2024 оны 4-р сарын 20-нд Байгаль Эх Эрүүл Мэнд нэртэй хуудаснаас “Хэрэв та өдөр бүр бохь зажилбал танд ямар өөрчлөлт гарах вэ?” гэх богино хэмжээний бичлэгийг түгээжээ. Тус бичлэгт өдөр бүр бохь зажилснаар “чихэр идэх хүслийг дараад зогсохгүй таныг өлсөөгүй гэсэн дохиог тархинд өгдөг, тархийг тайвшруулан стрессийг багасгадаг, анхаарал төвлөрлийг ихэсгэдэг, хоол боловсруулахад эерэг нөлөөтэй, ой санамж сайжруулдаг. Иймээс та эрүүл тайван байх боломжтой. Гэхдээ чихэргүй бохийг сонгоорой” гэх агуулгыг дурджээ. Уг бичлэг нь нийт 13,500 гаруй реакц, 277 сэтгэгдэл авч, 1,500 гаруй удаа цааш түгээгдэж, 964 мянга гаруй хэрэглэгч үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2011 онд хийсэн “Жингээ хасах зорилгоор бохь зажлах санамсаргүй хяналттай туршилт” болон 2013 онд хийсэн “Туранхай, таргалалттай насанд хүрэгчдийн амаар боловсруулах оролдлого, хоолны дуршил, эрчим хүчний хэрэглээ” судалгаагаар бохь зажлах нь хоолны дуршил болон өдрийн турш зарцуулах энергийн хэрэглээнд нөлөөлдөггүй гэдгийг харуулжээ.
Харин 2015 онд хийсэн “Бохь зажлах үед мацаг барьдаг, эрүүл, таргалалтгүй эрэгтэйчүүдийн цусан дахь GLP-1 концентрацид үзүүлэх нөлөө”болон 2020 онд хийсэн “Амны- мэдрэхүйн , идэх хурд хэрхэн цатгалан байдалд нөлөөлөх, дотоод шүүрлийн хариу урвалтай холбогдох тухай санамсаргүй туршилт” судалгаагаар бохь зажлах нь хоолны дуршлыг бууруулж, хэт их идэхээс сэргийлж чадахыг харуулжээ. Мөн 2016 онд хийсэн жижиг хэмжээний туршилтаар хоолны хооронд бохь зажлах нь өлсөх мэдрэмж болон ихэвчлэн үдээс хойш иддэг нүүрс ус ихтэй хөнгөн зуушны хэрэглээг бууруулдаг болохыг тогтоосон.
Мөн хэд хэдэн судалгаагаар аливаа үйлдэл хийж байхдаа бохь зажлах нь сонор сэрэмж, санах ой, ойлголт, шийдвэр гаргах зэрэг тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг тогтоосон. Ой санамжид үзүүлэх нөлөө нь зөвхөн бохь зажлах үед л үргэлжилдэг болохыг харуулжээ. (энд бас энд)
Хэт их бохь зажлах нь эрүүний эмгэг үүсгэх боломжтой
Тогтмол бохь зажлах нь эрүүний үе, булчин, шүдэнд хэт их хүч өгч эрүүний эмгэг үүсгэдэг. Энэ нь хэт ачаалал өгч, тэнцвэргүй байдлыг бий болгож, буруу байрлалд оруулах эрсдэлтэй. Хэт их бохь зажилснаар толгой, эрүү өвдөх, эрүүний үе товших, шүд хугарах хүртэл сөрөг нөлөө үзүүлж болно. Эрүүний эмгэгтэй хүн бохь зажлахгүй байх хэрэгтэйг зөвлөжээ.
Шалгасан мэдээлэлд бохь зажлах сайн талуудыг дурдсан ч сөрөг талуудыг огт нэрлээгүй байна. Иймд бохь үргэлж зажлахгүй, тааруулж хэрэглэх нь зүйтэй.
Зарим сахар агуулаагүй бохинд ксилитол, сорбитол, маннитол, эритритол эрэг чихрийн спирт агуулагддаг. Эдгээр нь суулгалт, гэдэсний хий үүсэх зэрэг ходоод гэдсэнд нөлөөлөх шинж тэмдэг үүсгэдэг. Ихэвчлэн гэдэс цочролын хам шинжтэй хүмүүст (irritable bowl syndrom) нөлөөлдөг бөгөөд ходоод нь чихрийн спирт шингээж чаддаггүйтэй холбоотой. Мөн чихрийн спирт нь зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний шинж тэмдгийг нэмдэг.