2024 оны 06-р сарын 28-нд Том Дэлгүүр нэртэй хуудсаас “Тролл баг ингэж ажилладаг байх нь” гэх тексттэйгээр олон тооны утсыг компьютертой холбон ажиллаж байгаа богино хэмжээний бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 310 реакц, 15 сэтгэгдэл авч, 189 удаа цааш түгээгдэж, 106 мянга гаруй удаа үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид “тролл ферм” гэх агуулгаар хайхад Reuters агентлаг тус бичлэгийг баримтаар шалгаад төөрөгдүүлсэн болохыг тогтоосон баримт шалгалт гарлаа.
Тодруулбал Reuters агентлагийн баримт шалгалтад түгээсэн бичлэг нь дижитал маркетингийн шийдлүүдийг санал болгодог Вьетнамд байрлалтай MIN Software компанийн фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн бичлэг гэдгийг тодотгожээ. Мөн тус компани нь фэйсбүүкд маркетингийн нийтлэл байршуулах автоматжуулалтын программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг. Бичлэг нь “манай программ хангамжийг туршиж буй үйлчлүүлэгчдэд үзүүлэх зорилготой” хэмээн тайлбарласан байна.
MIN Software фэйсбүүк хуудаст 6-р сарын 06-нд нийтлэгдсэн 4 цагийн урттай бичлэгийн ард шалгасан бичлэгт гарсан утас, компьютер байгааг харж болох юм.
Тус компанийн албан ёсны сайтад худалдаалж буй фэйсбүүк, Инстаграмын аккаунт, пэйжийн удирдах software программуудыг үнэ болон төрлөөр ангилан оруулжээ.