2024 оны наймдугаар сарын 4-ний өдөр Enkhtuvshin Tsend гэх хаягнаас “Ховдын тарвас гарах болоогүй. Орос, Казах, Киргиз тарвас гэж байхгүй шүү. Бүгд Хятадаас ирж байгаа.” гэх тайлбартай пост оруулжээ. Уг пост 114 орчим реакц, 55 сэтгэгдэл авч 142 гаруй удаа цааш түгээгджээ.
Бид дараах байдлаар шалгалт хийлээ:
2020 онд Эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхтөр, Б.Алтантуяа нарын хийсэн “Тарвас тариалах технологи”-ийн талаарх бичвэрт нийлэг бүхээг буюу пилонк ашиглан дөрөвдүгээр сарын сүүл үеэс, энгийн хүлэмжид тавдугаар сарын эхэн, ил талбайд зургаадугаар сараас үрсэлгээ хийх талаар тусгаж өгчээ.
- Дээрх мэдээлэлтэй утга адил “Ховдын тарвас гарах болоогүй, наймдугаар сарын 10-аас болц бүрэн гүйцнэ” гэх мэдээлэлд Улсын аварга О.Хангай ийн мэдэгджээ. Уг мэдэгдэлд “Тарьж байгаа үр, арчилгаа байгаль цаг уураас шууд хамааралтай байдаг. Үр нь 60, 80, 90, 100 хоногтой гэж байдаг. Сүүлийн үед тариаланчид маань тарвасын үрсэлгээ хийж байгаад хүлэмжид 4 сарын сүүлээс тарьдаг болсон учраас 7 сард гарч байгаа юм.” гэжээ. Ингэхдээ хүлэмжийг ил талбайд нар татах,чийг хадгалах зорилгоор пилонк ашигладаг талаар дурджээ.
- Мэдээллийн NewKhovd.mn сайтын “Ховдын тарвас” нэртэй тариалангийн талбайгаас нэвтрүүлсэн сурвалжилгад тарвасын үр суулгалт, сорт, бордоо, арчилгаа зэргийг тусгажээ. Үүнд, олон жил тариа тарьсан тариаланч, хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн нар пилонк ашиглаж дөрөвдүгээр сарын сүүлээр үрсэлгээ хийж болох /бичлэгийн 1:04, 10:08 секунд дэх/ талаар дурдсан байна. Үүнд, байгаль, цаг уурын нөхцөл байдлаас хамааран хэдэн хоногт боловсорч гүйцэх үрийг сонгохоо шийддэг гэжээ.
Түүнчлэн 2022 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тариалсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн чанар, аюулгүй байдалд хийдэг шалгалтаар Ховд, Сэлэнгийн тарвас стандартад нийцсэн, аюулгүйг тогтоож байжээ. Мөн тарвасыг хүнсний тусгай зөвшөөрөл, гаалийн татварын хувь хэмжээний дагуу импортолдог. Үүний адил Хятадаас орж ирсэн тарвасуудад шинжилгээ хийж эрүүл гэдгийг ч мэдээлж байжээ.
Мөн 2021 оны шинэчилсэн мэдээллээр Киргизстан Чуй мужаас Монгол руу 19 тонн буюу бараг хоёр мянган тарвас илгээсэн гэж “Киргизфрукт” ХХК-ийн ерөнхий захирал Жалилидин Шакиров “Sputnik” агентлагт ярьжээ. Мөн алим, лийр, хатаасан жимс зэргийг ч худалдаалах талаар хэлэлцээр хийж буйгаа дурдаж байжээ. Үүнээс гадна Оросоос 200 тонн гаруй тарвасыг экспортолсон тухай Буриадын хэвлэлд мэдээлсэн байна. Уг мэдээндээ Монгол руу экспортлох тарвас, хүнсний овьёос, хатаасан жимс зэрэгт Мал эмнэлэг, ургамлын хяналт холбооны албанаас мэргэжлийн шалгалт хийснийг тусгажээ.
Үүнээс гадна Гаалийн ерөнхий газрын 2023-2024 статистик мэдээллээр амтат гуа, тарвасын төрлийн жимсний импортын хэмжээг, улс орны жагсаалтын хамт харуулсан байна. Үүнд, Панам, Узбекстан, БНХАУ, БНСУ, Бразил, Казахстан, ОХУ зэрэг арав гаруй орноос импортолдог байна.
“Орос, Казах, Киргиз тарвас гэж байхгүй шүү. Бүгд Хятадаас ирж байгаа” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн болохыг ГЕГ-ын статистикаас харж болно