2024 оны наймдугаар сарын 3-ний өдөр Жаргалтай гэр бүл гэх пэйж хуудсаас “Манайхан урюкийг андахгүй, миний хамгийн дуртай хатаасан жимсний нэг. Энэ золигоос болоод золтой мажийчихсангүй Анхааруулах зорилгоор бичихээр шийдлээ” гэсэн пост оруулжээ.
Уг постод “Урюк гэдэг чангаанзнаас ялгаатай нь элдэв химийн бодисгүй, өөрөөр нь хатаасан абрикос жимс гэнэ, зөв хэрэглэвэл биед маш сайн. Гэтэл би самарт их дуртай, урюкны ясны чөмөг нь алмондтой төстэй санагдаад цөмж иддэг балай зуршилтай. Сүүлийн 2-3 сарын турш хэд хэдэн удаа, ойрхон давтамжтай 10-15 ширхэг урюк дэвтээж идээд, нямбай гээч нь ясыг нь хэрэг болгож самар цөмөгчөөр хагалаад чөмгийг нь идвээ. Тэгээд голдуу 6-8 цагийн дараа гэнэт толгой маш хүчтэй өвдөөд, дотор муухай оргиж, огиулж, гар хөл бадайрч, мэдээ алдаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байх суух газаргүй болно… Тэр болгонд идсэн чөмөгтэй холбож бодолгүй, өөр нэг шалтгаанд (голдуу утаанд) тохоод, ус уух, хэвтэх зэргээр өнгөрүүлээд байлаа. Гэтэл хамгийн сүүлд, бүр ингээд өнгөрөхнээ гэж бодтол толгой таллаж өвдөөд, хий огиулж тамир алдаж ухаан балартах унтахын дундуур 30-40 минут хэвтэж, өвдөлтийг өнгөрөөв. Маргааш нь эмнэлэгт үзүүлээд, цусны шинжилгээ өгөөд ердийн… Аргаа бараад интернет ухаж эхэлтэл маш амархан учир шалтгааныг тайлваа! Абрикосны үр чөмөгт (бусад олон жимсний үрэнд ч мөн адил) амигдалин (amygdalin) гэдэг нэгдэл байдаг, тэр нь хоол боловсруулах эрхтнээр дамжих явцад цианид ялгаруулж задардаг гэнэ…!!! Өндөр доoзоор хүртсэн тохиолдолд хэдхэн минутын дотор үxүүлдэг өнөө цианид, еээ базарваань…Цианидын хордолтын шинж тэмдгүүд гээд хайтал толгой хүчтэй өвдөнө, дотор муухайрна, огиулна, даралт унаад, цусан дахь хүчилтөрөгчийн агууламжийг эрс бууруулдаг тул захын мэдрэлүүд мэдээ алдана, таталт өгч, ухаан алдаад, үхнэ гэжээ…. Цусны шинжилгээгээр цианидын хордолт тийм амар илрэхгүй гэнэ. Нэг дор 30 үр чөмөг идвэл үхэх эрсдэлтэй, 15 бол хордлого өгнө, тухайн нөхцөлөөс, хүнээс хамаарна гэж. Би нь нэг дор 10-15, хамгийн сүүлд хэдхэнийг үлдээгээд юүгхэв гээд 20-иодыг туусан бгаан. Ингээд ховдгийн гайгаар чад хийх дөхжээ… Манайд урюк, ястай чангаанз их зарагддаг, хүмүүс цөмж иддэг. Элдэв жимсний яс хагалж, үр чөмгийг нь битгий идээрэй, хүүхдэд нэн ялангуяа хортой гэж уншлаа. Мөн сүүлийн 2-3 сар бие чилээрхээд байсан шалтгаанаа олж санаа амарсандаа бичлээ” гэжээ.
Уг пост 182 реакц, 18 сэтгэгдэл авч 1100 гаруй удаа цааш түгээгджээ.
Бид дараах байдлаар шалгалт хийлээ:
Уг агуулгын талаах Google хайлтын цэсээс түлхүүр үгээр хайхад чангаанзны үрэн доторх чөмгөнд амигдалин агуулагддаг талаарх Ервопын хүнс аюулгүй байдлын судалгаа илэрлээ. Уг судалгаанд амигдалин нь чангаанзны цөмд агуулагддаг гол цианоген гликозид бөгөөд зажлах, нунтаглах үед цианид болж задардаг. Цианид нь хүний биед маш хүчтэй хоруу чанартай байдаг. Үхлийн тун нь биеийн жинд 0.5-3.5 мг/кг байна гэжээ. Мөн судалгаагаар цусан дахь цианидын хордлогын босго хэмжээ 0.5 мг/л (ойролцоогоор 20 микромол, lM) байдаг байна. Цианидын цочмог хордлогын тохиолдол нь амигдалин бэлдмэл болон гашуун чангаанзны үрийг залгисны үр дүнд үүсдэг бөгөөд эдгээр тохиолдлуудын зарим нь үхэлд хүргэдэг. Насанд хүрэгчдийн хувьд хэрэглэсэн цөмийн тоо 20 ба түүнээс дээш, хүүхдийн тав буюу түүнээс дээших чангаанзны чөмөг нь хортой гэжээ. Түүнчлэн үрийн хэмжээ болон тухайн хүний биеийн жингээс хамааралтай тул харилцан адилгүй.
Иймд, FDA буюу АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа сэрэмжлүүлэх үүднээс энэхүү аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг гаргасан байна.
Сэрэмжлүүлэгт зарим чангаанзны үрийн төрлийн бүтээгдэхүүнүүд нь амигдалиныг их хэмжээгээр агуулж байгааг тогтоосон бөгөөд үүнийг хэрэглэсэн үед цианидын хордлого үүсгэнэ гэдгийг тусгажээ. Үүнд:
- Apricot Power – Bitter Apricot Seeds – NGR FY24-015 (California Select) -Net weight 8oz (227g)
- Apricot Power – Seeds Bitter Apricot Seeds – NGR FY24-016 (Organic Turkish Select) – Net weight 8oz (227g)
- Apricot Power – Seeds Bitter Apricot Seeds – NGR FY24-017 (South African Select) – Net weight 16oz (454g)
Амигдалиныг хэт их хэрэглэх нь цианидын хордлого үүсгэдэг. Цианидын хордлого үүсэх шинж тэмдэг:
Хөнгөн ба дунд зэргийн шинж тэмдэг нь
- Амьсгалахад хүндрэлтэй болох (амьсгал давчдах),
- Арьс, салст бүрхэвч хөхрөх (хөхрөлт),
- Бие сульдах, ядрах
- Дотор муухайрах, бөөлжих
- Халуурах
- Толгой эргэх зэрэг болно.
Хүнд хэлбэрийн цочмог хордлогын шинж тэмдэг нь
- Комад орох
- Цусны даралт буурах
- Таталт өгөх
- Тэнэглэл, ухаан санаагаа алдах
- Биеийн хэм алдагдах,
- Зүрх, судасны цохилт буурах
- Бодисын солилцоо алдагдах зэрэг юм.
Мөн цианоген гликозидын өндөр концентрац агуулсан хүнсний байнгын хэрэглээ нь нүдний хараа муудах (оптик мэдрэлийн хатингаршил), дүлийрэх, тэнцвэр алдагдах (атакси), мэдрэхүйн болон тулгуур мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал зэрэг мэдрэлийн эмгэгийн шинж тэмдгийг үүсгэдэг байна.
Амигдалин буюу “витамин В17” гэж юу вэ?
Амигдалин нь үрт жимс, самар, шош зэрэг зарим буурцагт ургамалд байдаг байгалийн гаралтай нэгдэл. Амигдалин нь бие махбодид цианид болж хувирч, үхлийн аюултай цианидын хордлого үүсгэдэг. Гүйлсийн үрийн нунтаг, чангаанзны бүхэл үр зэрэг амигдалин агуулсан бүтээгдэхүүнийг хүнсний нэмэлт болгон зардаг бөгөөд заримдаа “витамин В17” гэсэн шошготой худалдаалагдаж байдаг. Гэвч амигдалин нь витамин биш юм. Мөн онлайн дэлгүүрүүдээр үүнийг хорт хавдартай тэмцэх хоол болгон сурталчилж байгааг судалгаагүй, хуурамч мэдээлэл гэдгийг Европын хүнсний аюулгүй байдлын холбоо -оос мөн сануулжээ.
Түүнчлэн, чангаанз жимсний хэвийн хэрэглээ нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй. Жимсний голд байх үрийг хагалж, хатуу бүрхүүлийг хазаж, хүлхэх нь цианидын хордлогод хүргэдэг тул жимстэй холбоогүй болно.