2021 оны 12 дугаар сарын 21-нд зарим мэдээллийн сайтууд болон жиргээнд “Монголд Омикрон илэрлээ” гэх утгатай мэдээ гаргасан. Тухайлбал “AMAzing папААВ” нэртэй 30.1 мянган дагагчтай жиргээч 11:39 цагт “Гадаадаас ирсэн хоёр иргэнээс омикрон хувилбар илэрлээ” гэх гарчигтай eguur.mn сайтын мэдээний холбоосыг screenshot-ын хамт оруулсан. Уг мэдээний зурагт “Тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирсэн хоёр иргэнээс “Омикрон” хувилбар илэрч, Монгол Улсад тус халдварын хоёр тохиолдол бүртгэгдэв” гэсэн байв.
Харин холбоосоор орж үзэхэд “Тодруулга: Омикрон хувилбар Монголд илрээгүй” гэсэн гарчигтай, холбогдох албаны хүмүүсээс омикрон илрээгүй гэх мэдээллийг тодруулж авсан мэдээ байв. Уг мэдээний тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад Facebook платформд 334 хариу үйлдэл авсан байна. Харин төстэй мэдээлэл оруулсан сайтуудаас жишээ болгож goymedee.mn гэх домайн нэртэй сайтыг сонгож тархалтыг хянахад Facebook платформд 4341 хариу үйлдэл авснаас 553 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. ЭМЯ, УОК-оос “Омикрон” хувилбар бүртгэгдээгүй гэж үгүйсгэв.
📌12 дугаар сарын 21-ний 12:01 цагт Эрүүл мэндийн яамны албан ёсны пэйжид “Мэдээллийн сайтууд дээр гарсан гадаадаас ирсэн 2 иргэнээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа бөгөөд одоогоор Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй байна” гэсэн мэдэгдэл гаргасан.
📌Мөн 12 дугаар сарын 22-ны 17:30 цагт УОК-ийн тогтоолыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Омикрон хувилбар бүртгэгдээгүй гэдгийг давтан хэллээ. Хэвлэлийн хуралд оролцсон ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан тус эмнэлгийн лабораторид шинжилгээ хэрхэн хийдэг талаар мэдээлэл өгсөн. Шинжилгээнд эерэг гарсан сорьцуудад хувилбарын тандалт хийдэг бөгөөд генийн дараалал тогтоох NGS шинжилгээнд 8-10 хоног, биоинфоматик шинжилгээнд 7 хоног шаардлагатай гэв. Түүнчлэн мэдээллээ GISAID мэдээллийн сантай харьцуулдаг үйл явцын талаар мэдээлсэн. Энэ үеэр тэрбээр “ХӨСҮТ 7 хоног тутмын тойм гаргаж, холбогдох байгууллагуудад явуулдаг” гэсэн юм.
2. ДЭМБ-ын 7 хоногийн тайланд “Омикрон” илэрсэн орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан байна.
✅ДЭМБ-ын албан ёсны вэбсайтад 2021 оны 12-р сарын 21-ний өдөр оруулсан “COVID-19-ийн халдвар судлалын долоо хоног тутмын мэдээ”-нд Омикрон хувилбар илэрсэн орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан байна.
📌Гэхдээ “○” тэмдэглэгээтэй баруун дээд хэсэгт нь од тавьж онцолсон. Од тэмдгийг шинээр бүртгэгдсэн үед тавьдаг ба “○” /цагаан бөөрөнхий/ тэмдэглэгээний тайлбарыг “энэ хувилбарын мэдээлэл ДЭМБ хараахан баталгаажаагүй бөгөөд нэмэлт мэдээлэл гарах үед хянан үзэх болно” гэсэн байдаг.
📌ДЭМБ тухайн улсын халдварын тархалт болон хувилбарын талаарх мэдээллийг зөвхөн мэргэжлийн байгууллагын зүгээс өгсөн мэдээлэлд тулгуурлан гаргадаг. Ямар нэг мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээнд тулгуурлан тайланд тусгах боломжгүй.
Тиймээс Монгол Улсад Омикрон хувилбар илэрсэн тухай мэргэжлийн байгууллагын зүгээс ДЭМБ-т мэдээлсэн гэж үзэх үндэслэлтэй. Харин ЭМЯ, УОК-оос олон нийтэд уг мэдээллийг үгүйсгэн хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргалаа. /
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Вэбсайт болон Facebook постын өөрчлөлтийг мөшгих:
📌Facebook дэх өөрчлөлтийг хянадаг View edit history цэс болон вэбсайтын өөрчлөлтөд монитор хийдэг Distill хэрэглүүрээр шалгаж үзэхэд eguur.mn сайт мэдээллээ өөрчлөн оруулсан нь тодорхой болсон юм. /зургаас харна уу/
* Уг мэдээллийг eguur.mn сайт өөрийн Eguur News нэртэй 213.9 мянган дагагчтай пэйждээ 2021 оны 12 дугаар сарын 21-ний 11:21 цагт оруулахдаа “Гадаадаас Монголд ирсэн хоёр иргэнээс “Омикрон” хувилбар илэрчээ” гэсэн тайлбар хийжээ.
* Харин цагийн дараа буюу 12:29 цагт уг постдоо засвар оруулж “Гадаадаас Монголд ирсэн хоёр иргэнээс “Омикрон” хувилбар илрээгүй” гэсэн тайлбартай болгон өөрчилж, холбоосыг устгаад шинээр холбоос оруулсан гэсэн мэдэгдэл үлдсэн байв.
* Вэбсайтын өөрчлөлтийг хянадаг Distill Web Monitor түүлсээр үзэхэд “Гадаадаас ирсэн хоёр иргэнээс “Омикрон” хувилбар илэрлээ” гэсэн гарчигтай мэдээ байсныг “Тодруулга:Омикрон хувилбар Монголд илрээгүй” болгон өөрчилсөн байв. /зургаас харна уу/