Халуунд хүйтэн ус уух нь дэлүүг муутгана гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1063

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Халуун цаг агаартай үед хүйтэн ус уухад дэлүү муудсанаас болж цус өтгөрдөг гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дэлүү хэвийн ажиллахаа болиход цусны эс, ялтасын тоо багасаж цус шингэрэх, цус багадалттай болдог. Харин цус өтгөрөх нь цусны эс, уургийн тоо нэмэгдсэнтэй холбоотой байна. Халуунд хүйтэн ус уух нь дэлүүнд ямар ч нөлөөгүй, зүрх судасны өвчтэй хүмүүст эрсдэлтэй байна.

2024 оны 07-р сарын 23-нд Game Writer нэртэй хаягаас “Delhiin Mongolchuudyn – MGLRADIO 88.3 sonsogchdyn negdsen group” бүлгэмд “Халуун байхад хүйтэн ус байнга ууж цангаа тайлдаг бол цус өтгөрнө. Яагаад гэвэл дэлүү мууддаг гэнэ” гэх мэдээллийг түгээжээ. Тус пост нь нийт 182 реакц, 38 сэтгэгдэл авч, 158 удаа цааш түгээгджээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Дэлүү нь цусыг хадгалж, шүүхээс гадна халдвараас хамгаалдаг цагаан эсийг үүсгэдэг. Мөн цусанд нэвтэрч буй нянгийн эсрэг тэмцэж, цусны эсийн түвшинг хянадаг (цагаан болон улаан эсний ялтас), цусыг шүүж, хуучин эсвэл гэмтсэн улаан эсийг устгах, бие дэх шингэний хэмжээг тогтоох, халдвараас хамгаалах эсрэг бие үүсгэх үүрэгтэй.

Их Британий Үндэсний эрүүл мэндийн албаны албан ёсны сайтад мэдээлснээр дэлүү хэвийн ажиллахгүй бол эрүүл цусны эсийг устгаж эхэлдэг. Ингэснээр:

  • цусны улаан эсийн тоо буурч, цус багадалттай болох,
  • цусны цагаан эсийн тоо багассанаар халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх,
  • ялтасын тоо багассанаар үүдэлтэй цус алдалт аль эсвэл хөхрөлт үүсэх боломжтой хэмээжээ.

Цусан дахь уураг, эсийн тэнцвэргүй байдлаас үүдэн цус өтгөрдөг. Энэ нь цусны улаан, цагаан эс эсвэл уураг хэт ихэссэнээс үүдэх юм.  Цус өтгөрөлттэй үед  цус бүлэгнэх эрсдэл өндөр байдаг. Мөн цус өтгөрснөөр биеийн эрхтнүүдэд хүрэх хүчилтөрөгчийн хэмжээ багасах, цус харвалт, зүрхний шигдээс үүсгэх эрсдэлтэй.

Цус өтгөрөл нь ихэнх тохиолдолд удамшлын шинжтэй. Гэхдээ цус өтгөрөх болон цусны бүлэн үүсэж байгаа тохиолдолд удамшлын гэлтгүйгээр дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.

  • Дасгал хөдөлгөөнгүй байх
  • Таргалалттай байх
  • Тамхи татах
  • Жирэмслэлтээс хамгаалах дааврын аргууд хэрэглэх
  • Жирэмсэн эсхүл дөнгөж хүүхэд төрүүлсэн
  • Кроны өвчин эсхүл Ревматоид эмгэгтэй байх

Дэлүү хэвийн ажиллахаа болиход цусны эс, ялтасын тоо багасаж цус шингэрэх, цус багадалттай болдог. Харин цус өтгөрөх нь цусны эс, уургийн тоо нэмэгдсэнтэй холбоотой байна.

Мөн Олон улсын баримт шалгах төвийн гишүүн VeraFiles болон Rappler баримт шалгах төв “халуун цаг агаартай үед хүйтэн ус уух, хүйтэн усанд орох” тухай мэдээлэлд баримт шалгалт хийж тайлагнажээ.

  • VeraFiles баримт шалгалтын тайланд Филиппиний мэдрэлийн эмч Рейес “Хүйтэн усанд орох нь амьсгалын хяналт алдагдах, цусны судас нарийсаж, цусны даралт ихсэх зэрэг “хүйтэн цочрол” үүсгэдэг. Гэхдээ эрүүл хүмүүс хүйтэн ус уух, хүйтэн усанд ороход асуудалгүй. Энэ нь биеийг хөргөх, хэт халалтаас сэргийлэх, үрэвслийг багасгах зэрэг ашиг тустай. Харин зүрх судасны өвчтэй хүмүүст сайн биш. Цусны даралт ихсэх, зүрхний ачаалал ихсэх, цус харвалт үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг ” хэмээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document