатын хэмжээ ихсэх нь бие махбодийн өсөлт болон бэлгийн бойжилтын сааталтай холбоотой гэдгийг харуулжээ.
Фталат бодис бэлгийн бойжилтын хугацаатай ХАМААРАЛГҮЙ гэх дүгнэлттэй судалгаа
Данид 5.6-19.1 насны 725 охидын шээсэнд агуулагдах фталат бодисын хэмжээг шинжилж бэлгийн бойжилт (хөхний ургалт, биеийн үс) болон насны хоорондын харилцааг судалсан судалгаанд 25 охин эрт бэлгийн бойжилттой байсан хэмээн гарчээ. Ерөнхийдөө бэлгийн бойжилт бага хөгжсөн бага насны охидын өглөөний шээсэнд агуулагдах монобутил фталат изоформ, монобензил фталат, ди-фталат болон ди-изо-нонил фталат метаболитууд хамгийн их байдаг хэмээжээ. Харин фталат болон хөхний хөгжил хоёрын хооронд ямар ч холбоо ажиглагдаагүй байна.
АНУ-д хийсэн өөр нэг судалгаад эрт бэлгийн бойжилттой 28, бэлгийн бойжилтын өмнөх насны 28, нийт 56 охидыг хамруулжээ. Тус судалгаагаар фталат бодис нь эмэгтэй хүүхдүүдийн эрт бэлгийн бойжилттой холбоогүй болохыг харуулжээ.
2019 онд БНСУ-д хийсэн судалгаанд эрт бэлгийн бойжилттой охидын хяналтын бүлгийн хоорондын шээсний фталатын түвшин мэдэгдэхүйц ялгаа байхгүйг харуулсан. Түүнчлэн, эрт бэлгийн бойжилттой охидын фталат сетаболит нь бэлгийн бойжилтын өмнөх насны охидтой харьцуулахад бага байна. Дотоод шүүрлийн эмгэг, бэлгийн бойжилтын талаар нэмэлт судалгаа хийх шаардлагатай хэмээн дүгнэжээ.
Эрт бэлгийн бойжилт гэж юу вэ?
Эрт бэлгийн бойжилт нь өндгөвч, бөөрний дээд булчирхай, гипофиз булчирхай, тархины хавдар, өсөлтөөс үүдэлтэй байж болно. Мөн гэр бүлийн өвчний түүх, эсвэл зарим тохиолдолд ховор генетикийн хам шинжүүд байж болдог аж.
Тархины эмгэг, хавдар зэрэг тодорхой шалтгааны улмаас хүүхдийн тархины гипоталамус даавар ялгаруулснаар гипофиз булчирхай ажиллаж, гонадотродин даавар ялгаруулдаг. Гонапотродин нь бэлгийн булчирхайн өсөлтийг өдөөдөг байна. Эрт бэлгийн бойжилтийг (precocious puberty) төвийн болон захын гэж хоёр ангилдаг.
Төвийн эрт бэлгийн бойжилт нь (central precocious puberty) илүү түгээмэл бөгөөд энэ нь хүүхдийн тархи эрт бэлгийн дааврыг(андроген) ялгаруулснаас болдог байна.
Төвийн эрт бэлгийн бойжилт үүсэх боломжит шалтгаан:
- Тархины гэмтэл,
- Тархи эсвэл нугасны хавдар,
- Төрөх үеийн тархины өөрчлөлт,
- Тархины халдварууд,
- Тархины хэвийн бус байдал,
- Цацраг эмчилгээний улмаас гэх зэрэг байна.
Захын эрт үеийн бэлгийн бойжилт нь (peripheral precocious puberty) Хүүхдийн нөхөн үржихүйн эрхтэн (өндгөвч, төмсөг) эсвэл бөөрний дээд булчирхайтай холбоотой асуудал үүссэнээс болж захын эрт бэлгийн бойжилт явагддаг. Заримдаа энэ нь хүрээлэн буй орчны дааврын нөлөөнөөс үүдэлтэй байдаг.
Захын эрт бэлгийн бойжилт нь:
- Өндгөвч, төмсөг эсвэл бөөрний дээд булчирхайн хавдар,
- chorionic gonadotropin (HCG) ялгаруулдаг хавдар,
- МакКюн-Олбрайтын синдром гэх мэт генетикийн нөхцөл байдал,
- Хүнд хэлбэрийн гипотиреодизм,
- Төрөлхийн бөөрний дээд булчирхайн гиперплази гэх мэт бөөрний дээд булчирхайн эмгэгүүд.
- Зарим тохиолдолд эстроген, тестроген, андроген агуулсан тос, эм бэлдмэл, бүтээгдэхүүн хэрэглэх нь хүүхэд биеийн гаднах эх үүсвэрээс гормоны хордлого авах эрсдэлтэй байдаг. Эдгээргээс шалтгаалан захын эрт бэлгийн бойжилт үүсэх боломжтой байна.
2000 оноос 2023 оны 03-р сар хүртэл хийгдсэн судалгаануудыг системчилж хянасан судалгаагаар эрт бэлгийн бойжилт болон хөхний хорт хавдрын хоорондын хамаарлын судалжээ. Тус судалгаанд ” эрт хөх нь ургаж, сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүд эрсдэлгүй бүлэгтэй харьцуулахад хөхний хорт хавдар тусах эрсдэл 30%-иар илүү байсан. Олон удаагийн судалгаагаар 11 наснаас өмнө сарын тэмдэг ирэх нь хөхний хорт хавдарын эрсдлийг нэмэгдүүлдэг бол хожуу сарын тэмдэг (14 нас) нь эрсдлийг бууруулдаг болохыг харуулж байна” гэж дурдсан.
Мөн 2014 онд хийгдсэн судалгаагаар эрт хөх ургаж, сарын тэмдэг ирэх нь хөхний хорт хавдар үүсэх мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлж болно гэж дүгнэжээ. Цаашид хөхний хорт хавдар болон бэлгийн бойжилтийн үе шатуудын хоорондын хамаарлыг анхаарч судлах шаардлагатай гэж үзжээ.