2024.08.02-нд “Аминаагийн Аав” нэртэй пэйж нь “Алжир боксчин Хэлиф трансжендэр гэдгээ зарлаагүй байхдаа эрчүүдтэй рингэн дээр бокс тоглож явсан ч сүүлд хүйсээ солиулсаны дараа ДАШТ-нд эмэгтэй ангилалд оролцох гэсэн боловч дааврын болон генийн шинжилгээ нь яах аргагүй #эрэгтэй хүн гэдгийг нь нотолсон учраас хасагдсан гэвч Хэлиф гэгчийг Олон Улсын Олимпийн хороо ямар шалгуураар эмэгтэй боксод оруулсан юм бүү мэд рингэн дээр гараад эмэгтэйчүүдийг хайр найргүй зодож хамрыг нь хугалан танхайрч Дэлхийг цочоож байна. Хэлифд сүү гардаг мөөм байхгүй хүүхэд төрүүлдэг сав ч байхгүй учир эмэгтэй хүн биш тэгэхээр эрэгтэй хүнээр эмэгтэй хүнийг зодуулдаг их спорт дампуурч энэ барууны НЕОЛИБЕРАЛУУД мөхлөө дуудан галзуурч байна. Олимп хэрвээ хүн төрөлхтөнд итгэл үнэмшил ёс суртахуун заахгүй бол хаашаа явж юунд хүрч болохыг их тодоор харуулж байна ийм ёс бус олимп үзнэ гэж хэзээ ч бодож зүүдэлж байсангүй дээ” гэж нийтэлсэн нь 2024.08.07-ны байдлаар 102 реакц, 13 сэтгэгдэл авч, 19 удаа түгээгджээ.
Имане Хэлифтэй холбоотой дээрх агуулгыг олон улсад нийтлэгдсэн баталгаат мэдээллийн эх сурвалжуудын мэдээллийн хүрээнд шалгав.
Алжирын боксчин Имане Хелиф 2024 оны Парисын олимпын боксын анхны тэмцээндээ Италийн боксчин Ангела Кариниг ялсан. Энэ ялалт нь трансфобия (хүйс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн нэг төрөл) болон тус тамирчин, тэмцээний талаар олон ташаа мэдээллийг дагуулсан. “Эрчүүдтэй рингэнд тоглож явсан” гэх мэдээлэл худал болохыг өмнө шалгасныг эндээс үзнэ үү. Уг мэдээлэлд ашигласан зураг дахь тулаан эмэгтэй тамирчдын дунд болсон бөгөөд Хэлифийн эсрэг тамирчин нь Тайландын Suwanun Antanai гэх эмэгтэй тамирчин байсан. Алжир улсын хувьд хүйсээ солиулах нь хууль бус зүйл бөгөөд хүн төрөлхтөн, байгалиас гажууд зүйл гэж үздэг байна. Иймд Алжир улсыг төлөөлөн Олимпын эмэгтэй төрөлд трансжендэр эмэгтэй оролцох боломжгүй юм.
Цаашлаад, “дааврын генийн шинжилгээ эрэгтэй хүн гэж гарсан”, “хөх, савгүй, эмэгтэй биш” гэх мэт мэдээлэлд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн байгууллагуудын хийсэн баримт шалгалтаас хүргэе.
Poynter институтын дэргэдэх PolitiFact-аас шалгасан мэдээлэл
Олон нийтийн сүлжээнд хүмүүс Хелифийг “эрэгтэй учраас 2023 дэлхийн аваргад оролцох эрхээ хасуулсан” хэмээн ярьцгааж байна. ОУБХ-ны ерөнхийлөгч “Хелифийн ДНХ-ийн шинжилгээний хариу XY хромосомтой гэж гарсан” хэмээн хэлснийг ОХУ-ын төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс энэ яриа үүдэлтэй. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп, “X” компанийн эзэн Илон Маск, зохиолч Ж.К. Роулинг гэх мэт олонд танигдсан хүмүүс И.Хелиф бол “эр хүн” гэх үзэл санааг дэмжсэн. Гэвч Олимпод оролцох эрх авахад тавигдах шаардлага, Хэлифийн өмнө нь эрхээ хасуулсан нөхцөл байдал, ДНХ-ийн шинжилгээний тухай Олон улсын боксын холбооноос хийсэн мэдээллүүд дутмаг байна.
- Хэлиф үргэлж эмэгтэй тамирчнаар өрсөлдөж ирсэн ба хэзээ ч трансжендэр эсвэл интерсекс гэж мэдэгдэж байгаагүй. Олон Улсын Олимпын Хорооны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс 2024.08.02-нд хэвлэлд “Алжирын боксчин И.Хелиф нь эмэгтэй төрсөн, эмэгтэй бүртгэлтэй, эмэгтэй хүний амьдралаар амьдарч, эмэгтэй хүн шиг байсаар ирсэн, үнэмлэх дээрх хүйс нь мөн эм” хэмээн ярьжээ. Түүнчлэн, “шинжлэх ухааны үүднээс авч үзвэл тэр эмэгтэй хүнтэй тулалддаг эр хүн биш” гэж онцолжээ.
Алжирын Олимпын хорооноос 2024.08.01-нд мэдэгдэл гаргахдаа И.Хелифийн эсрэг хийж буй хүмүүсийн халдлагыг шүүмжилж, тэднийг “хортой, ёс зүйгүй” хэмээн дурджээ.
Олон улсын боксын холбоог хүлээн зөвшөөрөхгүй болсон шалтгаан
2024 оны Парисын олимпод боксын шаардлага хангах стандартыг Олон улсын олимпын хорооны тусгай нэгж тодорхойлсон ба үүнийхээ дараа Олон улсын боксын холбоог удирдах байгууллага гэж хүлээн зөвшөөрөхөө зогсоожээ.
Олон улсын боксын холбоо ОУОХ-ны шийдвэрийг давж заалдсан ч Спортын Арбитрын шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. ОУ-ын боксын холбоо нь санхүүгийн ил тод байдал, тогтвортой байдлаа сайжруулаагүй, шүүгч, хөндлөнгийн шүүгчдийг хамруулсан өөрчлөлт хийгээгүй, бүтцээ шинэчлээгүй учир бүрэн бүтэн байдлыг нь баталгаажуулаагүй ажээ.
GLAAD, InterACT хамтарсан мэдэгдэл
Лесби, гэй, бисекс, трансжендэр, күйир хүмүүсийн (LGBTQ) хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэлхийн хамгийн том байгууллага гэгддэг GLAAD болон интерсекс залуучуудыг чадавхжуулах, төрөлхийн хүйсийн ялгаатай хүмүүсийн эрхийг хангах чиглэлээр ажилладаг InterACT байгууллага хамтран Олимпын наадам болон наадамд оролцож буй тамирчдын талаар үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сэтгүүлчдэд уриалж, И.Хэлифтэй холбоотой баримтуудыг дурдсанаас онцлон хүргэе.
- Имане Хэлиф нь цисжендэр (эхээс төрсөн биологийн хүйсээ хүлээн зөвшөөрч нийгмийн харилцаанд оролцдог) эмэгтэй хүн
- И.Хэлиф нь трансжендэр эсвэл интерсекс (эр ба эм гэх хоёр туйлт хүйсийн ангилалд багтдаггүй хүмүүс) биш
- И.Хэлиф нь бэлгийн өөр шинж чанартай эсвэл DSD буюу Бэлгийн хөгжлийн ялгаатай эсэх нь бүрэн нотлогдоогүй.
Мөн мэдэгдэлд “Кастер Семеня, Серена Уилямс гэх мэт өнгөт арьст эмэгтэйчүүдийг олон нийт ялгаварлан гадуурхалтын бай болгохдоо эмэгтэйлэг байдлыг тодотгодог цайвар арьстай биш зэргээр ярьж, бичих нь элбэг байдаг. Түүнчлэн бие бялдрын хувьд “эмэгтэйлэг” байж, евроцентрик стандарт (цайвар арьс, шулуун үс гэх мэтийг гоо сайхны шалгуур гэж үздэг)-ад нийцэх ёстой, тийм биш бол жинхэнэ эмэгтэйчүүд биш гэх мэтээр эсэргүүцдэг” хэмээн онцолжээ.
“ХҮ хромосомтой гэж гарсан” гэж ОУ-ын Боксын холбооны ерөнхийлөгч мэдэгдсэн ч шинжилгээний хариу, нотлох баримтыг гаргаагүй
ИманеХелиф нь эмэгтэй хүн бөгөөд “эмэгтэй хүн биш” гэх албан ёсны баримт, мэдэгдэл огт байхгүй, мөн маргааны сэдэв болоод буй трансжендэр эсвэл эр, эм ийн хүйсийн алинд ч багтдаггүй интерсекс биш гэдгийг дээрх олон улсын баталгаат эх сурвалжуудын мэдээллүүдээс харж болохоор байна. Түүнчлэн, энэ оны эхээр И.Хэлиф Unicef-т өгсөн ярилцлагадаа:
“Эмэгтэй хүүхэд учраас бага байхаас аав нь боксоор хичээллэхийг нь дэмждэггүй байсан тул боксын хичээлд суухын тулд өөрөө мөнгө цуглуулдаг байсан, хичээллэж эхлээд явц дундаа өсвөрийн тамирчнаар сонгогдож байсан” гэжээ.
“И.Хелиф нь ДНХ шинжилгээний хариугаар “ХҮ” хромосомтой гэж гарсан” хэмээн ОУ-ын Боксын холбооны ерөнхийлөгч олон нийтэд мэдээлсэн нь цахим орчинд хамгийн их маргаан дэгдээгээд байгаа ч тухайн шинжилгээний хариуг нотлох баримт бичиг олон нийтэд ил болоогүй байгаа юм. Энэ талаар олон улсын мэдээллийн эх сурвалжууд ч мөн бичсэн байна.
Дүгнэлт
Эмэгтэй тамирчдыг бие бялдар, гадаад үзэмж, царай төрхөөр нь ялгаварлах, ялангуяа барилдаан, хүчний спортоор хичээллэдэг эмэгтэйчүүдийг “эршүүд, эрэгтэй хүний спортоор хичээллээд дэмий” гэх мэтчилэн хүйсээс нь хамаарч, аливаа тогтсон хэвшмэл ойлголтод тохируулахын тулд шүүмжлэх нь цөөнгүй байдаг. Мөн ялгаагүй гимнастик, уран гулгалт зэрэг хөнгөн спортоор хичээллэдэг эрэгтэй тамирчдыг “эмэгтэйлэг, эмэгтэй хүн шиг бариу хувцас өмсдөг спортоор хичээллэдэг” гэх мэтээр доромжлох, шүүмжлэх нь ч бий.
Хүйс, хэл ярианы өнгө, биологийн талаас буюу бие бялдрын хөгжил, харагдах байдал зэргээр хүнийг шүүмжлэх, доромжлох нь ялгаварлан гадуурхалтын нэгэн хэлбэр төдийгүй хүнийг хүйсээс нь хамаарч аливаа дүр, шинж төрхөд хайрцаглах гэсэн ёс зүйгүй байдал юм. Иймд, хэн нэгнийг дийлэнх олонхын, эсвэл өөрийн хүсдэг хэлбэрт оруулах гэж байдлаар гоочлон, гадуурхахгүй, эрхэнд нь халдахгүй байх нь зүйтэй юм.