2024 оны долоодугаар сарын 17-ны өдөр Chimeddamba Dulamsuren гэх хаягнаас “Тэрэлжээс Сонсголонгийн гүүр хүртэлх голын уснаас дээж авч шинжлэхэд бүх байршлаас маш ноцтой гэдэсний савханцар илэрчээ” гэх постыг нийтэлжээ. Уг пост 226 реакц, 3 сэтгэгдэл авч 673 удаа цааш түгээгджээ.
Бид дараах байдлаар шалгалт хийлээ
Уг мэдээллийн талаарх мэдээллийг Усны газрын дарга З.Батбаяраас тодруулахад, “2024 оны тавдугаар сарын 11-ний өдөр Тэрэлжийн гүүр орчмоос Сонсголонгийн гүүр хүртэл хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдээс буюу Тэрэлжийн гүүр, Маршлын гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүрний дороос усны дээж авсан. Ингэхэд гэдэсний бүлгийн савханцар, бактериуд бүх цэгээс илэрсэн. Үүнээс гадна борооны хөрсөнд тогтсон тогтоол ус болон дээврийн усанд харьцуулсан шинжилгээ хийхэд хөрсний ил гадаргын тогтоол ус маш их бохирдолтой илэрсэн. Энэ нь стандарт бус нүхэн жорлон, хөрсний бохирдолтой холбоотой. Бид гадаргын ус, голын усанд орохыг хориглох тухай хүсэлтийг Эрүүл мэндийн яамд хүргүүлсэн байгаа” гэлээ.
Гэдэсний савханцар гэж юу вэ?
E.coli нь хүн, амьтны хоол боловсруулан шингээх эрхтэн тогтолцоонд микрофлор шинжтэй тогтмол оршдог.
Анх 1886 онд Австрийн эмч Т.Эшерих хүний ялгадсаас бактер илрүүлж Escherichia Coli гэж нэрлэсэн ба Enterobacteriaceae-ийн язгуурын Escherichia төрөлд хамаарагдах бие даасан зүйл юм.
E.Coli-г гэдэсний савханцар гэх бөгөөд хүчилтөрөгчгүй орчинд өсч үрждэг, хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөгөөр эмгэг төрөгч шинж төлөвт хувирч хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, шээс бэлгийн замын үрэвсэл, менингит болон бусад өвчнийг үүсгэдэг.
Коли савханцар нь хор ялгаруулан гэдэсний халдварт өвчний шалтгаан болдгийг Г.Н.Габричевский 1894 онд туршлагаар нотолж, E.Coli-ийн зарим өсгөвөр нь илэрхий хордлого үүсгэдэг болохыг А.И.Доброхотов 1927 онд өөртөө халдварлуулан тогтоож, эрдэмтэн А.Адам 1922 онд биохимийн аргаар гэдэсний савханцарын шинж чанрыг гүнзгийрүүлэн судлаж, эмгэг төрүүлэгч хүрээнүүдийг ялгасан ба эрдэмтэн Ф.Кауфманы 1942-1945 онд боловсруулсан ийлдэс судлалын шинжилгээний арга зэрэг нь E.Coli-ийн халдварын эмгэг төрөгч омгуудын орчин үеийн ангиллын үндсийг тавьсан байна.
E.Coli нь хоол боловсруулах эрхтнээс өөр эрхтэн тогтолцоонд шилжвэл, тухайн газраа дасан зохицож чадахгүй эмгэг үүсгэнэ. Гэдэсний савханцар нь шууд өвчин үүсгэхгүй ч хүний биед удаан хугацаагаар хадгалагдаж олон төрлийн халдвар, эмгэгийн үндэс болдог. Энэхүү бактери нь өтгөн, хоол хүнс, ахуйн хавьтлаар дамждаг.
Дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай:
- Шээсний сувгийн үрэвсэл
- Шээс, бэлгийн замын халдварт өвчин (UTI)
- Өндгөвчний үрэвсэл
- Төмсөгний үрийн шингэн зөөгч сувгийн үрэвсэл
- Төмсөгний үрэвсэл
- Төмсөгний сувгийн ба төмсөгний үрэвсэл хавсарсан
- Цистит
- Бөөрний тэвшинцрийн үрэвсэл
- Бөөрний дутагдал
- Түрүү булчирхайны үрэвсэл
- Цөсний хүүдийн үрэвсэл
- Цөсний сувгийн үрэвсэл
- Уушгины үрэвсэл
- Цус багадалт
- Хүүхдийн төрөлхийн нуруу нугас, тархины хальсны үрэвсэл зэрэг юм.
Энэ тохиолдолд хэрхэн сэргийлэх вэ?
- Гараа тогтмол угаах
- Аюулгүй ундны ус, түүхий эдийг сонго
- Голын ус, тогтоол усанд орохгүй байх
- Ил задгай шарсан, хуурсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Хоол хүнсээ гүйцэт боловсруулж хэрэглэх