2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Zayas Xbet нэртэй Фейсбүүк хэрэглэгч “Эрэгтэй боловч өөрийгөө эмэгтэй гэж боддог Имане Хэлиф гэдэг залуу маргааш олимпын рингд эмэгтэйчүүдтэй өрсөлдөнө” хэмээн түгээжээ. Тус пост нь 76 реакц, 15 сэтгэгдэл авч, 56 удаа цааш түгээгджээ.
Алжир улсын эмэгтэй боксын тамирчин Имане Хэлиф болон Тайваны эмэгтэй боксын тамирчин Лин Юу-Тинг нарыг Олон Улсын Боксын Холбоо 2023 оны боксын ДАШТ-ээс хүйсийн асуудлаас болж хассан билээ. Учир нь “Хэлиф болон Юу-Тинг нараас эр буюу XY хромосом илэрсэн” хэмээн ОУБХ-ны ерөнхийлөгч Юмар Клемлев ОХУ-ын хэвлэл мэдээллийн алба TASS-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Олон Улсын Олимпын Хорооны хувьд Олон Улсын Боксын Холбоо нь хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бус тул тэдний гаргасан шийдвэр хамаагүй гэж үзжээ. ОУОХ “Ганц хромосомоор хүйсийг тодорхойлох боломжгүй. Боксын төрөлд оролцож буй бүх тамирчид Парис 2024 боксын журмын 1.4 болон 3.1-д заасан тэмцээнд оролцох эрх болон элсэлтийн дүрэм, мөн эрүүл мэндийн шаардлагыг бүгдийг нь хангасан” хэмээн мэдэгджээ.

3.1-т эрүүл мэндийн үзлэг, бичиг баримтуудаас гадна эмэгтэй боксчид жирэмслэхгүй байх мэдэгдэлд гарын үсэг зурсан байхыг шаарддаг.

Дүгнээд хэлбэл, хоёр тамирчин хүйсийн асуудлаас болж 2023 оны боксын ДАШТ-д оролцох эрхээ хасуулсан ч, Олон Улсын Олимпын Хорооны дүрэм, журамд харшлах зүйл байгаагүй гэж үзсэн тул уг тамирчдыг Парис 2024 боксын эмэгтэй төрөлд оролцуулахаар болжээ.