2024 оны 08-р сарын 05-нд Durvun Berkh нэртэй хаягаас “Хөвсгөл нуурыг судалсан эрдэмтэд 7-8 сая жилийн настай гэж үздэг. Тунгалагаараа дэлхийд гурaвдугаарт, нуурын мандлын талбайн хэмжээгээр Азид аравдугаарт, дэлхийд 14-т, Монголдоо Увс нуурын дараа, гүнээрээ Азид дөрөвт, цэвэр усны нөөцөөрөө Монголд нэгдүгээрт ордог. Дэлхийн цэвэр усны нөөцын 2% гэгдэг. Гэтэл том толгойтнууд нуурлуу шууд бохироо цутгаж байдаг. Энэ зураг бол мэдээж үерийн ус биш. Энд байгаа амралтын газар нэртэй бузарлагчдыг зайлуулмаар байна” гэх тайлбартайгаар хөвсгөл нуурын дээрээс авсан зургийг нийтэлжээ. Тус пост нь нийт 50 реакц, 6 сэтгэгдэл авч, 88 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан зургийг Google lens хайлтын системээр хайхад 2020 оны үйл явдлын зураг илэрцээр гарсан. Тухайн үед мөн Хөвсгөл нуур руу бохир асгасан гэх тайлбартайгаар түгэж байжээ.
2020 онд уг мэдээллийг тарах үеэр Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа ажиллаж шалгасан зураг дээрх нуур руу орж буй хар зүйл шар усны үер гэдгийг мэдэгджээ. Тодруулбал, 2020 оны 07-р сарын 17-нд Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны албан ёсны фэйсбүүк хаягт “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Хөвсгөл нуурын хамгаалалт, хяналтыг хариуцан ажилладаг Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нөхцөл байдлыг тодруулахад Хөвсгөлийн БЦГ-ын Балчирганат гэх газарт уулын голын шар усны үер орж байгаа нь тогтоогдлоо. Уг байдлыг газар дээр нь тодруулан баримтжуулан нуур, голын уснаас дээж авч, булингар бохирдлыг тодорхойлоход бохирдол илрээгүй” гэх тайлбартайгаар 2 бичлэгийг нийтэлжээ.
Мөн @Amar Amaraa гэх youtube хаягт 2020 оны 07-р сарын 17-нд “Хөвсгөл нуурт цутгаж буй уулын голын шар усны үер” гэх тайлбартайгаар оруулсан бичлэгийг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны фэйсбүүкд нийтэлсэн. Доорх бичлэгийн 0,37 секундээс үзвэл шалгасан зурагт харагдаж буй нуурын эргийн байршил болон нуур руу нийлж буй үерийн усыг харах боломжтой.
- Шалгасан зураг дахь хэсэг нь Хөвсгөл нуурын зүүн эрэг дагуу байрладаг. Доорх зурагт шалгасан зургийг Google Map дээрх зурагтай харьцуулан харууллаа. Мөн бохир цутгасан гэж мэдээлсэн боловч тус эргийн ойролцоо амралтын газар, бааз огт байхгүйг харж болох юм.
Бохир цутгасан гэх цүлхийсэн хэсэгт жуулчны бааз байхгүй бөгөөд шар усны үерийн ус урсдаг суваг үүссэн байгааг харж болно.