Хуурамч хаягаас ажлын зар түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1088

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

CU-д яаралтай ажилд авна гэх зарыг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Олонд танигдсан брэндийн лого, нэрийг ашиглан хуурамч хаягаас худал зарыг түгээж байна.

2024 оны 08-р сарын 03-нд Delgiorno Bourdeau Goff гэх нэртэй хуудсаас “CU-д брэнд туслах яаралтай ажилд авна” гэх зар бүхий зургийг оруулжээ. Тус ажлын байрны зард цалингийн хэмжээг 1 даалгавар гүйцэтгэхэд 50,000₮, 5 даалгавар гүйцэтгэхэд 270,000₮ гэж оруулсан бөгөөд цагийн уян хатан байдлаар хаанаас ч ажиллаж болно гэж тусгасан байна.

Хаяг шалгах нь
Ажлын зар түгээсэн хуудас /пэйж/ нь гадаад нэртэй байх бөгөөд нүүр зургаас өөр зураг оруулаагүй байна. Мөн мэдээлэл хэсэгт “Нью Йоркд байрлалтай фен хуудас” гэхээс өөр мэдээлэл огт оруулаагүй, ямар нэгэн пост нийтлээгүй. CU-ийн ажлын байрны зар оруулсан ч CU-д ажилладаг эсэх, зар түгээх албан ёсны хуудас эсэх нь баталгаагүй хуурамч хаяг байна.

Агуулгыг нягтлах
Шалгасан мэдээллийг харвал ажлын байрны зар оруулсан ч холбогдох дугаар, тавигдах шаардлага огт бичээгүй. Тайлбар хэсэгт “брэндийн албанд туслах үүрэгтэй, брэндийн үйл ажиллагаа, зах зээлийн чиг хандлагыг хянаж, дүн шинжилгээ хийж, холбогдох тайлан зөвлөмжийг бэлтгэх үүрэгтэй” гэж дурдсан боловч хавсаргасан зурагт “гэрээсээ онлайн захиалгыг боловсруулах” гэж бичсэн нь ажил үүргийн тайлбар зөрж байгааг харуулж байна.

Тус постын доорх линкээр ороход Орос хэл дээр бичигдсэн тайлбар байна. Үргэлжлүүлэн холбоо барих товчийг дарахад SHEIN_Kim нэртэй телеграм хаяг руу шилжиж байгаа нь тус мэдээлэл хуурамч болохыг харуулж байна.

Бид Монгол дахь CU сүлжээний албан ёсны сайтад байршуулсан ажлын заруудыг шалгахад “брэнд туслах” гэсэн нээлттэй ажлын байр зарлаагүй.

Мөн CU Mongolia албан ёсны фэйсбүүк хуудаст шалгасан мэдээлэлтэй холбоотой ажлын зар огт ороогүй байна.

Олонд танигдсан сүлжээ дэлгүүрийн лого, нэрийг ашиглан хуурамч ажлын байрны мэдээлэл түгээж байна. Иймд холбогдож өөрийн мэдээллээ өгөхөөс өмнө хаягийг шалгаж, холбогдох найдвартай эх сурвалжаас лавлаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document