“Хуурамч буюу химийн нэмэлттэй тарвасыг хэрхэн таних вэ” гэх бичлэг төөрөгдүүлсэн 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1090

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хуурамч буюу химийн нэмэлттэй ТАРВАС-ыг хэрхэн таних вэ” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Таван жилийн өмнө цацагдсан бичлэгийг дахин нийтэлсэн байна. Хүнсний нэмэлт бодис тарьсан тарвасыг шууд хараад танихад амаргүй бөгөөд гэрийн нөхцөлд тарваст нэмэлт бодис тарих магадлал бага гэдгийг туршилтаар нотолжээ.

2024 оны наймдугаар сарын 8-ний өдөр BL.mn гэх пэйжээс “Хуурамч буюу химийн нэмэлттэй ТАРВАС-ыг хэрхэн таних вэ” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 1200 орчим реакц, 202 сэтгэгдэл авч 1900 гаруй удаа цааш түгээгджээ. Тухайн бичлэгт тарвасын хальсанд тогтсон дугариг толботой хэд хэдэн хэсгийг “сахар орлуулагч, хүнсний нэмэлт тарьсан ором үлдсэн” гэж тайлбарлажээ. Мөн хальсны шарласан хэсэг, зүүний ором, тод улаан өнгө, чихэрлэг амттай байх зэргээр нь таньж болно гэжээ. Үүнээс гадна сахар орлуулагч, сахрын нэмэлттэй хүнс хэрэглэх нь эрт нас барах, зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлтэй талаар нэгэн судалгааг дурджээ. “Эрдэмтэд 80 мянга орчим эмэгтэй, 40 мянга орчим эрэгтэй хүнд гучин жилийн турш судалгаа хийхэд сахар орлуулагчтай хүнсний бүтээгдэхүүн өдөрт 2-оос дээш хэрэглэдэг хүмүүс энгийн хэрэглээтэй хүмүүстэй харьцуулахад хугацаанаасаа өмнө нас барах магадлал 21%, зургаагаас дээж хэрэглэхэд 31% байсан” гэжээ. 

Уг бичлэг нь 2019 онд цацагдсан ч үр тариа, ургац хураалтын үетэй холбогдуулан дахин нийтэлсэн байна. Тарвасыг гаднаас нь хараад болцыг нь мэдэж болох талаарх бүрэн хэмжээний судалгаа байхгүй ч зөвлөмж маягаар хүргэсэн мэдээллүүд бий.  

Тарваст хүнсний нэмэлт тарьж туршилт хийхэд 2-3 цагийн дараа нүхний тойрог харлаж эхэлжээ 

2019 онд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулдаг Хятадын “Science Fact” нэртэй сайтад тарваст хүнсний нэмэлт тарих туршилт хийсэн талаар мэдээлжээ. Цахим сүлжээгээр хүнсний нэмэлт бодис тарьсан тарвастай холбоотой хуурамч мэдээлэл тархсанаас үүдэн уг туршилтыг хийжээ. Үүнд, “Шэньжэний хяналт шалгалтын газар тарвас тариалдаг 6 аж ахуйн нэгж, үйлдвэрт гэнэтийн шалгалт хийхэд сахрын натри, хиймэл будагч бодис, улаан ус (мөнгөн усны бромид) болон бусад найрлага илрээгүй байна. Зарим мэргэжилтэн тарваст хүнсний нэмэлт бодис тарих туршилт хийсэн байна. Үр дүнд нь тарвасын доторх махлаг эд (улаан өнгийн, шүүслэг эд) гэмтэж, бүтцээ алдсан, жигд бус, нүхэнд нь нян амархан халдварладаг байсан тул тарвас ялзарч муудаж байсан. Энэ нь “хүнсний нэмэлттэй тарвас борлуулах нь амаргүй гэдгийг илтгэж байна” гэжээ. Мөн “тарвасыг ургаж байхад нь ч, хураасны дараа ч нэмэлт бодис тарихад өнгө нь өөрчлөгдөх, ялзрах зэргээр тэдгээр бодисыг шингээхгүй байсан. Ургамал нь үндсээр дамжуулан ус, шим тэжээл шингээж авдаг тул нэмэлт бодисууд тарвасын махлаг эдийн шинж чанарыг алдагдуулдаг. Энэ нь мөн туршилтаар нотлогдож нэмэлт бодис тарьсан тарвас нүхний хэмжээнээс үл хамааран 2-3 цагийн дараа нүхний гаднах тойрог харлаж эхэлдэг” тухай ч дурджээ.  

Тариулсан тарвасын махлаг эд гэмтсэн байгаа нь

  • Түүнээс гадна тарвастай холбоотой хуурамч мэдээлэл ургац хураах үеэр байнга сөхөгддөг талаар дурдаж аливаа мэдээлэлд хянуур, эх сурвалжтай хандахыг уриалсан байна.  

Бичлэг дээрх тарваст хүнсний нэмэлт бодис тарьсан эсэхийг батлах боломжгүй 

Харин шалгаж буй бичлэгт байгаа тарвасын махлаг эд бүдэг улаан өнгөтэй, гадна хальсны өнгө жигд бус байгаа нь хүнсний нэмэлт бодис тарьсан гэх шинж тэмдэггүй байна. Хальсан дахь толбо нь мөндөрт цохиулсан байж болзошгүй. Ачаа тээвэрлэлт, байгалийн үзэгдэл (мөндөр, салхи), мэрэгч амьтан, ургамлын шавж зэргээс хамааран, жимсний бүрэн бүтэн байдал, болц алдагдаж хальсан дээр толбо, зураас үүсэх боломжтойг АНУ-ын технолги, инженерчлэлийн чиглэлийн Purdue их сургуулиас мэдээлсэн байна.

Зургийн эх сурвалж: https://specialtycropgrower.com/florida-watermelons-hail-damage/ 

Хүнсний нэмэлт бодис тариулсан тарвас ямар шинж тэмдэгтэй вэ?

Энэтхэг болон хөрш орнуудад нь итгэмжлэгдсэн, олон орны эрдэмтэдтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг оношилгооны байгууллага болох  Oncquest Laboratories Ltd  нь тусгай, нарийн мэргэжлийн шинжилгээгээр өндөр дэвшилтэт тестүүдээр судалгаа, оношилгоо явуулдаг. 

Үүнд, Хүнсний нэмэлт тарьсан тарвас нь химийн бодис, будагч бодис, чихрийн уусмал зэрэг янз бүрийн бодисыг шахах замаар зохиомлоор сайжруулсан жимс юм. Энэ нь тарвасын махлаг эдийн амтыг сайжруулж, хадгалах хугацааг уртасгах, үзэмжийг сайжруулах зорилготой гэнэ. Жимс хэрэглэгчдийн сонирхлыг татах, тээвэрлэх, хадгалах явцад эвдрэл үүсэхийг багасгахын тулд ашигладаг уг аргын талаар дараах байдлаар тайлбарлажээ. 

Тарваст тарьдаг нийтлэг бодисууд  

  • Хүнсний будаг: Хүнсний будагч бодисууд нь тарвасын улаан эсвэл ягаан өнгийг нь сайжруулж, илүү шинэлэг харагдуулдаг будагч бодис юм. Эдгээр будаг нь ихэвчлэн синтетик агуулдаг бөгөөд заримдаа харшил өгч болзошгүй. 
  • Амтлагч: Тарвасыг байгалийн амтнаас илүү амттай болгохын тулд элсэн чихэр, амт оруулагч зэргийг тарьдаг. Энэ нь амтыг сайжруулдаг ч их хэмжээгээр хийвэл эрүүл мэндэд хортой. 
  • Хадгалагч бодис: Хадгалагч бодис нь тарвасыг хадгалах хугацааг уртасгаж, хурдан муудахаас сэргийлдэг химийн бодис юм. Эдгээр нь хог хаягдлыг багасгахад тусалдаг ч хоол боловсруулах эрхтний асуудал (хордлого, суулгах г.м) үүсгэх эрсдэлтэй. 
  • Өсөлтийн гормон ба химийн бодисууд: Тарвасын хэмжээ, ургацыг нэмэгдүүлэхийн тулд өсөлтийн даавар болон бусад химийн бодисыг ашигладаг.  

Эдгээр бодисыг хүнсэнд хэтрүүлэн хэрэглэх нь  харшил үүсгэх, хордлого өгөх, бодисын солилцоонд саад учруулж, шим тэжээлийн алдагдал, химийн хордлогод ч орж болзошгүйг дурджээ.  

Хүнсний нэмэлт тарьсан тарвасын нийтлэг шинж: 

Тариа хийсэн, хүнсний нэмэлттэй тарвасыг тодорхойлох нь хэцүү, тусгай мэргэжлийн шинжилгээгээр илрүүлэх боломжтой ч дараах нийтлэг шинжийг дурдаж өгчээ. Мөн тод улаан тарвас нь бүгд тариа тарьсан гэсэн үг биш бөгөөд эдгээр шинэ чанарыг харааны болон мэдрэхүйгээ ашиглан хянамгай хандахыг сануулсан байна.  

  • Байгалийн бус өнгө: Тариулсан тарвас нь ердийн тарвастай харьцуулахад гадна хальс болон махлаг эдийн өнгө ер бусын тод, гүн, өөгүй цэвэрхэн байх магадлалтай. 
  • Хэлбэр, бүтэц:  Тариа, хүнсний нэмэлттэй тарвас нь тарвас тарих үйл явцыг илтгэх овойлт, зөөлөн хонхорхой, тэгш бус хэсгүүдтэй байж болно. 
  • Бат бөх чанар: Тариулсан тарвас нь байгалийн тарвастай харьцуулахад хэтэрхий хатуу байх магадлалтай. Үүнийг хальсны гадна талд зөөлөн дарж шалгаж үзэж болно.
  • Тарилгын нүх байгаа эсэх: Тарвасыг жижиг цоорсон, бодис тарьсан байж болзошгүй нүх байгаа эсэхийг сайтар шалгана. Эдгээр тэмдэг нь гадна хальс эсвэл жимсний ишний төгсгөлд хэсэгт харагдаж болно. Задлаад үзэхэд уг нүхний орчимд бүтэц алдагдсан, харласан зэрэг өөрчлөлттэй байна.
  • Үнэр ба амт: Хэрэв тарвас нь хэтэрхий чихэрлэг үнэртэй, амттай бол түүнд элсэн чихэр, амт оруулагч тарьсан байж магадгүй.

Бичлэгт ярьж буй сахрын нэмэлт, сахар орлуулагчтай хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд эрсдэлтэй талаарх судалгаа үнэн 

Харин уг бичлэгт дурдаж буй тоон өгөгдөл нь  “АНУ-ын насанд хүрэгчдийн элсэн чихэр, сахрын нэмэлттэй чихэрлэг ундааны урт хугацааны хэрэглээ ба нас барах эрсдэл” гэх судалгааных байна. Уг судалгааг АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгийн судалгаа, баримт бичгийн архиваас ашиглалаа.

Энэ нь 1986 оны судалгаа бөгөөд шинжилгээнд судалгааны хүрээнд нийцсэн 80,647 эмэгтэй, 37,716 эрэгтэйг оролцуулжээ. Дээрх хоёр бүлгийн хувьд амьдралын хэв маягийн хүчин зүйлс, эрүүл мэндийн байдлыг үнэлэх зорилгоор хоёр жилд нэг удаа шуудангаар асуулга явуулсан бөгөөд 2 жилийн мөчлөг бүрд 90 гаруй хувь нь сахар, сахрын нэмэлт агуулсан ундаа хэрэглэдэг гэдгийг тогтоожээ. Түүнчлэн өдөрт хоёроос дээш тоогоор тогтмол сахрын нэмэлттэй ундаа хэрэглэдэг хүмүүсийн зүрх судасны өвчин, хорт хавдраар өвчлөх эрсдэл нь чихэрлэг ундаа ховорхон уудаг хүмүүсээс 31%-аар илүү байгааг харуулсан. 

Мөн дээрх судалгааг хийхдээ суурь болгож ашигласан Сувилагчдын эрүүл мэндийн судалгааны 34 жилийн ажиглалтаар 23,432 нас баралтын (үүнээс 4,139 Зүрх судасны өвчин, 8,318 хорт хавдар), Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хяналт шалгалтын судалгааны 28 жилийн хяналтын 13,004 нас барсан тохиолдлын (үүнээс 3,757 ЗСӨ, 4,062 хорт хавдар) гэдгийг оруулжээ. Үүний шалтгаанд хүнсний бусад хэрэглээ, дэглэм, амьдралын хэмнэлээс гадна сахар, сахрын нэмэлт орлуулагчийн нөлөө байгааг ч тусгасан байна. Энэ нь сахар агуулсан бүтээгдэхүүн, сахар орлуулагчтай хүнсийг тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд эрсдэлтэй, зүрх судасны өвчин үүсгэх боломжтойг харуулж байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document