Сена мөрөнд сэлсэн тамирчин усны чанар биш халуун, их ус залгиснаас бөөлжсөн хэмээн мэдэгдсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1073

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сена мөрөнд сэлсэн тамирчин усан дахь бактерийн хэмжээнээс шалтгаалж бөөлжсөн гэх бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Триатлоны тамирчин Тайлэр Миславчук халуун болон их хэмжээний ус залгисан нь бөөлжих шалтгаан болсон тухай тайлбарласан.

Парис хотод болж буй 2024 оны зуны Олимпын наадамтай холбоотой Сена мөрөнд сэлсэн тамирчин усан дахь бактерийн хэмжээнээс шалтгаалж бөөлжсөн гэх бичлэгийг Delgermaa Beckbat гэх хаяг түгээжээ (архивлагдсан хувилбар). Тус 3 секундийн бичлэгт цагаан улаан өмсгөлтэй тамирчин бөөлжиж буй харагдах ба бичлэгийг тайлбарлан “Сена мөрөнд сэлсэн тамирчид шууд бөөлжжээ. Бактерийн хэмжээ асар их байсан байна.” хэмээн мэдээлсэн байна.

Бичлэгт бөөлжсөн тамирчин нь триатлон буюу гүйлт, сэлэлт, дугуй унах хосолсон тэмцээнд оролцсон ба тэрээр бөөлжсөн тухайгаа тайлбарлахдаа халуунаас болж бөөлжсөн гэдгээ мэдэгдсэн байна.

Бид бөөлжсөн тамирчны тухай мэдээллийг хайхад тус тамирчин нь Канадын триатлоны тамирчин Тайлэр Миславчук (Tyler Mislawchuk) болохыг тогтоосон. Тэрээр 07 дугаар сарын 31-нд болсон уралдаанд 9-р байр эзлэн өндөрлүүлсэний дараа 10 удаа бөөлжсөн тухайгаа Triathlon сэтгүүлд ярилцлага өгсөн яриандаа мэдэгдэхдээ тэмцээний сүүл хэсэгт халуун байсныг онцолсон байна (архивлагдсан хувилбар). Түүнчлэн CBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Уралдааны үеэр их хэмжээний ус залгисан. Усны чанартай огт хамааралгүй. Миний гэдэс дүүрсэн байсан нь уралдаанд намайг хойш татах нэг шалтгаан болж байсан. Нэмээд 1 цаг 40 минут өөрийгөө хүчлэхэд ямар нэг зүйл болох нь тодорхой.” хэмээн таагүй үйл явдлынхаа талаар тайлбарласан байна.

Хэдийгээр Сена мөрний чанар нь усанд сэлэлтийн тэмцээн зохион байгуулах шаардлагад нийцэх эсэх нь асуудал дагуулж байсан ч тэмцээнд оролцсон тамирчид бөөлжих зэрэг хүндрэлтэй учирсан тухай баримт одоогоор байхгүй (мөн энд)байна. Харин триатлон зэрэг урт хугацаанд тэсвэр, хүч шаардсан уралдаан, хүчний дасгалын үед эсвэл дараа бөөлжих, толгой эргэх, өвдөх гэх мэт шинж тэмдэг илрэх тохиолдол нь ердийн үзэгдэл (энд бас энд) байдаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document