2024 оны 8-р сарын 06-нд Amway Amway нэртэй хуудаснаас “Хятад улсын хуурамч бүтээгдэхүүнээс болгоомжил. Кока Колаг ингэж хийдэг. Зүгээр л хор гэх ” тексттэй хэд хэдэн хүн шингэж лаазанд гараараа хийж байгаа богино хэмжээний бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 955 реакц, 130 сэтгэгдэл авч, 2,700 гаруй удаа түгээгджээ.
Хэдий тус бичлэг нь 2023 онд нийтлэгдсэн ч хэрэглэгчид одоо ч түгээсээр байгаа учир бид баримт шалгалт хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийн нэг хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад 2017 оны 05-р сарын 31-нд Хонг Конгын South China Morning Post ,Их Британийн Daily Mail болон Fox 11 Los Angeles мэдээллийн сайтад Хятадын хуурамч шар айргийн үйлдвэр Budweiser шар айргийн хоосон лаазыг дүүргэж байна гэх агуулгатай мэдээлжээ.
Тодруулбал Daily Mail сайтад “Budweiser компани уг бичлэг нь хуурамч шар айргийн үйлдвэрт хийгдсэн” хэмээн мэдээлсэн. Budweiser компани нь эрүүл ахуй, ундааны чанарт үйлдвэрлэлийн хатуу стандартыг баримталдаг. Тэд мөн хуурамч шар айргийн үйлдвэрийг илрүүлэхийн тулд холбогдох байгууллагуудтай холбоо барина гэдгээ мэдэгджээ.
Мөн Хятадын People’s Daily мэдээллийн сайтад “05 сарын 29-нд Хятад дахь Budweiser-ийн борлуулалтын компани Sina Weibo дээр мэдэгдэл хийж, тус компани далд үйлдвэрийн талаар цагдаад мэдэгдсэн бөгөөд хуулийн дагуу арга хэмжээ авах эрхтэй гэж Хунан эдийн засгийн телевиз мэдээлэв. Budweiser нь чанарын хяналтын хатуу системээр бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн аюулгүй байдлыг чухалчилсаар ирсэн гэдгийг тус компани онцоллоо. Мөн мэдэгдэлд Budweiser хэзээ ч үйлдвэрлэл, сав баглаа боодлын чиглэлээр гуравдагч талын түнш хайж байгаагүй гэж тэмдэглэжээ” гэх мэдээллийг нийтэлжээ.
Шалгасан бичлэгт “хуурамч Кока Кола” гэж мэдээлсэн боловч бичлэгт Budweiser шар айргийн лааз байна. Мөн Хятад дахь Budweiser-ийн борлуулалтын компани тус бичлэгийг хуурамч үйлдвэрийнх хэмээн мэдэгдэж, цагдаад хандан шаардлагатай арга хэмжээ авна гэдгээ зарлажээ.