2024 оны долоодугаар сарын 3-ны өдөр Глютенгүй хүнсийг нэг дороос гэх хаягнаас “АТМАТ ГУАНЫ ҮРИЙН СҮҮ. Идсэн амтат гуаныхаа үрийг хаялгүй сүү хийж уугаарай” гэх тайлбартай бичлэгийг нийтэлжээ. Уг пост 8900 гаруй реакц, 104 сэтгэгдэл авч, 4900 удаа цааш түгээгджээ.
Бид дараах байдлаар шалгалт хийлээ:
Амтат гуаны үрэнд тодорхой хэмжээний ашиг шим байгаа ч хатааж, угааж, боловсруулж хэрэглэх ёстой
2021 оны 04 дүгээр сард 190 орны 20 сая гаруй судлаачдыг нэгтгэсэн судалгааны нээлттэй сан болох ResearchGate платформд нийтэлсэн “Гуаны үрийн химийн найрлага ба эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус” судалгааны тайланд дараах мэдээллийг оруулжээ. Үүнд,
- гуа үр 41.6-44.5% өөх тос,
- 34.4-39.8% уураг,
- 4.5-8.5% түүхий эслэг,
- 8.2-12.7% нүүрс ус,
- 3.7-4.2% уусдаг элсэн чихэр,
- 4.6-5.1% эрдэс бодис агуулдаг.
Стерол, токоферол, фосфолипид зэрэг липидийн хэсгүүдийг судалсан. Энэ нь жимсний үрийн үйлдвэрлэсэн газар, сорт, хувь хэмжээ зэргээс хамааран харилцан адилгүй байжээ. Дээрх био нэгдлүүд өвдөлт, хаван буулгах, үрэвслийн эсрэг шинж чанартайг мөн тусгажээ. Мөн хоол, шим тэжээлийн судалгааны сайтад “Cucurbitaceae овгийн ургамлын эрүүл мэндийн ашиг тус, тэжээллэг чанар, тэдгээрийг тамирчдад зориулсан энергийн нэмэлт болгож ашиглахад амтат гуа болон хулууны үрийг судалсан” талаар харуулжээ. Ингэхдээ овъёос, газрын самар, хулууны үр, маалингын үр, амтат гуаны үр зэрэг хүнсний нэмэлтээр хархан дээр туршилт хийсэн байна. Уг туршилтаар шим тэжээлийн янз бүрийн холимог бүхий бүтээгдэхүүнээр хархнуудын булчин болон элэгний гликогени нэмэгдэж, усанд сэлэх хүч нэмэгдэж, ажиллах хугацаа нь ч өсжээ. Гэвч амтат гуаны үрийн сүү эрүүл мэндэд тустай талаар нарийн судалгаа хийгдээгүй байна. Мөн бичлэгт дурдаж буй ашиг шимийг амтат гуа жимсээс авах боломжтой талаар судалжээ.
Амтат гуаны үрийг хүнсэнд ашиглахын өмнө сайтар шүүн, угааж, хатаагаад тусгай жорын дагуу хэрэглэх шаардлагатай. Ихэвчлэн салат, шөлөнд хачир, өтгөрүүлэгч маягаар нэмж хэрэглэдэг байна. Смүүти, бялуу зэрэгт нэмэлт чимэглэлээр хийж болно.
Амтат гуаны үрийг хэтрүүлэн идэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм.
- Хоол боловсруулах эрхтний таагүй байдал: Амтат гуаны үрийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь жимсэнд агуулагдах эслэг, байгалийн сахар ихтэй тул гэдэс дүүрэх, хий үүсэх, гүйлгэх зэрэг хоол боловсруулах эрхтний асуудал үүсгэдэг.
- Цусан дахь сахарын хэмжээ ихсэх: Амтат гуаны үрийг хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь сахарын хэмжээг хурдан нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь чихрийн шижинтэй хүмүүст хүндрэл учруулж болзошгүй юм.
- Жин нэмэх: Энэ нь илчлэг багатай боловч хэт их идэх нь байгалийн сахарын агууламжаас шалтгаалан жин нэмэхэд нөлөөдөг.
- Хахах: Үйрмэг жижиг хэсгүүд нь бага насны хүүхдэд хахах эрсдэлтэй
- Харшил өгөх: Жимс ногоонд мэдрэг хүмүүст харшилж болзошгүй