Эрэгтэй, эмэгтэй хүний стрессээ тайлах зан байдал нь даавраас хамаарч ялгаатай байдаг 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1087

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Эрэгтэй, эмэгтэй хүн окситоцин даавраас хамаарч, стрессээ өөр аргуудаар тайлдаг хэмээн ярьжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хүний сэтгэл санаа, бие сэтгэлийг тайвшруулах үйлчилгээтэй окситоцин дааврын хэмжээ нь эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс харьцангуй их байна. Эрэгтэй, эмэгтэй хүний стрессээ тайлах зан байдал нь даавраас хамаарч ялгаатай байдаг нь үнэн бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд хүн хоорондын харилцаа илүү чухал байдаг.

“Amaraa Cinefive” нэртэй фэйсбүүк хаяг нь 2024.08.06-нд “Хов базах эрүүл мэндэд сайн гэж байна шүү” гэсэн тайлбартай бичлэг оруулжээ. Уг бичлэгт “Хов базах яагаад гоё юм. Яагаад гэвэл хов базах үед эмэгтэйчүүдэд окситоцин гэдэг гормон ялгардаг байхгүй юу. Эмэгтэйчүүдийн стресс тайлах арга нь окситоциноо ялгаруулах байхгүй юу. Тэр нь заавал хов базахдаа биш, заримдаа зүгээр л ярих. Зүгээр хүнд өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх хэрэгцээ гэж байдаг шүү дээ. Тэр хэрэгцээгээ ингээд олон дахин ярих нь стресс тайлах аргуудын нэг хэлбэр болчхож байгаа юм. Эрчүүд яадаг вэ гэхээр энийг өсгөхдөө буйдан дээрээ суугаад, өөрийнхөө агуйруугаа ороод, чимээгүй болоод, дуугаа хураадаг юм байна. Тэр яаж байна вэ гэхээр тэр хүмүүсийн бас стресс тайлах аргуудын тоонд орж байгаа юм. Төвлөрч, дув дуугай, чив чимээгүй орчинд дуугүй л байхыг хүсэж байгаа юм. Тэгэхээр их ярих нь тэд нарт заримдаа тийм тохиромжтой биш байдаг” гэсэн бичлэг постлосон нь 2024.08.08-ны байдлаар 3300 гаруй реакц, 166 сэтгэгдэл авч, 3300 гаруй удаа түгээгджээ.  

Дээрх агуулгыг харахад эмэгтэйчүүд их ярьснаар окситоцин даавар ялгарч стресс гадагшилдаг бол  эрчүүдийн илүү чимээгүй байснаар стресс нь тайлагддаг буюу ерөнхийдөө эрэгтэй, эмэгтэй хүний стрессээ тайлах сэтгэл зүй, биологийн шинж чанар өөр гэж ойлгогдож байна.

Манай өмнөх баримт шалгалтад “Хов жив гэдэг нь гуравдагч этгээдийн тухай хувийн мэдээлэл солилцох” гэж тодорхойлдог бөгөөд нас, хүйс, соёл, нийгэм, эдийн засгийн суурь үндэслэлээс давсан, хүмүүсийн дунд түгээмэл байдаг, бараг бүх нийтийн зан үйл гэдгийг дурдсан. Тэгвэл эмэгтэй хүн зөвхөн хов ярьснаар стрессээ тайлдаг бус, харин ярих хэрэгцээ буюу хүн хоорондын харилцаа чухал байдаг бол эрэгтэй хүнд харьцангуй эсрэг байдгийг дараах дэлгэрэнгүй хэсгээс хүлээн авна уу. 

Эрэгтэй, эмэгтэй хүний стрессийн даавар ижилхэн

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс стресст өөрөөр ханддаг хамгийн чухал шалтгаануудын нэг нь дааврууд юм. Ялангуяа:

  • кортизол (стрессийн даавар),  
  • адреналин (айдсын үед ялгардаг даавар),  
  • окситоцин (тайвшруулдаг даавар) 3 чухал үүрэг гүйцэтгэдэг байна.  

Хүн стресст орсон үед кортизол, адреналин даавар ялгарч, цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээ нэмэгддэг бол кортизол даавар дангаараа дархлааны системийг дарангуйлдаг.  

Бухимдмаар нөхцөлд кортизол даавар эмэгтэйчүүдэд илүүтэй ялгардаг гэж хүмүүс боддог байсан бөгөөд энэ нь эмэгтэйчүүд яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдгийн тайлбар болно гэх мэтчилэн янз бүрийн онол ч байдаг. Гэвч үнэн хэрэгтээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн кортизол дааврын үйлдвэрлэлд тогтмол ялгаа байхгүй. Харин энэ бүхэн нь окситоцин даавраас үүдэлтэй” гэж Стэнфордын их сургуулийн нейробиологийн доктор, профессор Роберт Сапольский тайлбарласан байна. 

Стресстэй нөхцөлд кортизол, адреналин ялгаран цусаар урсах үед окситоцин даавар гарч ирдэг. Окситоцин нь тархинаас ялгарч кортизол, адреналины үйлдвэрлэлийг эсэргүүцэж, сэтгэл хөдлөлийг тайвшруулдаг аж.  

Тайвшруулдаг даавар эмэгтэйчүүдэд эрчүүдийнхээс илүү байдаг

“Окситоцины түвшний ялгаанд хүйсийн хамаарал” судалгаагаар эмэгтэйчүүдэд окситоцины сийвэнгийн хэмжээ эрэгтэйчүүдийнхээс өндөр байсан үр дүн гарчээ. Судалгаанд тус бүр 45 эрэгтэй, 45 эрүүл эмэгтэй (оролцогчдын дундаж нас: 34.9 ± 6.2 жил)-г оролцуулсан байна.   

Тайвшруулдаг даавар буюу окситоцины сийвэнгийн хэмжээ эрэгтэйчүүдэд дунджаар 1.5 нэгж байдаг бол эмэгтэйчүүдэд 4.5 байна.

Эмэгтэй хүний хариу үйлдэл – “Чиглэх ба нөхөрлөх” 

2000 онд хийгдсэн “Эмэгтэйчүүдийн стресст хариу үзүүлэх биологийн зан байдал: тэмцэх зугтахын оронд чиглэх ба нөхөрлөх” нэртэй нөлөө бүхий судалгаагаар эмэгтэйчүүд эргэн тойрныхоо хүмүүсийг халамжилж, бусадтай холбогдох нь их бөгөөд “чиглэх, нөхөрлөх” байдлаар стрессийг зохицуулдаг тухай мэдээлжээ.  

  • “Чиглэх” гэдэгт өөрийгөө болон үр удмаа хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах, зовлон бэрхшээлийг бууруулахад чиглэсэн  үйл ажиллагааг багтаан ойлгох бол;
  • “Нөхөрлөх” гэдэг нь тухайн үйл явц, чиглэлд нь туслах олон нийтийн сүлжээг бий болгож, арчилж тордох явдал хэмээн судлаачид, түүний дотор Калифорни, Лос Анжелесын хүндэт профессор Шелли И.Тейлор онцолжээ.  

Эмэгтэйчүүд яагаад тэмцэж, зугтаад байдаггүйн гол шалтгаан нь окситоцин даавар нөхөн үржихүйн даавартай хавсардгаас үүдэлтэй гэж судлаачид мөн тайлбарлажээ.  

Окситоцин нь стрессийн дааврын хэмжээг бууруулах, цусны даралтыг бууруулах зэрэг стрессийн эсрэг нөлөө үзүүлдэг. Мөн хомеостази (бие махбодыг зөв ажиллахад шаардлагатай бүх системийн тэнцвэртэй байдал)-ийг тэнцвэржүүлж, бие махбодыг тайвшруулахад нөлөөлдөг байна.  

Эмэгтэй хүн жирэмслэх, хүүхдээ асрах харах гэх мэт биологийн туршлага нь тэднийг хүмүүстэй ойр дотно холбоотой байх, өрөвдөх, сэтгэл хөдлөлөө илүүтэй илэрхийлэхэд нөлөөлж болдог. Тиймээс ч эмэгтэйчүүд стрессээ даван туулахын тулд эмчлүүлэх, бусдын үгэнд орох, нөхөрлөх, санал бодлоо хуваалцахыг илүүд үздэг байна. 

Эрэгтэй хүний хариу үйлдэл – “Тэмцэх эсвэл зугтах” 

Окситоцин бага хэмжээгээр агуулагддаг эрэгтэйчүүд стресстэх үедээ өмнө нь туршиж байсан аргаараа тэмцэх эсвэл зугтах хариу арга хэмжээ авахыг эрмэлздэг байна. 

“Тэмцэх эсвэл зугтах” сонгодог шинж тэмдгүүд нь аюул заналхийлсэн нөхцөл байдалд тэмцэх, эсвэл аюулгүй газар руу зугтах замаар хурдан хариу үйлдэл үзүүлэхэд тусалдаг амьд үлдэх механизм болон хөгжжээ. Ерөнхийдөө энэ механизм нь эрчүүдэд хамгийн ихээр өдөөгддөг байна.  

Бухимдалтай үйл явдлын хариуд стрессийн дааврууд буюу картизол ялгардаг. Энэ нь зүрхний цохилт түргэсэх, булчин чангарах, хөлрөх, амьсгаадах зэрэг физиологийн өөрчлөлт авчирдаг байна. Зарим эрэгтэй стресстэхээрээ уурлаж, маргалддаг бөгөөд энэ нь “тэмцэх” хариу үйлдлийн хэлбэр аж. Харин зарим нь тусламж хүсэхгүй, түгшүүр, бухимдал мэдэрч, таагүй сэтгэл зүйтэй болдог ба тэндээсээ бултах арга зам хайх нь “зугтах” хариу үйлдлийн хэлбэр юм. Эрчүүд “тэмцэх” хариу үйлдлийг хэрэгжүүлснээр стрессээ хурдан хугацаанд бууруулж чаддаг байна.  

Стрессийг зохицуулах нь 

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс стрессийг өөр, өөрөөр даван туулдаг. “Эмэгтэйчүүд найз нөхөд, гэр бүл, дэмжигч бүлгээс үл хамааран ер нь түүхээ ярих дуртай байдаг. Харин эрчүүд стрессээс ангижрахын тулд стрессээс зугтах үйл ажиллагааг эрэлхийлдэг. Эрчүүд бухимдсан эрч хүчээ гадагшлуулахдаа нөхөдтэйгөө хамтран өрсөлдөөнт байдлаар гаргахыг эрэлхийлдэг бөгөөд гольф бол тэдний стрессээс хэрхэн зугтдагийн нийтлэг жишээ гэж болно. Эрчүүд ихэнхдээ гольф дуусан дуустал бие биенийхээ мэдрэмж, стрессийн талаар ярилцах цаг гаргадаггүй” хэмээн Америкийн сэтгэл судлалын  холбооны төлөөлөгч Пикард тайлбарлажээ

Дүгнэлт 

Дээрх мэдээллүүдээс дүгнэн үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүн стресстэх үйл явц нь онцын ялгаагүй боловч стрессээ тайлах зан байдал нь даавраас хамаарч ялгаатай байдаг нь үнэн байна. Өөрөөр хэлбэл, ихэнх эмэгтэйн хувьд бухимдалтай үедээ ярих хэрэгцээ буюу хүн хоорондын харилцаа чухал байдаг бол эрэгтэй хүнд харьцангуй эсрэг байна.  

  • Гэхдээ шалгасан бичлэгт буй “Хов базах яагаад гоё юм. Яагаад гэвэл хов базах үед эмэгтэйчүүдэд окситоцин гэдэг гормон ялгардаг байхгүй юу. Эмэгтэйчүүдийн стресс тайлах арга нь окситоциноо ялгаруулах байхгүй юу. Тэр нь заавал хов базахдаа биш, заримдаа зүгээр л ярих..” гэсэн агуулга нь эмэгтэйчүүд стрессээ тайлахын тулд хов баздаг, заримдаа л зүгээр ярьдаг гэсэн өрөөсгөл ойлголт төрүүлэхээр байна. Мөн бичлэгийн доор олон хүн “хов ярьж стрессээ тайлъя” гэх мэт сэтгэгдэл бичсэн нь бодит мэдээлэл, агуулгыг төөрөгдүүлэхээс гадна “эмэгтэйчүүд хов их ярьдаг” гэх хэвшмэл ойлголтыг дэвэргэх ч эрсдэлтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс эерэг, сөрөг хов жив ярих нь ижил байдаг ба бид өмнө нь энэ талаар баримт шалгасныг эндээс уншаарай.  

Ерөнхийдөө бухимдалтай үедээ өөрийн болон бусдын зан байдал, өвөрмөц хэрэгцээг хүндэтгэх буюу стрессээс “зугтаж буй” эрэгтэйн чимээгүй байх, стресстэй эмэгтэй хүний ярилцах, тэврэх, хүрэлцэх гэх мэт хэрэгцээг ойлгож, хүндэтгэх нь хамгийн чухал юм. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document