2024 оны наймдугаар сарын 4-ний өдөр Tenuun-Erdene Gerelbaatar гэх хаягнаас “Муухай зүйл постлож байгаад уучлаарай. Нэг их олон юм нуршаад яахав утсаа унагаад авах гээд тонгойсон урдаас огьтол *аалаа. Модон жорлонгууд чинь үертээ урсаад хотын төвдөө ирчихсэн гэдэсний халдварт савханцрууд нь Сүхийн талбайн цементэн шалан дээрээ арвалзаж байна. Хэн хүнгүй гэртээ ороод гараа угаа, гутлаа торонд хийж тавьдиму ядин. Хүүхдүүдээ гадаа тоглуулаад ч юүхэв!” гэсэн тайлбартай постыг нийтэлжээ. Мөн тухайн постны сэтгэгдэл хэсэгт тодорхой байрлалыг асуусан сэтгэгдэлд “Central tower оффисын грашаас гардаг арын туслах зам” гэж хариулсан байна. Уг пост 671 реакц, 100 сэтгэгдэл авч 1200 гаруй удаа цааш түгээгджээ.
- Тухайн хэрэглэгчийн түгээсэн бичлэг дэх хорхой нь нохой, муурын хялгасан хорхой байх магадлалтай, харин гэдэсний савханцар биш. Учир нь гэдэсний савханцар бол нүдэнд харагдахгүй бактери юм. Цахим орчинд бичлэгийг оруулсны дараа Нийслэлийн эрүүл мэндийн газраас тухайн байршилд шалгалт хийж, шинжилсэн боловч хялгасан болон туузан хорхой илрээгүй байна.
Бид дараах байдлаар шалгалт хийлээ:
НЭМГ-аас тус байршилд шалгалт хийхэд туузан, хялгасан хорхой илрээгүй байна
Энэ талаарх мэдээллээр НЭМГ-аас хэвлэлийн бага хурал хийсэн. НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган, “Сүхбаатарын талбайн зүүн талд Централ тауэрийн орчимд туузан хорхой байна гэсэн мэдээлэл цацагдсан. Мэдээллийн дагуу наймдугаар сарын 4-ний өдөр төлөвлөгөөт бус гэнэтийн шалгалт хийсэн. Мэдээлэлд тусгагдсан зам талбайд бороо болон бохир усны тогтоол байгаагүй. Зам талбай цэвэрхэн туузан хорхой илрээгүй. Мөн цахимаар цацагдсан мэдээлэлтэй ижил утгатай мэдээлэл төрийн байгууллагуудад ирээгүй бөгөөд гомдолд дурдсан Централ тауэр орчмын барилгын харуулын ээлжийн даргад холбогдох мэдээллийг танилцуулахад энэ төрлийн ямар нэгэн мэдээлэл иргэдээс ирээгүй гэсэн. Өөрөөр хэлбэл мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд энэ мэдээлэл нотдогдоогүй” гэжээ.
Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын хэлтсийн дарга н.Баянхутаг: “Бичлэг дэх туузан хорхой нь нохой, муур зэрэг амьтнаас гардаг хялгасан хорхой байж болзошгүй. Тэгэхээр тэжээвэр амьтандаа улирал тутамд вакцин хийлгэж хялгасан хорхойг устгах арга хэмжээ авч байх ёстой. Мөн тэжээвэр амьтнаа гадаа салхилуулах үедээ бохир буюу ялгадсыг уутанд хийж авч, хог хаягдлын цэгт хаях ёстой. Үер ус, гэдэсний халдварт өвчинтэй холбоотойгоор хүнсний аюулгүй байдлаа хэрхэн хангах зөвлөмжийг иргэдэд хүргэсэн” гэжээ.
- Гэдэсний савханцар нь манай өмнөх баримт шалгалтад дурдсанчлан хүн, амьтны хоол боловсруулан шингээх эрхтэн тогтолцоонд микрофлор шинжтэй тогтмол оршдог буюу хүний нүдэнд харагдахгүй, бичил бактери юм. Тиймээс Сүхбаатарын талбай орчим гар утасны бичлэгт харагдахуйц “арвалзах” боломжгүй.
Шалгасан мэдээлэлд дурдсан зөвлөмж үнэн
Шалгасан постод “Хэн хүнгүй гэртээ ороод гараа угаа, гутлаа торонд хийж тавь” гэсэн байна.
ДЭМБ Хүнсний аюулгүй байдлыг хангах 5 зарчимд цэвэр байх талаар дурдсан байдаг:
- Баталгаатай ундны ус хэрэгдэх
- Цэвэр байх зарчим (гарын ариун цэвэр, гэр ахуйн ариун цэвэр)
- Хүнсийг гүйцэт болгох
- Хүнсийг зөв хадгалах
- Болгосон болон түүхий бүтээгдэхүүнийг хооронд нь холихгүй байх
Нэмэлт мэдээлэл:
Хэрэв нийтийн эрүүл мэндэд эрсдэлтэй хөрсний бохирдол, элдэв шавж, хорт ургамал зэрэгтэй таарвал Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, 76111005, Нийслэлийн Байгаль орчны газар 7272 0303 дугаарт дуудлага мэдээлэл өгч заншаарай.
Туузан хорхой гэж юу вэ?
Хэдийгээр бичлэгт харагдсан хорхой нь туузан хорхой биш ч “туузан хорхой” гэх нэршил хэвлэлүүдээр болон мэргэжлийн байгууллагын мэдэгдэлд гарсан. Тиймээс туузан хорхойн талаар мэдээлэл хүргэе.
Туузан хорхой нь амьтдаас хүнд халдварлах боломжтой хавтгай, шимэгч, туузан өт юм. Хэдийгээр олон төрлийн туузан хорхой байдаг ч хүнд өвчин үүсгэдэг гурван төрлийн шимэгч байдаг.
- Taenia solium (гахайн махны туузан хорхой),
- Taenia saginata (үхрийн туузан хорхой),
- Diphyllobothrium (загасны туузан өт).
Насанд хүрэгчдийн туузан хорхой нь гэдэсний халдварт өвчин үүсгэдэг бөгөөд үүнээс Taenia solium (гахайн махны тууз) нь хүний эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг.
Туузан хорхойн өндөг нь амьтны ялгадасаар дамжих бөгөөд гахайд халдварладаг. Харин хүн халдвартай гахайн махыг түүхий болон дутуу болгож идсэнээр халдвар авч болно.
Халдвар нь тениаз ба цистицеркоз гэсэн хоёр өөр нөхцөл байдалд хүргэдэг. Тениаз нь насанд хүрсэн туузан хорхойгоор халдварлсаныг хэлнэ. Энэ нь эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэхгүй ч цистицеркоз нь хүний эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлдөг. Цистицеркоз нь насан хүрсэн тууузан хорхойн авгалдай бөгөөд булчин, арьс, нүд, төв мэдрэлийн системд үүсч болно. Тархинд уйланхай үүсэх үед энэ эмгэгийг нейроцистицеркоз гэж нэрлэдэг. Хүнд толгой өвдөх, харалган байдал, таталт, эпилепсийн таталт зэрэг шинж тэмдгүүд нь илрэх ба үхэлд ч хүргэж болдог.
НЭМГ-аас мэдээлэл хийхдээ үерийн дараа энэ мэт батлагдаагүй мэдээлэл түгээж, олон нийтийг айдаст автуулдаг талаар дурдсан. Бид 2023 оны 08 дугаар сарын 31-нд үерийн дараа шимэгч хорхой гарч ирсэн гэх мэдээлэлд баримт шалгалт хийснийг эндээс унших боломжтой.