Search

“B Nice 7 Green” тураах цайны талаар албан ёсны мэдээлэл, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа байхгүй байна  

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1060

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Турах нь таргалахаас амархан. Өдөрт ердөө нэг шахмал B_NICE 7 ногоон цайг ууснаар, Сард БАГАДАА 4-5кг-г өөрийн  жингээс хасах боломжтой” гэсэн пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

“B Nice 7 Green тураах цай нь Туркийн Dr.Poin 7 Green бүтээгдэхүүний патентлуулсан хэлбэр” гэж мэдээлсэн боловч эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөл, сертификат, үйлдвэрлэгч компанийн мэдээлэл зэрэг баталгаажуулах мэдээлэл огт байхгүй, зөвхөн сурталчилгааны нүүр байна.

Тэгш Дүүрэн Талст /B Nice/ 9999-7760 8008-8007 гэх хаягаас “Турах нь таргалахаас амархан. Өдөрт ердөө нэг шахмал B_NICE 7 ногоон цайг ууснаар, Сард БАГАДАА 4-5кг-г өөрийн  жингээс хасах боломжтой. / Халуун бүлээн усаа уухаа мартуузай / B_NICE 7 ногоон цай нь хоолны дуршил бууруулж дотор гадар өөхийг шатааж эхэлснээр бие хөнгөрч, ядарч, гүйлгүүлэхгүйгээр биеийн өөхжилд жигд багасаж бүсэлхийн тойрог нарийсна. Мөн биеийг цэвэрлэж хоргүйжүүлэх найрлагатай. Ультра коллагентай хослуулан хэрэглэснээр таны арьс чангарч мөнхийн залуу нас гэрэлтсэн сайхан арьстай болно” гэсэн тйалбартай пост нийтэлжээ.

Бид дараах байдлаар шалгалт хийлээ

Уг бүтээгдэхүүнийг Google Lens хайлтын цэсээс харахад Туркын Dr.Poin 7 Green гэх бүтээгдэхүүн илэрлээ. Dr.Poin бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр патентлуулан B Nice 7 Green болгож худалдаанд гаргасан тухай мэдээлжээ. Түүнчлэн Dr.Poin 7 Green түлхүүр нэрээр хайхад онлайн худалдаагаар л зарж байгаа тухай мэдээллүүд илэрснээс гадна  олон улсын зөвшөөрөлтэй эсэх талаарх албан ёсны мэдээлэл байхгүй байна. Dr.Poin 7 Green бүтээгдэхүүний вэбсайт нь зөвхөн бүтээгдэхүүний танилцуулгыг оруулсан, компанийн тухай, эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөл, сертификат зэрэг албан ёсны мэдээлэлгүй, зөвхөн сурталчилгааны нүүрүүд байна. Уг сатйад тухайн цайг хаван хөөж, хоргүйжүүлж, богино хугацаанд тураах эмийн бус хүнсний нэмэлт гэжээ. Гэвч найдвартай эх сурвалж болохуйц баримт, судалгаа, үйлдвэрлэлийн тухай ямар ч мэдээлэл байхгүй байна.

Үүнээс гадна хэрэглэгчид Туркийн Sikayetvar гэх өөрийн сэтгэгдэл, санал хүслээ илэрхийлдэг сайтад уг бүтээгдэхүүний талаарх гомдол нэлээд гаргасан байна. 

Орчуулга: Би 2022.09.14-ний өдрөөс тураах, хоргүйжүүлэх, өөх хайлуулах Поин бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлсэн. Үр дүн гараагүй. Цадах мэдрэмж ч төрсөнгүй, нэг грамм ч жин хассангүй. Элсэн чихэр шаардахгүй гэж байсан. Энэ нь ч бүтсэнгүй, мөнгийг маань буцааж өгөхийг шаардаж байна. Ямар ч тусламж үзүүлсэнгүй. Би энэ компанид гомдолтой байна. Хуурамч бүтээгдэхүүн зарж, төөрөгдүүлсэн учраас мөнгөө буцааж авахыг хүсэж байна. 

Богино хугацаанд хэт их жин хаях нь эрүүл мэндэд эрсдэлтэй

Мөн долоо хоногт 1-2 фунт (0.45-0.9 кг) жин хасах нь эрүүл бөгөөд аюулгүй хувь юм. Үүнээс илүүг алдах нь хэтэрхий хурдан гэж тооцогддог бөгөөд булчин сулрах, цөсний чулуу үүсэх, хоол тэжээлийн дутагдал, бодисын солилцоо буурах зэрэг эрүүл мэндийн олон асуудалд хүргэж болзошгүй байна. Богино хугацаанд хурдан жингээ хасах нь бодисын солилцоо буурч, хоол тэжээлийн дутагдалд орсноор үс унах, хэт ядрах, өлсөх, жийрхэх, булчин агших, толгой эргэх, өтгөн хаталт эсвэл суулгалт, шингэн алдалт зэрэг шинж тэмдгүүд үзэгдэх магадлалтай.

Тиймээс баталгаат баримтгүй, найдваргүй дуураймал бүтээгдэхүүн авахаас сэргийлэн сайтар судалж байгаарай.  
 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document