2024 оны 08-р сарын 07-нд Gantsooj Tserennadmid нэртэй хаягаас “хятадад үйлдвэрлэсэн машин хэт халуунд тэсвэр алдан жирэмсэлжээ” гэх тайлбартайгаар машины хуулганы завсар хий орж томорсон байдалтай богино хэмжээний бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 1,000 гаруй реакц, 56 сэтгэгдэл авч, 166 удаа цааш түгээгдэж, 535 мянга гаруй хэрэглэгч үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens-ээр хайхад The Times of India мэдээллийн сайтад хятад машины бичлэгийг тайлбарласан нийтлэл оржээ. Тус нийтлэлд машины хуулганы завсар багахан хэмжээний агаар орсон тохиолдолд хэт халалтаас үүдэн тэлж, том бөмбөлөг үүсгэдэг гэдгийг дурджээ. Энэ нь зөвхөн хятад машинд бус хуулга наалгасан бүх төрлийн машинд үүсэх боломжтой аж. Тухайлбал, @DalinShorts youtube сувагт Lamborghini Urus маркын машины наалтны завсраар хий ороход том бөмбөлөг үүсгэж байгаа бичлэгийг хуваалцжээ. Үүнээс харахад машин үйлдвэрлэсэн газраас үл хамааран наалтны завсраар их хэмжээний хий орсон тохиолдолд том бөмбөлөг үүсэх боломжтой байна.
Харин шалгасан бичлэгийн хувьд хэт халуунаас үүдэн машины хуулганы завсар орсон хий тэлж том хэмжээтэй бөмбөлөг үүсгэжээ.
Машины хуулгыг винил (поливинил хлорид эсвэл PVC) гэх гол материалыг оролцуулан хийдэг. PVC нь үйлдвэрлэл, хэрэглээний хувьд борооны цув, шүршүүрийн хөшиг, цонхны хүрээ, доторх сантехник зэрэг дотоодын болон үйлдвэрлэлийн өргөн хүрээний бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг. Цэвэр хэлбэрээрээ хөнгөн, хатуу хуванцар бөгөөд уян хатан “хуванцар” хэлбэрээр үйлдвэрлэгддэг.
Зарим винил наалт нь хэт ягаан туяанаас хамгаалах давхаргатай байдаг, мөн 180°F (82°С) хүртэл тэсвэртэй байдаг. Гэвч бүх винил наалтын температур хүлээж авах түвшин адил биш юм. Зуны халуунд удаан хугацаагаар наранд байлгах нь наалтын чанарыг муутгаж, өнгийг алдагдуулах гэх мэт эрсдэлтэй.