2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Алтангаригийн Бүддорж гэх хаягнаас “Хятадын болон барууны сайтууд дээр эрчимтэй явагдаж буй Монголын газар нутгийг зарах дамлах,баялгийг худалдах заруудыг шалгуулмаар” гэж нийтэлжээ. Уг пост 1300 гаруй реакц, 130 сэтгэгдэл, 3600 удаа цааш түгээгджээ.
Бид дараах байдлаар шалгалт хийлээ
Уг мэдээллийн талаар Google хайлтын цэснээс хайхад Century 21 global гэх олон улсын үл хөдлөх хөрөнгийн худалдааны сайт дээрх мэдээлэл илэрлээ.
Century 21 үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн зарын сайтад байгаа Монгол Улс дахь үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, түрээслэх зарууд нь газрыг, түүний доорх баялагтай нь хамт худалдана гэсэн үг биш юм.
Уг сайт нь дэлхийн үл хөдлөх хөрөнгийн франчайзер болох Century 21 Real Estate ХХК-ийн олон улсын вэбсайт юм. Энэ сайт нь янз бүрийн улс орнуудад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, зарах, түрээслэх талаарх мэдээллийг өгдөг. Энэ нь дэлхий даяар үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг олох хайлтын функц, мөн орон сууц худалдан авагч, худалдагч, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдэд зориулсан нөөц, хэрэгслийг санал болгодог байна. Дэлхийн 80 гаруй оронд франчайз эрх эзэмшдэг Century 21 бол дэлхийн хамгийн алдартай үл хөдлөх хөрөнгийн брэнд бөгөөд Монгол дахь албан ёсны үйл ажиллагаа явуулдаг салбартай. Гэхдээ энэ салбар сайтад зөвхөн Монголын газар нутаг дотроо үл хөдлөх хөрөнгө зарах, түрээслэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна.
Газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх ба гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэхийг хориглодог
Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 3-т:
- “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэж заасан.
Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ба 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж зохицуулжээ.
Тиймээс шалгасан мэдээллийн өгч буй ойлголт болох “Монголын газрыг гаднын сайтуудад зарахаар зар өгөөд, газрын доорх баялгийн хамт худалдаж авсан хүний өмчлөлд өгөх” юм шиг байдал үүсэх боломжгүй. Учир нь Үндсэн хуулиар “газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан.