Олимп руу 130 хүн улсын зардлаар явсан гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1077

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Олимпод оролцож буй тамирчдыг дагалдаж 130 хүн улсын зардлаар явсан” гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

ОУОХ-оос батлагдсан тусгай журмын хүрээнд Олимпод оролцож буй тамирчдыг дагалдах албаны (team officials) мандатын тоо тамирчдын тооны 50%-тай тэнцдэг буюу энэ жил Монгол улсаас 16 “team officials” мандат авсан. ОУОХ-ны журамд заасны дагуу нийт олгогдсон албаны хүмүүсийн мандатын 50%-ийг тус бүр 2 удаа солигддог буюу transferable байхыг зөвшөөрдөг. Монголын жүдо бөхийн шигшээ багийн хувьд эхний өдөр хөнгөн жингийн дасгалжуулагчаа, сүүлийн өдрүүдэд хүнд жингийн дасгалжуулагчаар солих зэргээр зохицуулалт хийж ажилласан. Энэ тохиолдолд өмнөх мандат эзэмшигчийн мандат хүчингүй болж, тэмцээний заал, танхимд нэвтрэх эрхгүй болдог. Эдгээр нь зохион байгуулах хорооноос үүсгэсэн онлайн систем дээр бүртгэгдэж, өндөр хараа хяналтын дор зохицуулагддаг болно.

 

2024 оны 08-р сарын 1-нд Маша Машка нэртэй хаягаас “Энэ мэт 130 хүн улсын зардлаар олимп руу явсан байна  ядаж 10 тамирчин нэмж явуулж болох л байж яаана даа” гэх мэдээллийг зурагтай хамт нийтэлжээ. Тус мэдээлэл нь нийт 111 реакц, 44 сэтгэгдэл авч, 90 удаа цааш түгээгдсэн.

Олон нийтийн сүлжээнд тараад буй тамирчдын тоо болон тэднийг дагаж явсан албаны хүмүүсийн тоон мэдээлэл зөрүүтэй байгаа учир бид баримт шалгалт хийлээ. Бидний өмнө нь шалгасан Олимпын тамирчдыг дагалдаж явсан эмч, хөдөлгөөн засалчтай холбоотой мэдээллийг эндээс уншина уу.

  • Шалгасан мэдээлэлд хавсаргасан “энэ мэт 130 хүн” гэх тайлбартай зураг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы зураг байна. Тэрээр Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга. Үндэсний олимпын хороодын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар нь урилгаар олимпын наадамд оролцдог бөгөөд зардлыг ОУОХ-ны Эв нэгдлийн сан (Olympic Solidarity)-аас гаргадаг.
  • “Ядаж 10 тамирчин нэмж явуулж болох байсан” гэх мэдээлэл нь боломжгүй нөхцлийг өгүүлжээ. Учир нь олимп хоорондын дөрвөн жилийн хугацаанд олимпын эрх авах дэлхийн болон бүс нутгийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд амжилт үзүүлж байж, олимпод оролцох эрх авдаг. Тиймээс албаны хүмүүсийн оронд дурын 10 тамирчинг нэмж явуулах боломжгүй юм.
  • “…улсын зардлаар явсан” гэх мэдээлэл мөн төөрөгдүүлсэн байна. Улсын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, олмипын эрх авах тэмцээнүүдэд оролцох зардал гэх мэт дөрвөн жилийн турш гарах зардлыг Биеийн тамир спортын улсын хороо хариуцдаг. Олимпод эрх авсан тамирчдын замын зардлыг мөн эндээс хариуцдаг. Харин олимпын тосгонд байрлах тамирчид болон албаны хүмүүсийн байр хоолны зардлыг ОУОХ-оос гаргадаг байна.

Олимпод хэдэн тамирчин оролцож байна вэ?32, эсвэл 33?

2024 оны Парисын Олимпыг нийт 33 тамирчин зорьсон. Үүнээс 32 тамирчин тэмцээнд оролцоно. Учир нь Олон улсын дугуй холбооны журмын дагуу олимпын эрхийг тухайн тамирчинд бус улсад нь олгодог. 2023 оны 10-р сарын 17-ны байдлаар дэлхийн чансаанд 21-45 дугаар байранд бичигдэж буй ҮОХ-нд 1 мандат олгогдсоны дагуу манай улс 1992 оноос хойш анх удаа дугуйн төрөлд оролцох эрхтэй болсон ба энэ зарчмын дагуу хамгийн өндөр чансаатай С.Жамбалжамц олимпын уралдаанд оролцож, Б.Тэгшбаяр нөөц тамирчнаар бүртгэгдсэн байна. Ингээд Монголын дугуйн холбооны шийдвэрээр Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамц хоёр төрөлд олимпын замд гарч уралджээ.

Эрх авсан тамирчдын 50 хувьд нь албаны хүмүүс явах журамтай

“Олимпын наадмын мандат буюу Olympic Identity and Accreditation Card нь ОУОХ-оос батлагдсан тусгай журмын хүрээнд олгогддог наадамд оролцогсдын хамгийн том бичиг баримт юм. Ингэхдээ тухайн улсаас эрх авсан тамирчдын тоотой уялдуулан албаны хүмүүсийн эрхийг олгодог учиртай.

  • Тухайн улсын албаны хүмүүст ноогдох мандатын тоо нь нийт эрх авсан тамирчдын 50%-тай тэнцүү байна. Энэ зарчмын дагуу Монгол Улс 32 тамирчин эрх авсан учир 16 албаны хүн буюу “team officials” оруулах боломжтой болсон. Үүнд МҮОХ-ны штабын ажилтнууд, шигшээ багийн дасгалжуулагчид болон бусад албан хаагчид бүгд багтана. Албаны хүмүүс нь зөвхөн тухайн спортын тэмцээн явагдах заал танхим болон бэлтгэлийн зааланд нэвтрэх эрхтэй мандаттай байдаг.

16 албаны мандатын 8 нь солигдох боломжтой байдлаар зохицуулдаг. Энэ нь олон өдрийн турш үргэлжилдэг, жингийн ялгаатай спортын төрлийн багш, дасгалжуулагчдын оролцоог хангах үүднээс хэрэгждэг журам юм. Манай улсаас жүдо, чөлөөт бөх зэрэг спортын дасгалжуулагч, албаны төлөөлөгчдийн мандатыг төлөвлөсөн байна.

Жишээ нь жудо бөхийн төрөлд 10 тамирчин эрх авсан тул арын албанд 5 мандат олгогдоно. Үүний тал нь солигдох боломжтой байдлаар зохицуулагдсан гэсэн үг.

  • МҮОХ-оос олимпын эрх авсан спорт холбоодод нийт тамирчдын 50%-тай тэнцэх квотод багтах албаны хүмүүсийн нэрсийг илгээхийг хүсэж, холбоодоос ирүүлсэн нэрсийн дагуу мандатыг захиалдаг. Холбоо бүр өөрсдийн спортын онцлог, бодлогын дагуу багийн бүрэлдэхүүнээ үүсгэдэг ажээ.

Тиймээс тамирчнаасаа их албаны хүн явах боломж огт байхгүй.

Олимпод оролцож буй баг тамирчид болон арын албаныхны зардлыг хаанаас гаргадаг тухай:

Олон Улсын Олимпын Хорооны гишүүд (IOC) болон хүндэт зочид ОУОХ-ны зардлаар явдаг. Олон Улсын Олимпын Хорооны гишүүнээр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, хүндэт гишүүний жагсаалтад Ш.Магван нар байдаг. Тэд тусгай урилгаар гурав хүртэлх дагалдах хүний зардлаа ОУОХ-оос гаргуулах эрхтэй.

Үүнээс гадна МҮОХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга тус хорооны штабын ажилтнуудын зардлыг ОУОХ-ны Эв нэгдлийн сангаас гаргадаг.

ХэнДагалдах зочид Зардал
Шигшээ баг (Замын зардал )Биеийн Тамир Спортын Улсын Хороо
Тамирчдын (тосгонд амьдрах зардал)Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)
МҮОХ-ны Ерөнхийлөгч1ОУОХ-ны Эв нэгдлийн сан
МҮОХ-ны нарийн бичгийн дарга1ОУОХ-ны Эв нэгдлийн сан
Штабын ажилчидОУОХ-ны Эв нэгдлийн сан
МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдХувиасаа
Спортын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтанХувиасаа
ОУОХ-ны гишүүн (IOC)3ОУОХ
Ерөнхийлөгч1ОУОХ
Ерөнхий сайд1ОУОХ
Спортын сайд1ОУОХ
Тайлбар: Ерөнхийлөгч, ерөнхий сайд 2 албаны ажилтан, 2 хамгаалалтын ажилтантай байхыг зөвшөөрдөг.

Тэмцээнийг зохион байгуулах хорооноос тухайн улс орны хүндэт зочдод “Dignitaries” ангиллын мандатыг олгодог. Уг мандат нь зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Спортын сайдад хамаардаг. Ерөнхийлөгч, ерөнхий сайд 1 дагалдах зочин, 2 албаны ажилтан, 2 хамгаалалтын ажилтантай байхыг зөвшөөрдөг бол Спортын сайдад зөвхөн нэг зочин дагалдана. Эдгээр зардлыг Олон Улсын Олимпын Хорооноос гаргадаг.

Яагаад олон хүн Парисын Олимп үзэж байгаа зураг бичлэг хуваалцаад байна вэ?

Өмнө нь тухайн улсын ҮОХ-той гэрээ байгуулсан аяллын компани л онцгой эрхтэйгээр өөрсдийн улс орондоо тасалбар борлуулах эрхийг эзэмшдэг байв. харин энэ удаагийн Олимпын наадмаас эхлэн ОУОХ-оос тэмцээн уралдааны тасалбарыг онлайнаар нээлттэй худалдаалах болсон. Тиймээс энэ жилийн наадамд үзэгчээр оролцох боломжтой хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Монгол Улсаас хэдэн ч хүн онлайнаар тасалбар худалдан авах боломжтой болсон гэсэн үг.

Мөн МҮОХ-ны хэвлэл хариуцсан багаас “Visa, Coca Cola зэрэг ОУОХ-ны TOP ангиллын ивээн тэтгэгчид VIP Hospitality ангиллын тасалбаруудыг авдаг. Монголд тухайн брэндүүдийг эзэмшигч компаниуд ажилчин албан хаагчдаа явуулах, сугалаа зохиож харилцагчдаа илгээх зэргээр мөн зохион байгуулалт хийдэг уламжлалтай. Энэ удаад ч Монголын нэр бүхий компаниуд энэ хүрээнд урамшуулалт аян, кампанит ажлуудыг ихээр зохион байгуулсан бөгөөд энэ бүх зардал тухайн байгууллага, хувийн хэвшилтэй хамааралтай” гэх тодруулгыг бидэнд өгсөн.

Монголын Үндэсний Олимпын Хороо албан ёсны фейсбүүк хуудастаа 2024 оны 08-р сарын 04-нд шалгасан мэдээлэлтэй холбоотой мэдэгдэл хийснийг доорх зургаас харах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document