Цагдаагийн алба хаагчийн нэр, зургийг ашиглан ташаа мэдээлэл түгээсээр байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1067

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АТГын үүднээс барьж авч яваад зодсон цагдаа нарын нэг нь гэсэн үг үү” гэсэн тайлбартай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Олон нийтийн сүлжээгээр цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагах зорилгоор дээрх мэдээлэлтэй холбоотойгоор дэд ахлагч Г.Баярсайханы зургийг ашиглан хуурамч мэдээлэл түгээж байгаагийн нэг хэлбэр нь цагдаагийн дүрэмт хувцастай зургийг тавьж, хэрэгт шалгагдаж байгаад эмнэлэгт гартаа гавтай нас барсан 21 настай хүүгийн хэрэгт холбогдуулан, “түүнийг зодсон цагдаа” гэх мэтээр түгээж байна.

2024 оны 07 дугаар сарын 31-нд Отгонтуяа Д. нэртэй хаягаас “АТГын үүднээс барьж авч яваад зодсон цагдаа нарын нэг нь гэсэн үг үү” гэсэн тайлбартай жиргээний зургийг постолсон байна. Уг зураг дахь жиргээнд Хатан нэртэй Х хэрэглэгчийн хаягаас “Энэ нөхөр 21 настай хүүг зодож бэртээсэн юм аа даа” гэсэн тайлбартай, цагдаагийн алба хаагчийн зургийг оруулсан байна. Уг пост 15 цагийн дараах байдлаар 11 реакц, 61 сэтгэгдэл авч, 30 удаа цааш түгээгдээд байна.

Постод оруулсан цагдаагийн алба хаагчийн зураг нь 07 дугаар сарын 30-нд улсын начин Ө.Б зам тээврийн ослоор харамсалтайгаар амь насаа алдсан тухай мэдээллийн дор зохисгүй сэтгэгдэл үлдээсэн хаяг буюу “Gongor Bayarsaihan” гэх нэртэй, цагдаагийн ногоон хантаазтай хүний зурагтай ижил байна.

Тухайн зохисгүй сэтгэгдэл үлдээж байгаа хаяг болох “Gongor Bayarsaihan” нэртэй хаягийн user ID нь 100041380335527 байна. Тус хаяг нь цагдаагийн дэд ахлагч Г.Баярсайханы нэр зургийг ашиглан олон нийтийн сүлжээнд зохисгүй мэдээлэл үлдээж байгаа аж.

Цахим орчинд цагдаагийн нэр хүндийг унагасан, хүн чанаргүй гэх мэтээр шүүмжлүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн пэйжид тодруулга гаргажээ. Уг тодруулгад “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Г.Баярсайхан нь “Gongor Bayarsaihan” фэйсбүүк хаягаа 2023 оны 11 сард алдсан талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гаргаснаар шалгалтын ажиллагааг хийж, тухайн хаягийг устгах арга хэмжээ авч байсан. Дээрх цагдаагийн алба хаагчийн зураг, нэрийг ашиглан дахин шинээр хуурамч хаяг нээж, олон нийтийн сүлжээнд зохисгүй мэдээлэл нийтэлж байгаа асуудлыг Дотоод хяналт, аюулгүй байдлын газар болон Баянгол дүүрэг дэх цагдаагийн газраас шалгаж байна” гэсэн байна.

Өөрөөс нь тодруулсан нь:

Хаягаа алдсан гэх дэд ахлагч Г.Баярсайхантай холбогдож тодруулахад “2023 оны 11 дүгээр сард хаягаа алдсанаа мэдэж, 12 сард Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргасан. Одоо би өөр хаягтай, олон нийтийн сүлжээнд тийм сэтгэгдэл үлдээгээгүй” гэсэн юм.

Цагдаагийн алба хаагчийн нэр, зургийг ашигласан хуурамч хаягийн user ID нь 100041380335527 бол дэд ахлагч Г.Баярсайханы хаягийн линк нь “bayarsaihan.gongor.7” гэх нэрээрээ байна.

Олон нийтийн сүлжээгээр цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагах зорилгоор дээрх мэдээлэлтэй холбоотойгоор дэд ахлагч Г.Баярсайханы зургийг ашиглан хуурамч мэдээлэл түгээж байгаагийн нэг хэлбэр нь цагдаагийн дүрэмт хувцастай зургийг нь тавьж, өөр хэрэгт холбогдуулан, “21 настай хүүг зодсон цагдаа” гэх мэтээр түгээж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document