2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Эмүжин нэртэй Фэйсбүүк пэйж “Нөгөө трансжендэр гээд боксын эмэгтэй ангилалд бүсгүй хүн зодоод байгаа Алжирын И. Хэлиф чинь 245-хан хоногийн өмнө эрэгтэй гэж өөрийгөө бүртгүүлээд рингэнд гарч байсан байна. Эрчүүдтэй нүдэлддэг хүний цохилтыг эмэгтэй хүн яаж даадаг юм, энэ хүнийг 66кг-аас хасах хэрэгтэй.” хэмээн түгээжээ. Уг пост нь 3900 гаруй реакц, 398 сэтгэгдэл авч, 463 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Имане Хэлиф биологийн хувьд эрэгтэй юу, эсвэл трансжендэр эмэгтэй юу?
Имане Хэлиф биологийн хувьд эрэгтэй, эсвэл хүйсээ солиулж трансжендэр болсон гэсэн баримт байхгүй. Алжир улсын хувьд хүйсээ солиулах нь хууль бус зүйл бөгөөд хүн төрөлхтөн, байгалиас гажууд зүйл гэж үздэг байна. Иймд Алжир улсыг төлөөлөн Олимпын эмэгтэй төрөлд трансжендэр эмэгтэй оролцох боломжгүй юм.
Мөн 2022 оны ДАШТ-д Имане Хэлифийг ялж байсан Эми Броадхурст Х (хуучнаар Твиттер) хуудсандаа “Миний бодлоор Хэлиф булхайцах ямар нэг буруу зүйл хийгээгүй. Тэр тэгж л төрсөн, тэрийгээ өөрөө удирдах ямар ч боломжгүй шүү дээ. Өмнө нь Хэлифийг есөн ч эмэгтэй тамирчин ялж байснаас үзвэл ойлгомжтой биз ээ” хэмээн жиргэжээ.
Түгээсэн зураг дээр эмэгтэй боксчдын тулаан болж байна
Зургаар хайлт хийхэд Имане Хэлиф Инстаграм дээрээ нийтэлсэн бичлэгийн хэсэг болохыг эндээс үзээрэй. Уг бичлэг нь Имане Хэлиф болон Тайландын боксын тамирчин Suwanun Antanai нарын Сингапурт болсон тулааны хэсэг юм. Тайландын тамирчин Suwanun Antanai нь Хэлифийн адил мөн эмэгтэй тамирчин гэдгийг доорх зургаас харж болно.
Дүгнээд хэлбэл, түгээсэн зургийн хэсэг болох 245 хоногийн өмнө буюу 2023 оны 11 сард болсон тулаан нь Хэлиф болон Suwanun Antanai гэх эмэгтэй тамирчдын дунд болсон аж. Иймд “Хэлиф 245 хоногийн эрэгтэй төрөлд орж тулалдсан байна” гэх мэдээлэл худал юм.
Мөн бид өмнө нь Имане Хэлиф болон Лин Юу-Тинг нар баримт шалгалт хийснийг эндээс дэлгэрэнгүй үзээрэй.